Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Google”-ийн жолоочгүй автомашин

Техник технологийн салбарт шинийг эрэлхийлэгч “Google” корпораци ээлжит шинэ туршилтаа танилцуулсан билээ. Хэдэн жилийн өмнө туршилт нь эхэлж байсан “Жолоочгүй машин” автомат жолоодлогын тусламжтайгаар хотын хөдөлгөөнд ямар ч саадгүй явдаг болсон юм. Өмнө нь технологийн компаниуд жолоочгүй автомашиныг туршиж байсан ч энэ удаагийнх шиг бүрэн төгөлдөр амжилтад хүрч байгаагүй аж. Зарим компаниуд жолоочгүй машиныг тусгай замаар, туршилтын журмаар явуулж байсан. Мөн зам сканнердах төхөөрөмж, урьд нь ямар нэгэн саадгүй тохиолдолд л жолоочгүйгээр алсын удирдлагаар автомашиныг явуулсан удаатай билээ. “Google” энэ удаагийн оролдлогоор өмнөх бүх туршилтаас илүүтэй шинэ дэвшилтэт алхам хийж чадсан юм.

Японы “Toyota” корпорацийн тусгай захиалгаар “Pruis 20” маркийн автомашиныг туршилтад ашигласан бөгөөд “Google”-ийн инженерүүдийн ур чадварын хүчээр жолоочгүй машин нэг дор гадны 100 гаруй биетийг шууд илрүүлж өөрийгөө удирдах боломжоор хангагджээ.

Үүнд замын тэмдэг, тэмдэглэгээ гэрлэн дохио, хүн, зэрэгцээ, урд, хойд, ард эгнээнд зорчин яваа тээврийн хэрэгсэл тэр бүү хэл замын хажуугаар яваа дугуйтай хүнийг замаа солих бол гарын хөдөлгөөнийг нь мэдрэх нарийвчлалтай технологид суурилсан аж. “Google”-ийн тус бүтээл анхны туршилтдаа 50 км замыг жолоочгүй туулж, хотын хөдөлгөөний төвлөрөл ихтэй төв замуудаар саадгүй зорчсон байна.

Автомашины дээд хэсэгт болон гол толь, манангийн гэрэл, их гэрлийн орчим, хаалганы дэргэд, арын ухрах системийн голд болон дугуйны дээд талд хөдөлгөөнд оролцох зориулалтын камерууд суурилагдсан байна. Эдгээр нь нэгэн зэрэг бичлэг хийж, төв компьютерт мэдээллийг хүргэсэн даруйдаа ямар үйлдэл хийхийг тэндээс зааварчлах юм. Ингэснээр тал бүрийн камераас ирсэн мэдээллүүдийг автомашины төв процессор ердөө 1.2 секундээс хэтрэхгүй хугацаанд боловсруулж, автомашины инженерийн системтэй хослон ажилладаг гэнэ.

Жолоочгүй автомашины хамгийн том давуу талын нэг бол робот системийн үйлдэл. Нас биед хүрсэн жолооч ямар нэгэн аюул тулгарах тохиолдолд зогсох, хурдаа сааруулах, эсвэл сандарч мэгдэх гэсэн хариу үйлдэл үзүүлдэг болохыг судлаачид тогтоосон юм. Тэгвэл “Google”-ийн тооцооны систем өөр рүү нь ойртож эсвэл гэнэт аль нэг талаас гарч ирсэн биетийг илрүүлсэн даруйдаа зогсох үйлдэл рүү автоматаар шилжих аж. Энэ нь болзошгүй аюулыг 99.7 хувиар бууруулж буйг туршилтын үед баталсан байдаг. “Google” энэ туршилтаа анх 2010 оны аравдугаар сараас эхэлжээ.

Саяхан Google компанийн өөрийн жолоодлоготой машин зургаан жилийн туршилтын хугацаанд зөвхөн зургаан удаа л осолд орсон байна гэж USA Today сонин мэдээлжээ. “Машиныг туршсан зургаан жилийн хугацаанд 2.7 сая км-ийг туулахдаа манай машинууд зөвхөн 11 удаа л жижиг осолд орлоо” гэж хөтөлбөрийн удирдагч Крис Урмсон ярьсан байна. Түүний хэлснээр эдгээр жижиг осолд хэн нэгэн хэлмэгдээгүй байна. Зам тээврийн эдгээр ослын буруутнууд нь тээврийн бусад хэрэгслийн жолооч нар байжээ. Ийнхүү “Google”-ийн жолоочгүй автомашин техникийн өндөр үзүүлэлт үзүүлж, чанартай гэдгээ батлаад байгаа юм байна.

Бэлтгэсэн С.АРИУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *