Categories
мэдээ цаг-үе

Говийн хөх өвгөний хөндлөн үг буюу малын хөлийн татвар

Улстөрчдийн иргэдтэй хийх уулзалтын үеэр нэг малчин өвгөн “Олон малтай болгох бодлого чинь буруу гэдгийг Батзориг сайдад дамжуулаад өгөөрэй. Бэлчээр нь хүрэлцэхээ болиод, доройтоод эхлэхээр ард түмэн мянгат малчдаа үзэн ядаж эхэлж байна шүү” гэж хөндлөнтжээ. Өмнөговийн Гурван тэс суманд болсон тэр уулзалтын үеэр иргэд уул уурхайгаас болоод хэцүүдлээ, мал идэх өвсгүй боллоо гэх зэргээр өнөө л ярьдгаа хэлж шүүмжлээд сууж байж л дээ. Яг нарийндаа уул уурхайтай сум харин ч додигор. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, том дэлгүүр, зочид буудал, хар замтай, иргэд нь орлоготой, өнгөлөг байшинтай, дажгүй бизнестэй аятайхан амьдардаг. Балгас болсон барилга, төрийн албан хаагчдаас өөр цалинтай хүнгүй уул уурхайгүй сумдаас хавь илүү аж төрцгөөдөг нь нүдний өмнө харагддаг үнэн. Гэсэн хэрнээ л энэ уул уурхайнхан гэсэн ад шоо үзэлт, улстөржилт уурхайтай сумдад амь бөхтэй оршсоор байдаг нь хачин шүү. Өнөө говийн өвөөгийн хөндлөн үг унагасан хурлын уур амьсгал руу эргээд оръё. УИХ-ын гишүүд, сайд дарга нарын царайг харсан сумын иргэд яах нь тодорхой, өнөө уул уурхайгаа элдвээр хэлж, хурлын уур амьсгал халуухан ид дундаа байж. Ийм уур амьсгал дундуур өвгөн гэнэтхэн л төрдөө хүртэл дээдлэгдсэн мянгатуудаа ад үзсэн үг унагачихаар тэс хөндлөн сонсогдолгүй хаачихав.

Өвгөний амьдардаг Өмнөговь аймаг 501 мянгат малчинтай. Сумдад нь хуваагаад үзвэл нэг сум дунджаар 33 мянгат малчинтай гэсэн үг. Нэг суманд 30 гаруй мянгат гэдэг бол багталцаж ядсан тоо. Монгол 7000 дөхсөн мянгаттай, таван мянга хол давсан айл нь 1000-1499 мал тоолуулдаг. Цааш нь яривал 1500-2000 малтай 1000 дөхсөн өрх, 2000-аас дээш мал тоолуулсан 400 дөхсөн айл бий гэсэн тоо байна. Дахиад тоо хэлье. Хамгийн олон мянгаттай Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгуудад 100 га бэлчээрт ногдох малын тоо 2-4 дахин хэтэрсэн гэсэн статистик гарчээ. Сүүлийн үед 200-аас дээш малтай өрхийн тоо нэмэгдэж байгаа юм билээ. Мянгат малчин шалгаруулдаг, аль болох олон малтай байхыг засаг нь, салбарын яам нь бодлогоо болгоод суухаар олон малын төлөө уралдах нь аргагүй л дээ. Олон малтай байх хэрээр бэлчээр илүү ихээр талхлагдах нь хэнд ч тодорхой асуудал.

Бэлчээрийн талхлагдлыг шийдэх боломж уг нь бий. Мөнгөтэй бол нөхөн сэргээгээд ч болтугай өөд татна. Малчдаас малын хөлийн татвар авдаг болчихвол наад зах нь бэлчээрийн талхлагдлыг шийднэ. Цаашлаад яривал тоог биш чанарыг шүтдэг малчидтай болох давуу талтай. Нэг малаас 1000 төгрөг гээд хураагаад эхлэхэд л наад зах нь “Чанаргүй олон малтай байхаар чанартай цөөн болгоё” гээд фермержээд эхэлнэ гэсэн өөдрөг төсөөлөл бий.

Гэхдээ нэг том асуудал бий. Малын хөлийн татвар хөндөх ёстой ч явж өгдөггүй сэдэв л дээ. Ялангуяа улстөрчид энэ сэдвээс их зугтдаг. Малын хөлийн татвар ярьж сонгогчдынхоо дургүйг хүргэснээс Оюу толгойг шүүмжилж УИХ-д суух нь илүү ашигтай гэцгээсэн шигээ сууцгаадаг нь эх оронч биш, аминч хандлага ч гэлээ бодитой үнэн. Тэд малын хөлийн татвар яривал малчдад өөрсдөд нь ашигтай, Оюу толгойг улстөржүүлэхгүйгээр урагшлуулбал иргэдэд өгөөжтэй гэдгийг мэдэхгүйдээ ингэж байгаа юм биш л дээ. Малчдад, иргэдэд ямар ашигтайг улстөрчид байтугай захын эдийн засагч ч бодоод гаргаад ирнэ.

Малын хөлийн татварын, бэлчээрийн төлбөрийн гэх мэт нэрээр УИХ-аар хэлэлцүүлэх гээд бараагүй хуулийн төслүүдэд “Татвар гэж авсан мөнгийг малчдад өөрсдөд нь зарцуулна” гэсэн өгүүлбэрүүд харагддаг. Малын хөлд талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээхэд зарцуулах мөнгө төсөвт өнөөхөндөө байхгүй. Хуучин цагт дөрвөн бог тутмын нэг нь ямаа, гурав нь хонь байсан бол өдгөө эсрэгээрээ эргэчихсэн. Ямаа хонины тоо тэнцчихээд байгаа. Ямаа, хонины харьцаа 3:1 үед бэлчээрийн даац асуудал биш байсан нь бодитой үнэн. Ямаа олширсон энэ цагт бэлчээрийн даац хэтэрдгээ хэтрээд цөлжилтөд идэгдсэн нь бас үнэн. Ноолуураас ахиу мөнгө олох гэсэн малчдын сонирхол бэлчээрийн талхлагдал, цөлжилтийн шалтгаан болж буй. Өгсөн татвараар нь малын хөлд талхлагдсан, цөлжсөн бэлчээрийг нөхөн сэргээнэ гээд байгаа юм л даа, уг нь. Цөлжилтөөс гадна байсхийгээд дэгддэг шүлхийнээс салахын тулд малаа хуйгаар нь эрүүлжүүлэх шаардлага бий. Мөн л мөнгө нэхсэн ажил. Төсвөөс өгдөг цөөхөн хэдэн төгрөг 60 сая малын хаана ч хүрдэггүй. Нэг малд 70 төгрөг ноогддог ч билүү тун хэцүү тоо дуулддаг. Малын хөлийн татвар гэж хураасан мөнгөнөөсөө малыг нь эрүүлжүүлээд өгвөл махаа үнэтэй зарахаас эхлээд эцсийн ашиг нь малчдад ирж наалдана. За тэгээд малын үүлдэр угсааг сайжруулах гэх мэт малчдад амин хэрэгтэй өчнөөн ажил, асуудал мөнгөгүй гэсэн шалтгаанаар нам зогсчихоод байгаа.

Уул уурхайнхан байгалийн баялгийг хамаад авлаа гэж хүн бүр ярьдаг. Ад шоо үзэгддэг ч өнөөдүүл нь улсын төсөвт хамгийн их татвар мөнгө төлдөг. Уурхайн олборлолт явуулсан газартаа нөхөн сэргээлт хийдэг. Уул уурхайнхан шиг байгалийн баялаг ашигладаг улс бол малчид. Малчдын малаа бэлчээдэг бэлчээр Монгол улсын газар нутаг. Үндсэн хуулиараа газар нутаг бол төр ба бүх ард түмний өмч. Малчид бүхний өмч болсон байгалийн өвсөөр малаа тэжээдэг. Уурхайнхнаас ялгаатай нь малчид татвар төлдөггүй. Талхалсан, цөлжүүлсэн газраа нөхөн сэргээдэггүй. Харин ч ган зуд боллоо, бэлчээр цөлжлөө гэж улсаас үнэгүй өвс, тэжээл авч, хүүхдийн сургалтын төлбөрөөс эхлээд элдэв хөнгөлөлт эдэлдэг. Гэсэн хэр нь төр нь мянгатуудаа дээдлээд хүндлэл үзүүлээд байдаг. Бас л сонин сэтгэлгээ, хандлага шүү.

“ХАРАМЧ” МЯНГАТУУД

Үнэхээр олдог хэд нь тааруу, хэцүүхэн амьдардаг хэрнээ улсаа хүнсгүй байлгахгүйн төлөө мачийгаад яваа бол ярих юм алга. Монгол 66 сая давсан малтай. Малчин өрхүүдэд энэ тоог хуваагаад үзэхээр нэг малчин айл дунджаар 400-600 малтай гэсэн тоо гарна. Нийслэл, суурингийн цалингаас цалингийн хооронд амь залгуулдаг малчдын орлогыг харьцуулах юм биш. Малынхаа ашиг шимээр дажгүй хангалуун амьдраад явах боломж малчдын тал хувьд нь бий гэсэн судалгаа тооцоо цаасан дээр дурайж байна.

