Өрх толгойлсон аавууд нэгдээд “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газар ажиллуулдаг билээ. Энэ цайны газрын хуушуур нь амттай учир хүмүүс олноор үйлчлүүлж, захиалгандаа дарагддаг, олон хүний очих дуртай болсон. Гэтэл өнөөдөр “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газрын үйл ажиллагааг зогсоолоо”, “Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан учир үйл ажиллагааг нь хаалаа”, “Зөрчил илэрсэн учир “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газар үүдээ барилаа” гэх мэт мэдээллүүд явж байна.
Энэ талаар “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газрын менежер Ц.Маргадаас тодруулахад “МУИС-ийн Эдийн засгийн IV сургуулийн хажууд манайх байсан шүү дээ. Тэндээсээ нүүчихсэн байсан юм. Гэтэл мэргэжлийн хяналтын газар тэр газрын үйл ажиллагааг шалгаад зөрчил ирүүлжээ. Тэрийгээ байгууллагынхаа сайтдаа оруулсныг нь бусад сайтууд хуулж аваад тараахдаа ташаа мэдээлэл гаргаж байна. Манайх хэвийн ажиллаж байгаа шүү дээ. Баянзүрх дүүрэгт, Батлан хамгаалахын их сургуулийн замын эсрэг талд нь байрлаж байгаа шүү. Манайхыг янз бүрээр яриад бичээд байх юм. Манайх хэвийн ажиллаж байна. Энд нүүж ирээд үйл ажиллагаа маань жигдэрчихсэн” гэлээ.
Д.САРУУЛ