Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Горхи-Тэрэлж амрагчдын хөлд дарагдлаа


Наадмын амралтын өдрүүдэд ихэнх иргэд Улаанбаатар хотоос гарч аялцгааж байна. Наадмын өглөө буюу энэ сарын 11-нд нийслэлээс Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар руу чиглэсэн хөдөлгөөний урсгал их байж, Налайх орчимд хоорондоо 100 хүрэхгүй метр зайтай гурван ч авто замын осол гарсан байв. Энэ жилийн нэг онцлог нь Улаанбаатарт наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдаагүй тул ихэнх хүн агаар салхинд гарахыг илүүд үзэх болсон. Гэхдээ орон нутаг руу зорчих, төв суурин руу ороход шинжилгээ шаардлагатай тул зарим хүмүүсийн хувьд ойрхон агаарлахыг илүүд үзсэнээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ачааллыг эрс нэмэгдүүлжээ.

Голын эрэг дагуу хүмүүсийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж, хоорондоо 2-3 метрийн зайтай хөршлөн бууцгааж байсан. Мөн голын гүехэн хэсгүүдэд хүүхдүүд бөөгнөрч тоглох аж. Бүгд маскгүй. Энэ мэт нөхцөл байдал, түүнчлэн, агаарт гарсан иргэд амны хаалтаа авснаар коронавирусийн халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байлаа. Иргэд олноор цугласан тул бие засах газрын асуудал хүндрэлтэй болж, мөн ууттай хогоо хаях нь түгээмэл байсан. Ялангуяа, өмнө нь хог тавиад орхисон газруудыг хогийн цэг хэмээн “андуурч” хогоо овоолцгоох аж. Хүмүүсийн ихээр буудалладаг голын эрэг дагуу хэсгүүдийн ойр хавьд хог хаях төвлөрсөн цэг байхгүй, бие засах асуудлыг огт шийдээгүй тул байгалийн цогцолборт газар хүмүүсийн хэдхэн хоногийн хөл хөдөлгөөнд бохирдож, талхлагдаад дуусч байна. Түүнчлэн, автомашинуудын хөдөлгөөний улмаас цагаан тоос босч, үүн дээр наадмаар борлуулах зорилгоор авчирсан олон хонь, ямааны хөлд Горхи-Тэрэлж хавийн хөрс талхлагдан, цагаан тоосыг нэмэгдүүлэх аж.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *