Categories
амьдралын-өнгө мэдээ

Говийн бүсэд ногоон хөгжлийг дэмжих хэлэлцүүлэг боллоо

Ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг эрчим хүч, зам тээвэр, уул уурхайн салбарын дэд бүтцийн томоохон төслүүдтэй хослуулж чадвал Монгол Улсын өмнөд бүсийн аймгууд тогтвортой хөгжих боломжтой гэж өнөөдөр болсон “Орон нутгийн хөгжлийг дэмжих Азийн Хөгжлийн Банкны түншлэл” хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо. Энэхүү хэлэлцүүлгийг Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд оролцогчид орон нутгийн хөгжилд тулгарч буй бэрхшээлүүд болон тэдгээрийг шийдвэрлэх гарц шийдлийн талаар санал солилцож, орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн туршлага, сургамжаас хуваалцсан юм.

“Монгол Улсын хөгжилд үзүүлж буй түншлэлийн үр нөлөөг тогтвортой хадгалж, цаашид өргөжүүлэхэд төсөл хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, туршлага чухал үүрэгтэй.” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлээд “Орон нутагт төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх явцад хуримтлуулсан шилдэг туршлага, сургамжаа хуваалцах боломжийг хамтран ажиллагч талууддаа олгох, тэдгээрээс суралцах, цаашдын үйл ажиллагаандаа тусгах зорилгоор бид энэхүү цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” хэмээн тодруулав.

Монгол Улс АХБ-нд гишүүнээр элссэний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй бүсийн цуврал уулзалт-хэлэлцүүлэг Өмнөговь, Дорноговь, Дундговь болон Говьсүмбэр аймгуудыг хамарсан Говийн бүсийн арга хэмжээгээр эхэллээ. Оролцогчид эдгээр аймгуудад хэрэгжиж буй төслүүдийн үр дүн, нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлж буй үр нөлөөтэй танилцав. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг төлөөлөн Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар оролцож, бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хүн ам, оршин суугчдын хэрэгцээг хангахад аймаг, сумдын нийтийн аж ахуйн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх АХБ-ны төслүүд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.

Арга хэмжээний хоёрдугаар хэсэгт өмнөд бүсийн тогтвортой хөгжлийн бодлого, АХБ-наас үзүүлэх дэмжлэг туслалцааны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Засгийн газрын төлөөлөл, 4 аймгийн засаг дарга нар оролцсон хэлэлцүүлгээр худалдааг хөнгөвчлөх, ложистик, дэд бүтцийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг АХБ-наас тухайн орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагааны голлох чиглэлүүдийг хөндөн ярилцлаа. Мөн аймгийн засаг дарга нар өөрсдийн аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, нийгэм болон байгальд ээлтэй тогтвортой өсөлтийг хангах бодлого болон АХБ-ны оролцооны талаар байр сууриа илэрхийллээ.

Эртний домогт говь нутаг Монгол орны өмнөд хэсэгт тэлэн орших бөгөөд сүүлийн жилүүдэд уул уурхайн хөгжлийн төв болоод буй. Эрдэс түүхий эдийн баялаг ордууд, уул уурхайн шинэ төслүүд нь орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн юм. Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг холбосон тээвэр, худалдааны коридор өмнөд бүсийг дайран өнгөрдөг нь Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомтыг Монгол Улсын хамгийн ачаалалтай боомт болгодог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *