ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахлаар сэжиглэгдэн эмнэлэгт хүргэгдэх замдаа өчигдөр нас барсан.
Энэ хүүхэд гурав хоногийн өмнө хоёр найзтайгаа хамт тарвага агнаж, тарвага өвчиж, хүнсэндээ хэрэглэсэн гэх өгүүлэмжтэй. Говь-Алтай аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судллалын төвийн есөн хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг голомтод ажиллаж, задлан шинжилгээ, сорьц авах ажиллагааг хийсэн. Задлан шинжилгээний эхний дүнгээр тарваган тахалтай төст савханцар бактериологийн болон сорьцын шинжилгээгээр гарсан. Нарийн PCR шинжилгээ авах дээжийг өнөөдөр ЗӨСҮТ-д авчирч байгаа. Хүүхэд тарваган тахлын булчирхайн хэлбэрээр хүндэрч, үжлийн хэлбэрт орж нас барсан гэх урьдчилсан онош тогтоож байна. Амралт зугаалгын энэ үед тарвага агнахгүй, тарваганы мах хэрэглэхгүй байхыг анхааруулсаар байгаа ч ийм харамсалтай тохиолдлууд гарч байна. Энэ жилийн хувьд БНХАУ, ОХУ болон Монголын Алтайн бүс нутаг тарваган тахлын онц идэвхтэй бүс хэмээн гурван орны эрдэмтдийн судалгаагаар тогтоосон учир тарвага агнахгүй, тарваганы мах хүнсэндээ хэрэглэхгүй байх нь чухал.
Тарваган тахал бол хоруу чанар ихтэй, уушгины хэлбэр нь коронавирусийн халдвартай яг адилхан хүндрэл өгдөг, хурдан явцтай хүний амь насанд хүрдэг өвчин хэмээн анхаарууллаа.