Categories
мэдээ нийгэм

Говийн талд цасны жавар сэнгэнэж, Өнжүүлийн толгодод намрын шар нартай өдөр байлаа

Энэ сарын 7-нд Улаанбаатар хотоос гараад, Дундговь аймгийн Мандалговь хот орлоо. Дундговьд цас их унасан, өвөл билүү гэмээр жавартай байна. Биднийг гарахын урд өдөр цаг агаарын мэдээгээр Дундговьд цас орж байна цасан шуургатай гэж байсан ч “Говийн цас, юу л удав гэж тэр дороо л хайлчих байлгүй” хэмээн бодсоор замдаа гартал өвөл болчихоо юу гэлтэй говийн тал биднийг угтсан юм. Бид Мандалговьд оройны 18:00 цагийн үед очиход, цас ихтэй байсан ч нэг их хүйтэнгүй байв.

УИХ-ын гишүүн, ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Эрдэнэбат болон түүний ажлын хэсгийнхэн орон нутгийн иргэдтэй уулзахаар тус аймагт ажилласан юм. Биднийг Дундговь аймгийн ардчилсан намын дарга С.Од-Эрдэнэ хүлээн авч уулзахдаа адууны чанасан мах, хул, хулаар дүүрэн айраг аягалж угтлаа. Нутгийнхан ярихдаа “Говийн адууны мах хангайхаас их өөр, сайхан амттай байдаг. Мөн айрагтай аймгуудын дунд зохиогддог айргийн тэмцээнд манай нутгийн айраг олон удаа түрүүлсэн. Булганы Сайхны айраг гоё гэдэг ч хоёр гуравт ордог юм. Хангайн айраг их зөөлөн, манай говийнх хатуу талдаа, мөн ходоод гэдэс цэвэрлэдэг. Бөөжитлөө айраг уучихсан байхад маргааш нь гэдэс цэвэрлэгдээд, нүүр хүртэл цайна, тарган хүн ч турна. Дундговийн айраг байхад архины бараг хэрэггүй байдаг юм шүү дээ. Ууж сураагүй хүнд их хатуу амархан согтооно” гэж ярилаа.

Дундговь аймаг

Маргааш өглөө нь Дундговийн АН-ынхан биднийг гаргаж өгөх замдаа мөн л айргаар дайлж үдлээ. Аймгийн төвөөс гараад, замдаа машинаас буухад их салхитай бээлийгүй гараар аягатай айраг барихад хурууны үзүүр хөлдөх нүү гэмээр хүйтэн байв. Харин замд тааралдсан говийн тэмээн сүргийн бөх нь босоо байгааг харахад сайхан намар болж, мал сайн тарга тэвээрэг авжээ гэмээр харагдсан. Цэлийсэн говийн их цастай хөндийд тааваараа бэлчих улаан голдуу ямаатай хонь, хаа нэг тааралдах говийн бор гэрүүд үзэгдэхээс өөр анир чимээ алга, хангайд айлууд саахалтаар бууцгааж, хонь, хурга, адууны хашаа, тугалын зэл зэрэг олон хашаа хороо барьж тухалцгаадаг бол говийн айлуудын ихэнх нь хашаа хороо барьдаггүй харагдлаа. Харин намрын сэрүүн орж, цас унасан айлууд гүүгээ барьсан хэвээр байна лээ. Учир нь намрын айраг илүү шимтэй хэмээн нутгийнхан намар цагт айраг их ууцгаадаг гэнэ. Арваннэгдүгээр сарын сүүл хүртэл айраг элбэг байдаг аж.

Дундговь аймаг

Дундговийн замд их хэмжээний малын тэжээл ачсан том оврын ачааны машин замын хажуугийн элс рүү халтирч ороод саатжээ. Тэд хамаг ачаагаа буулгасан ч замын ховилоос гарч чадалгүй машинтайгаа ноцолдсоор, хоёр өнжөөд нэг хоночихлоо гэж байв. Мөн тэд говьд цас ороод нэг хүйтрэхээрээ их жавартай байдаг юм гэцгээнэ лээ.

Ингээд Дундговийн хөндийн битүү цаснаар давхисаар Төв аймгийн нутагт ороход их дулаахан жинхэнэ намрын налгар өдөр угтлаа. Алсад харагдах намхан уулс, талын жижиг толгодуудтай хөндийг намрын шар нар ээж байгаа нь амар амгаланг илтгэх ажээ. Анх явж байгаа надад амгалан, тайван санагдах энэ хөндий Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн яруу найраг, зохиол бүтээлд мөнхөрсөн “Хөрөөний ир шиг алсын намхан уулс, өнжүүлийн бор толгод” ажээ.

Төв аймаг Манзушир хийд

Ингээд бид Төв аймгийн Зуун мод хотод ирж, Манзушир хийд буюу Богд уулын өврөөр аялалаа. Өнгөрсөн бямба гаригт мод тарих өдөр байж таарсан учраас тус аймгийн арын хөндийд оюутан сурагчид төгөл байгуулж, мод тарьцгааж байв. Мөн Соёл урлагийн их сургуулийн дүрслэх урлагийн ангийн оюутнууд натурт гарчихсан, байгалийн зураг зурцгааж, зурсан зургаараа өрсөлдөж байна лээ. Богд уулын урд өвөрийн зарим хэсэгт цастай, өвөр бэл газраараа дулаахан нар ээсэн, ёстой л нэг намрын налгар өдөр байж таарлаа.

Төв аймаг Манзушир хийд

Анхны цас энэ сарын 5-нд нийт нутгаар орж, хайлсан ч Дундговьд хүйтэрсэн байгаа нь тэр. Мөн амралтын өдрүүдэд Чойр, Сайншанд чиглэлийн замд цасан шуургатай байсан аж. Харин өчигдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн зарим сумдаар цас орж байна гэсэн бол Хэнтий аймагт цасан шуургатай хүйтэн байгаа гэдэг мэдээлэл ирсэн. Гэхдээ энэ долоо хоногт нийт нутгаар дулаахан байна гэж цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллэж байна.

Энэ сарын 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх ажээ.

Харин 13-14-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, цас орж, Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд баруун аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэх ажээ.

Н.Ганчимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *