Categories
мэдээ цаг-үе

Гоо сайхан үргэлж дэлгэрэг

 “Blue Moon Art gallery ”-д нэн сайхан үзэсгэлэн нээгдэв. Австрали, Индонез, Өмнөд Африк, Канад, Шинэ Зеланд, Исланд, Хятад, Танзанийн үзэсгэлэнт нутагт очих бөлгөө. Ер бусын гайхамшигт амьтдын нь ертөнцийг тольдох ажгуу. Эгшин хормын гоо үзэсгэлэн, энгүй энгийн гоо сайханд зочлох билээ л.

Үзэсгэлэнгээс хамгийн түрүүнд мэдрэх нь, хязгаар, бөглүү алсын нутгийн хэн ч үл сонсох боловч, ер бусын ялгуун чимээ, сонгийн дэвэлт, болжморын жиргээ, шумуул дэлэнчийн шунгинаан билээ. Гэрэл зургийн хорхойтон, эгшин, хормыг эзэгнэж, давтаг­дашгүйг нээх хүсэлтний гэгээн шунал билээ. Гэрэл зургийн хальсанд орчлон хорвоон өнгө, яруусал, хувьсал, баяр гунигийг хээлэх өөрөө үлэмжийн гэрэлт үйл. 

Африк нутгийн үзэсгэлэн. Энэ үзэсгэлэнгийн, энэ үзэсгэ­лэнг бүтээгчийн эдлэн. Эрээн тахь, эгэлгүй анааш, эрээн бар, илбийн гөрөөсүүд энэ бүхэн гайхалтай. Танзанид, Исландад, Шинэ Зеландад хүссэнээрээ явах амаргүй. Явлаа гэхэд имэрч, илтэслэж үзэх нь бүр ховор. Гэвч тэдгээр нут­гийн наран мандахыг, жар­га­хыг, дахин дахин мэдэрч үзэх бололцоог олгожээ, энэ үзэсгэлэн.

 Амгалан талын аяс хөндөж 


Алдуурсан унага шиг одод харвана хэмээсэн Долгорын Нямаа гуайн сайхан мөр бий. Эл үзэсгэлэнг үзэжээ явахад ийм сайхан шүлгийн мөр санаанд бодогдож, ээрэм талд хулангийн цавчаалд элс нурах шиг төсөөлөгдөнө.

Онгон зэрлэг байгалийн түрхэрээнт эрчим хүч, зүйрлэшгүй ярууг үзэсгэ­лэнгээс үзэж болно. Хөх алаг угалз, хөөрхөн бялзуухай, барын найрсаг шивнээ, шувуу­дын гоог чухамдаа билгийн нүдээр хараачлан буулгасан нь бишрэл төрүүлэм. Эх нутаг­таа шүтэж, үзэсгэлэн гоог ууургалж, өөрийн жаргалыг бусдад халдварлуулах зохиог­чийн чин сэтгэлд бахархалтай. Үзэсгэлэн гоо гэдэг хэрэг дээрээ байгальд л, бас хүний сэтгэлд буй. Энэ  л хоёрыг сүлэлдүүлж, эрчилбээс магадын сайхан бүтэхүйг гэрэл зураг нотолж байна.

Зураг авах гэдэг догдлол, баяр баясгалан, эрсдэл. Үүнийг гэтлэж, гоо сайхныг, зургийг бүтээхүй нь дээд буян, яруу сайхан болой. Байгаль , орчлон хорвоо нь өөрөө диваажин юм. Тэрхүү диваажиндаа, байгальдаа хайртай байхуй нь учиг дүүрэн, ерөөл талбиун зохионгуй. Эл үзэсгэлэнгээс үүнийг мэдрэх. 

Бүтээл амилуулах, тэр тусмаа гэрэл зургийг цогцлооно гэдэг уйгагүй эрэл, гайхам зүтгэл. Бас тэр тусмаа, сармагчингийн нов ногоон “оюу” төмсгийг харах, гэрэл зурагт буулгах хүртэлх эрэл өөрөө ховор. Гэрэл зургийг, байгалийн гоо үзэсгэлэнг бүтээхүй нь дээд төвшний мэдрэмж, урлал юм. Байгалийг, гоо сайхныг бүтээсэн иргэнээс л эх орны тухай үнэн тодорхойлолтыг нэхмээр санагддаг. Эл үзэсгэлэнг үзээд энэ бодол улам лавширсан.

Үзэсгэлэнд тавигдсан зургууд: Г.Батсүхийн бүтээлүүд

Хүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас 

Хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ хэмээн Инжиннааш хэлжээ. Урлал төгс, амьд халуун, бүтээлч судаслаг зүйл барьж авсан хэн боловч үүнийг гүн бодолтой. Сайхан бүтээл, олоогүйг олох, үзүүлээгүйг үзүүлэх нь эрхэм дээд.

Орчлонг хайрлах нь яруу сайхныг олж харах. Яруу сайхан зүйлд дурлаж, олж харж, урлах нь ер бусын үйл. Иймийг бүтээгч, олж харагч нь билгийн мэлмий мянгантаа нээгдсний илрэл юм.

Сайн сайхан, гоо яруу зүйлд нийгмийг урвуулагч нь хамгийн гайхамшигт урвуулагч юм. Нэн ялангуяа өнөөдрийн бүгчимлэг нийгэмд. Гэвч цаг үе болгон өөрийн дархлаагаа, сэрээгчээ, сэрүүлэгчээ бас бүтээдэг байна. Бидэнд ертөнцийн өнгө, яруу сайхныг, үлэмж гоог, хязгаарлагдашгүйг, бишрэлийг, үнэнийг, өнгийг амтлуулан, имрүүлэн, тольдуулсан эрхэм Г.Батсүх, хатагтай Л.Алимаа та бүхний эрхэмсэг, яруу тод, эгшиглэнт сэтгэл мэлмий ашид гийхүйн ерөөл өргөе. Цаг хугацаа, эгшин хором бүрт гоо сайхан буй. Түүнийг эрхшээхүй нь бидний билгийн мэдэл, цагалбар. Гоо сайхан үргэлж дэлгэрэг. 

Б.ЗОЛБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *