Багануур дүүргийн гуравдугаар хорооны Нарангийн гудамжинд нэгэн айл үерт автсан талаарх мэдээлэл өчигдөр 19.50 цагийн орчимд Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс найман алба хаагч очин эксковатороор үерийн шуудууг сэргээн усыг зайлуулж, гэрийг үерийн уснаас гаргажээ. Түүнчлэн төвийн дүүргүүдэд ч ихээхэн хэмжээний ус тогтож зам талбайгаар иргэд явган бүү хэл машинтай зорчиход хүндрэл үүсээд байсныг шийджээ. Ийн Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас бохир ус соруулах таван машин, хоёр насос, 25 хүний бүрэлдэхүүнтэй бригад ажиллаж Олимпийн гудамж, Гандийн гудамж, Их Монгол улсын гудамж, Нэгдүгээр хорооллын арын замуудад тогтсон 700 м3 усыг соруулжээ. Мөн тавдугаар сарын 09-ний өдрөөс 05 сарын 10-нд шилжих шөнө гурван усны машин, 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр Олимпийн гудамж, Нэгдүгээр хорооллын арын зам, Таван шарын байрын дундах замуудад тогтсон усыг шавхаж соруулсан байна.