Орчин үед хуурамч мэдээ шиг элбэг юм байхаа болилоо. Хуурамч мэдээ буюу худлаа ярихын хор уршгийг хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш балгийг нь амсаж, “Энэ буруу юм байна” гэж үр хүүхэд, хойч үедээ сургасаар ирсэн.
Оросын сонгодог зохиолч, ёгт үлгэрч И.А.Крыловын “Чоно ирлээ” гэх үлгэрийг хүмүүс мэднэ дээ. Уг ёгт үлгэрт хонь хариулж явсан хүү “Чоно ирлээ” хэмээн тоглоом шоглоом болгож хашгиртал тосгоныхон нь санд мэнд гүйлдэж, сандралдсаар ирэхэд өөдөөс нь хөвгүүн элгээ хөштөл инээж баясдаг. Хоёр дахь удаагаа мөн л “Чоно ирлээ!” гэж хашгирахад эхний удаад хууртагдсан тосгоныхон айхавтар анхаараагүй ч нэлээд хэдэн хүн очдог. Тэгтэл мөн л худлаа дуудаж, тоглоом хийсэн байдаг. Гэтэл маргааш нь хүүг хонио хариулаад явж байтал чоно жинхэнээсээ хүрч ирж сүрэг нь рүү дайрч, хуйлруулахад хүү айж цочин уйлан хайлан “Чоно ирлээ” гэж хичнээн ч орилоод тосгоныхон ирдэггүй. Ингээд хүү хамаг хонио чононд бариулж буйгаар үлгэр төгсдөг. Энэ үлгэрийг дээхнэ үеийн сурах бичигт байсныг манайхан мэдэх билээ. Худлаа ярих ямар хор уршигтайг хүүхэд, багачуудад ийнхүү үлгэрээр дамжуулж сургаж байжээ.
Тэгтэл өнөөдөр хүн болгон шахуу тэр хоньчин хүү шиг л хуурамч мэдээ тараадаг болсон. Тийм боломжийг нь ч техник технологийн дэвшил нь олгоод өгчихлөө. Бүгд шахуу фэйсбүүк, твиттер хаягтай болчихсоныг хүн бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болчихлоо гэж бас харж болно л доо. Хуурамч мэдээг бүгд машид ихээр үнэмшилтэй хүлээж авч олуулаа шаагьж, шуугиж орж ирээд цааш нь түгээж, тухайн мэдээ бичигчийг дагаж, дэмжиж эхэлцгээдэг. Араасаа олон хүн дагуулж байгаа хүн дээрх үлгэрт гардаг хүү шиг өөрийнх нь мэдээнд үнэмшээд өөрт нь анхаарал хандуулж, өөр дээр нь шавж байгаа хүмүүсийг хараад эго нь хөдөлдөг. Хуурамч мэдээ бичиж байгаа хүн өөрийг нь танихгүй олон хүн тоогоод, өөрт нь анхаарал хандуулаад ирэхээр тэрнээсээ таашаал авч, дахин дахин тэр “гоё” мэдрэмжийг авах гэж улайрдаг.
Орчин цагт хуурамч мэдээг “тунхагласан” нэг үг бий. “Худлыг мянга давтвал нэг үнэн болно” гэж. Энэ бол Адольф Гитлерийн хүн төрөлхтөнд хор хүргэсэн арван үгийнх нь нэг болох “Хэрвээ чи худлаа зүйлийг хангалттай олон удаа ярьж чадвал үнэн болно” гэсэн үгнээс гаралтай. Хуурамч мэдээг үнэнээс дээгүүр тавьсан “Суртал нэвтрүүлгийг чадварлаг хийснээр хүмүүс диваажинг там, адгийн амьдралыг ч аз жаргал болгож харна”, “Ялагчаас хэн ч үнэн ярьсан эсэхийг нь асуудаггүй”, “Аугаа худалчид бас аугаа шидтэнүүд байдаг” гэсэн түүний үгс бий. Ийм үгс гарч ирснээр худлааг үздэггүй хүн төрөлхтөн хуурамч мэдээ, худлаа ярихыг нэг их аюултай биш мэтээр үзэж хүн болгон л “Худлааг мянга давтвал үнэн болдог юм аа” гэж хэлцгээдэг болчихсон. Адольф Гитлер 1933-1945 онд Германыг удирдаж байсан. Төрийн толгойд арав гаруй жил суусан гэсэн үг. Худал үгсээр нийтийг турхирч, худлаа мэдээллээр ард түмнийхээ толгойг эргүүлж, дэлхийн хоёрдугаар дайныг дэгдээснээр 60 гаруй сая хүн амь үрэгдсэний дийлэнх нь энгийн ард иргэд байсан. Худлаа үг чангаар хашгирсаар байгаад төрийн эрхэнд гарч ирсэн ч эцэст нь үхлийн муугаар үхсэн. Ёстой нөгөө гүжрийн өмнө үнэн хүчгүй гэдгийг тэр эрх барьж байхдаа бодитоор нь харуулсан. Гэвч үнэн тээр хойно ч гэсэн сажилсаар л ирдэг гэдгийг ингэж баталсан.
Гэхдээ хүн төрөлхтний уг язгуурт байдаг худлаа үг, худлаа мэдээг таашаадаггүй, худалчийг жигшдэг байдал яг хэвээрээ байгаа л даа. Худлаа мэдээгээр улс орныг залуурдвал дээд тал нь арван жил болоод л түүхээс арчигддаг гэдэг нь ингэж батлагдсан. Бэлээхэн ийм түүх байсаар байтал орчин цагийн нийгэмд худал мэдээ эргээд дэлгэрч байна. Үүнийг нотлох хамгийн сүүлийн жишээ бол Монголд төдийгүй, дэлхий дахинаа коронавирустэй холбоотой элдэв цуу үг, худал мэдээ хөвөрч байна. Хүн төрөлхтөн яагаад ингээд худал мэдээнээс бүрмөсөн салж чаддаггүй, больдоггүй юм бэ?
Яагаад вэ гэвэл худал мэдээ тараагчид эгогоо мэдрэхийн тулд энэ бүхнийг хийдэг. Хуурамч мэдээ, эго хоёр шууд хамааралтай. Худлаа мэдээг сошиал сүлжээ хамгийн ихээр түгээж байгаа. Гэхдээ сошиалаар явж байгаа мэдээ болгоныг худлаа гэх бас адармаатай. Тэгэхээр сошиалаар хөвөрч байгаа мэдээнүүдээс уншигч бээр шүүж, тунгааж үнэнийг нь таних л хэрэгтэй. Уншигч хэрсүүжих хэрэгтэй болсон. Тиймээс сошиалаар явж байгаа мэдээ мэдээлэл бүгдийг хэрэггүй гэж бас туйлширч болохгүй. Болохгүй гэдгийг саяхан коронавирусийн халдвараар нас барсан Хятадын Ухань хотын эмч Ли Вэнлянь нотолсон. Аюултай вирус тархаж буйг, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг энэ залуу хамгийн эхэлж дэлхий нийтэд сануулж байсан ч түүний сануулгыг нутаг нэгтнүүд нь огтхон ч тоолгүй Цагаан сарын баяраа өргөнөөр тэмдэглэцгээсэн. Юманд дүгнэлт хийх чадвартай хүн бол түүний хийсэн бичлэгт итгэж болох үндэслэлүүд байв. Нэгдүгээрт, тэр залуу ард түмний дунд мэргэжлээрээ ажиллаж байсан эмч хүн. Хоёрдугаарт, яг тэр голомтод ажиллаж, амьдарч байсан иргэн хүн байсан. Ингэхээр тэр залуу үнэмшиж болохоор, ядаж бичлэгийг нь гүйлгэж харж болохоор эх сурвалж байсан юм.
Тэгвэл одоо бид ямар ч хамаагүй мэргэжилтэй, юу хийдэг нь тодорхойгүй, эх сурвалж болохооргүй этгээдийн тавьж байгаа мэдээг таньдаг ухамсартай болох шаардлага тулгарч байна. Сошиал сүлжээ баталгаа муутай. Баталгаатай байх ч албагүй л дээ. Тийм үүрэг ч байхгүй. Хувь хүн юугаа бодно уу, юугаа нийтэд харуулж тавина уу өөрийнх нь дурын асуудал. Тэгвэл үнэн мэдээг хаанаас авах юм бэ?
Үнэн мэдээллийг баталгаатай редакци, мэдээллийн мэргэжлийн байгууллагуудаас авах хэрэгтэй. Телевиз, сонин байна. Гэхдээ дижитал хувьсгал гарснаас хойш телевизэд зовлонтой юм их болсон тал бий. Арилгачихаж болдог, бичлэгийг засварлачихаж болдог. Хүний ярьж буй дүрсэн дээр яг өөрийнх нь юм шиг дуу хоолойгоор огт өөр юмыг ярьсан болгоод эвлүүлчихдэг тусгай программ хүртэл бий болчихсон. Ийм болсон болохоор туйлын үнэн гэж хэлэхэд хүндрэлтэй. Тэгэхээр одоо эцсийн үнэн бол өдөр тутмын сонин болсон. Сонин бол тэр чигээрээ архивын материал, түүхэн баримт бичиг болж, түүхийн өв соёлтой хамт үдэгдэж, хадгалагддаг.
Тиймээс сонин захиалах гэдэг ажлыг эргээд хийж хэвших хэрэгтэй боллоо. Иргэд “Сонин захиалах”, “Хэвлэл захиалах” гэдэг үгийг мартсанаас л сонин захиалахаа умартчихсан. Сонин өөрийн өртөгтэй болохоор үнэтэй. Орчин үеийн дижиталууд үнэгүй, үнэ багатай. Тийм ч болохоор тэр үү хүмүүс сониныг үнэтэй гэж бодоод захиалгаа багасгачихсан. Гэхдээ мэдээлэл бол өнөө цагт амин чухал хэрэгцээтэй. Өнөө цагт гэлтгүй хүн төрөлхтний түүхэнд үнэн мэдээ гэдэг бол хүний амьтай тэнцэхүйц чухал зүйл гэгдэж ирсэн байдаг.
“10 жилийн өмнө мөнгө төлж мэдээлэл авах нь хүмүүсийн ой тойнд буухааргүй зүйл байв. Харин сүүлийн хоёр жилд уншигчид олон эх сурвалж бүхий баталгаатай мэдээллийн төлөө мөнгө төлөхөөс гар татахаа больж байгаа нь анзаарагдаж байна” гэж өдөрт 200 мянган хувь хэвлэгддэг Австралийн “Australian Financial review” сонины уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлч Петер Керр ярьжээ. Уламжлалт хэвлэл, сонинд хүмүүсийн итгэх хандлага эргээд сэргэж, мөнгө төлж мэдээлэл авдаг болж байгаа нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын “Хуурамч мэдээлэл”-ийн эсрэг хийж буй тэмцэлтэй холбоотой. Үй түмэн мэдээллийн урсгал дунд бүдчиж яваа нийгэмд төөрөхгүйн тулд мөнгө төлөөд ч болов бодит мэдээлэл авах үнэ цэнэтэй хандлагыг төлөвшүүлэхэд Д.Трампын уриалга баттай нөлөөлсөн гэдгийг Петер Керр дурджээ.
Дэлхий нийтээрээ ийм ороо бусгаа байгаа цагт үнэн мэдээ амины үнэтэй гэдгийг ингэж тайлбарлаж байна. Тийм болохоор сонины улирлын захиалгын хэдэн төгрөг бол таны амины үнийн хажууд бол юу ч биш шүү. Яагаад вэ гэвэл баллаж цохолж болдоггүй учраас сонин бол хамгийн баталгаатай мэдээллийн хэрэгсэл. Уншигч өөрөө хуурамч мэдээг таньж, шүүж тунгааж, хэрсүүжих ёстой болжээ. Мөн үнэн мэдээг уншъя гэвэл сонин захиалах хэрэгтэй.