УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, “Эрх хасах тухайд уян хатан хэрэгтэй. Тухайлбал эмч гэхэд 10-15 жил сурсан байхад шууд эрхийг нь хасна гээд байж болохгүй” гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “Ямар тохиолдолд торгох, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох, эрхийг нь хасна гэдгээ жагсаалтаар гарга. Тэгвэл илүү ойлгомжтой болно” гэсэн чиглэл өглөө.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь ч мөн адил “Аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хасдаг болсноор авлига хээл хахууль цэцэглэх шалтгаан болох вий. Тусгай зөвшөөрлийг олгосон этгээд буцаан эргүүлэн татдаг. Гэтэл энэ хуулиар өөр нэг байцаагч очоод эрхийг хаахаар тусгасан байна шүү. Үүний бодолцоорой” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Архи, согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрөөгүй газар хэрэглэсэн бол торгоно гэсэн заалт хуулинд тусчээ. Ер нь архи уух бол зөрчил гэхээсээ өвчин гэж харах ёстой асуудал шүү. Үүний зааг ялгааг олж хуулинд тусгаарай” гэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, “Өнөөгийн нөхцөлд 240 хуулиар зөрчлийг хянан шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хариуцлагыг өөрийн үзэмжээр тогтоож байгааг нэг хэм хэмжээнд оруулж байна. Ингэснээр нэг хуулиар зөрчлийн асуудлыг шийдвэрлэж, зөрчилд нь тохирох шийтгэл оногдуулдаг байхаар хуулийн төслийг боловсруулсан” гэлээ.
Энэ үеэр ажлын хэсгээс гаргасан саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, хуулийн төсөлд “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, “Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хүнийг торгоно” гэх заалтыг гишүүд дэмжлээ. Мөн нэг нэгжийг 1000 төгрөгөөр тооцохоор болов.
Үүний дараа хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх тухайд санал хураалт явуулахад олонх дэмжлээ.