Прага хотын Амьтны хүрээлэн төрөл зүйлийнхээ хувьд устах аюулд тулгараад байсан тахийг үржүүлэн хамгаалж, эх нутагт нь хүргэх хөтөлбөрийг сүүлийн 8 жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Уг хөтөлбөрийнхөө хүрээнд дагуу говийн их дархан цаазат газрын Хөмийн тал болон Тахийн талд нийтдээ 31 тахь нутагшуулаад байна. Ийнхүү тахийг эх нутагт нь амжилттай нутагшуулж ирсэн Бүгд найрамдах Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобекыг Элчин сайд Н.Наранбат хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах, хамгаалах хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх талаар ярилцсан байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Прага хотын амьтны хүрээлэн хооронд Монголын баруун хэсэг дэхь бөхөн болон хавтгайг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэх зорилгоор байгуулсан Нэн ховор зүйл амьтдыг хамгаалах тухай хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллах асуудлаар санал солилцжээ.