Малын хөлийн татвар дээр өөр нэг хачин хандлага анзаарагддаг. 500-аас доош малтай айлууд малын хөлийн татвараа өгөөд амьдаръя гэдэг дээр толгой дохидог гэж өмнө нь ийм агуулгатай хууль хэлэлцүүлэх гээд бараагүй албаныхан хэлж байна. Татварт авсан мөнгийг буцаагаад мал эрүүлжүүлэх, бэлчээр нөхөн сэргээх гээд өөрсдөд нь хэрэгтэй ажилд зориулна гэхээр дуун дээр нь дэмждэг аж. Гайхмаар нь 500-гаас дээш малтай, дориун амьжиргаатай малчид малын хөлийн татвар өгөхгүй гэж гүрийсээр өнөөдрийг хүрч. Өөрөөр хэлбэл мянгатууд малын хөлийн татварт тун дургүй гэнэ.

Амин зуулга төдий малтай хэсгийг нь алгасаад татвар авахад л малчдын 40 гаруй хувь өлхөн хамрагдана гэсэн тоо дуулддаг. Газар зүй, гео экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бид малтай өрхүүдээс малын хөлийн татварыг дэмжих үү гэсэн санал асуулга хэд хэдэн удаа авсан. 200-500 хүртэлх малтай өрхүүд л дэмждэг. Тэдгээр айлууд өнөөгийн манай хөдөө аж ахуйн салбарын онцлог, тогтолцоог нь илүү сайн ойлгож мэдэрдэг учраас малынхаа тоог энэ хэмжээнд барьдаг юм байна. Харамсалтай нь, манайд ийм дундаж тооны малтай өрх их цөөн” хэмээн ярьсныг энд онцолъё. Манай улсын малчид нийлээд малын хөлийн татвар гэж мал тутамдаа 1000 төгрөг төллөө гэж бодъё. Тэдний татварын мөнгө нийлээд жирийн л нэг дундаж компанийн татварт төлөх мөнгөтэй дүйнэ гэсэн тооцоо байна.

БИЕНЭЭ ХАЖИГЛАСАН МОНГОЛ

Нэг талд татвар төлдөг, ажлын байр бий болгодог, ажиллаж буй орон нутагтаа хөрөнгө оруулалт хийдэг уул уурхайн компаниудыг төр, иргэдгүй адалж байна. Нөгөө талд ямар ч татвар төлдөггүй хэрнээ нэмээд хөнгөлөлт урамшуулал авдаг малчдаа төр нь бөөцийлж байна. Өөр нэг өнцөг бий. Малчид нь малчдаа хажиглах хандлага анзаарагдаад эхэлснийг Өмнөговийн малчин өвгөний үгнээс харж болно. Монголын уул уурхайнханд асуудал бий.

Тэд олон улсын уул уурхайд жишиг болчихсон нийгмийн менежментийг хангалттай хийж чадахгүй яваа гэсэн шалтгаан байгаа. Нөгөө өнцгөөс нь харахад уул уурхайгүйгээр эдийн засгаа тэлэх боломжгүй өнөөдрийн нөхцөлд төр зөв зохицуулалт хийж чадахгүй яваа гэсэн шүүмжлэл сонсогддог .Төрийн зохицуулалт учраа олохгүй өнөөдрийг хүрсэн учраас нийгэмд талцал, толхилцоон үүсээд байна. Говийн малчин өвгөний мянгатуудаа ад үзсэн хажиглал Сэлэнгэд ч анзаарагддаг. Сэлэнгийнхэн газар тариаланд түшиглэмээр байгаа тул малчдаа хажигладаг. Хөвсгөлийнхөн аялал жуулчлал хөөмөөр байгаа тул уул уурхайнхныг ад үздэг.

АЙРГАА ДОЛЛАР БОЛГОХ ТАТВАРЫН ШИЙДЭЛ

Биенээ хажиглахгүйгээр аятайхан мөнгө олоод эдийн засгаа тэлэх боломж мэдээж бий. Малын хөлийн татварын хувьд сум, орон нутгийн онцлогт нь тохируулж ухаалаг бодлого барьчихмаар санагддаг. Булганы Сайхан сум байна. Айрагны нутаг. Нуугьсан айрагных нь нууц өвс, ургамалдаа байдаг гэдэг. Ухаандаа Булганы Сайхан сумын малчин Бат Төв аймгийн аль нэг сумын малчин Ганаагаас айргаа сайн бүлдэгтээ сайхан айрагтай суудаггүй байх нь л дээ. Сайхан суманд бэлчээрлэсэн гүүний сүүг бүлж хийдэг учраас л часхийсэн амттай айраг гардаг гэсэн үг.

Айраг сайхантай аймаг, сумдын нууц нь ерөөсөө л энэ.

Тэгэхээр Булганы Сайхан, Могод, Архангайн Өлзийт, Өгийнуур, Өвөрхангайн Хужирт, Хархоринг дамнасан айраг, адууны нутагт адуунаас бусад малын тоог нэг айлд 100 толгойгоор ч юмуу хязгаарлаад, түүнээс давсанд нь өндөр татвар тогтоочих хэрэгтэй. Эдийн засгийн төрөлжилт хийе гэвэл нэг л бүтээгдэхүүн дээр төвлөр, тэгсэн цагт их мөнгө олох боломжтойг баталсан жишээнүүдийг бид өмнө нь “Тэрбум долларын эдийн засаг” нийтлэлдээ онцолж байсан даа. Чилийн салмон загас, усан үзэмний дарс дэлхийд гайхагддаг нууц нь “Тэрбум долларын эдийн засаг”-гийн бодлогоор явсных.

Жишээ нь адуугаараа, айргаараа гайхагддаг эдгээр сумдын дунд адуунд төвлөрсөн мал эмнэлэг, судалгааны институт байгуулаад дэмжчихвэл мал нь эрүүлжээд, адуунд суурилсан экспортын бүтээгдэхүүн гаргаад л ирнэ. Мөн дунд нь адууны соёл, айрагны соёл дээр тулгуурласан аялал жуулчлалын дэд бүтэц, аялалын маршрут хийчихэд гэмгүй. Олох мөнгө нь улам ихэснэ.

Энэ бүс дотор адуугаараа дагнаад хамаагүй өндөр орлого олж, үнэ цэнэ бүтээдэг кластер бий болгочихвол заавал бүх төрлийн мал өсгөх гээд байхгүй л болов уу. Бизнесийнхэнд ч монголоор нэг тарчихсан малчидаас юм юм цуглуулах гэж бензин тос, хүн хүчний зардлаа өсгөж байхаар төвлөрсөн нэг бүс нутгаас нэг төрлийн түүхий эд цуглуулбал илүү өгөөжтэй тусна.

За тэгээд ямааг тэргүүлж өсгөх, хонь тэргүүлж өсгөх, үхэр, тэмээ тэргүүлж өсгөх бүс нутгуудаа ялгаж тогтоогоод тэдгээр дээрээ төвлөрсөн шийдлүүдээ хийчихвэл 330 суманд мал эмнэлэг байгуулна гэх мэтийн шийдвэрүүдээс хамаагүй үр дүнтэй гарц шийдэл болно.

Бүсчилсэн хөгжлийн асуудал дээр газарзүйн хувьд хуваагаад бүсчилчихье дотроо учраа олцгоог гэсэн концепци нуран унаж, эдийн засгийн хувьд үүсэх төрөлжилтөөр нь бүсчилье гэсэн санаа босож ирж байгаа юм билээ.

Малыг төрөлжүүлэх нь энэ санаатай уялдахаас гадна улстөрчдийн хувьд өдий болтол хийхээс зүрхшээж буй малын хөлийн татвар бий болгох, сумдыг томруулах асуудлуудыг ч шийдвэрлэх гарц болно. Сая Засгийн газар тогтоол гаргаж тариалангийн бүс нутгийг тогтоолоо. Энэ бүс нутагт бүх төрлийн малд хамгийн өндөр татвар тогтоогоод, нүүхийг хүссэн иргэдийн зардлыг нь шийдээд өгчихөд асуудал шийдэгдэнэ.

Хөвсгөлийнхөн аялал жуулчлалын аймаг болох шийдвэр яаравчлан гаргасан шалтгааны цаана уул уурхайг хориглох санаа явж байгаа. Болохгүй гэх газаргүй. 2030 онд Монголоо хөгжиж буй улсуудын тэргүүн эгнээнд гаргаж, иргэн бүр нь ядуурлаас салсан улс болгох зорилгын ачааны хүндийг үүрч яваа уул уурхайнхан ч хайгуул, уул уурхайн бүс нутгаа тогтоолгоод авчих хэрэгтэй. Учир утгагүй толхилцож байхын оронд тухайн бүс нутагтаа үндсэн салбар нь хоймортоо сууцгаагаад, эрэмбэндээ орцгоочихвол бүгд хөгжил рүү хошуурч, нэг зорилготой болцгоочихно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *