Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гондоонтой муураа

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Аль ч үндэстэн шүлэг дууг шоолон гуйвуулдаг нигуртай. Одоо техникийн бололцоотой болсон учир бүр хөөрхөн клип үйлдвэрлэдэг болж. Youtube дээрх “Бооёо”, “Ерөнхийлөгчид нэр дэвшигчид” зэрэг бол их хөөрхөн бодсон, ур авьяас шаардсан бүтээл шүү. Миний багад “Хөх даалимбан бандааш”, “Аавын минь зулай” гээд гуйвуулж шоолсон дуугаар баялаг байв. “Гуантана мэра” хэмээх дэлхий даяар алдаршсан дууг “Гондоонтой муура-а (гондоонтой муура-а) Гүй-э ерөө-ө гондоонтой муураа” гэж монголчлон дуулдаг байв. Уг үг нь их гоё юм билээ, Кубын Гуантана аймагт нэн үзэсгэлэнтэй нэгэн залуу хүүхэн байгааг магтан шүтэж дурлаж буй залуу хархүү… Дэлхий даяараа мэддэг цөөн хэдэн дууны нэг дээ.

Намайг багад хар бор царайтай нэгнээ куба хүн гэж хочлох эсвэл зүйрлэдэг байлаа. Үнэндээ Кубын нийт иргэдийн ердөө арав орчим хувь нь нигеройд юм байна. Кубын тамирчид гэхээр алдарт Стивенсон, Эрнандос гээд дан хар арьстнууд байх болохоор тэднийг Кастрогоос бусад нь нигер юм байна гэж ойлгодог байсан юм болов уу.

Испанийн колони байсан Кубыг 1898 онд АНУ-Испанийн дайнаар америкчууд чөлөөлөн тусгаар тогтнолыг нь олж өгчээ. Ерөөсөө Ерөнхийлөгч Монрэгийн номлол ёсоор нийт Америк тивд европынхны эрх ашиг гэж байх учиргүй, АНУ-ын хувьд өөртөө колони оронтой байж болохгүй зарчимтай. Кубыг чөлөөлөх дайнд тухайн үедээ ихэд нэрд гарсан яруу найрагч Хосэ Марти алагджээ. Иймээс Марти бол нийт кубачуудын үндэсний баатар, бахархал нь. Мөнөөх дайны дараа ч, Батистын дэглэмийн хувьд ч, хувьсгалт Кубын хувьд ч, хувьсгалаас зугтаан Флоридад очсон дүрвэгсдийн хувьд ч Марти бол үндэсний шүтээн. Куба нь социалист лагерт хамаарч байхад ах дүү олон орон Хосэ Мартигийн нэрэмжит газар, хөшөө дурсгалыг зөндөө байгуулсан, босгосон. Улаанбаатарт гэхэд л Хосэ Мартигийн нэрэмжит 52 дугаар сургууль гэж бий шүү дээ. Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургууль гэх мэтийг ч одооны залуус мэдэхгүй, хууччуул нь мартсан байх аа даа.

Дэлхийн гуравдугаар дайн дэгдэхтэй шахсан “Карибын хямрал” гээч юм 1962 онд болсон юм. Зөвлөлтийн удирдагч Хрушёв АНУ-ын хөрш эрэг болох Кубад цөмийн пуужин байрлуулаад Америкийг онилжээ. Америкчууд үүнийг олж мэдээд цөмийн довтолгооны эсрэг дайнд бэлдэв. Хэд хоногтоо дэлхий сүйрлийн ирмэгт дэнжигнэж байгаад хоёр тал биендээ буулт хийн намжсан билээ. Хрушёв Америкийн Ерөнхийлөгч Кэннэдитэй ойлголцон пуужин харвахаа больсон явдалд залуу Кастро боож үхэх шахан уурссан гэдэг. Хэрэв цөмийн тулаан болсон бол юун түрүүн Кубын арал алга болох байлаа. Гүэ ерөө, гондоонтой муураа!

Хоёр том гүрэн дайтахаас татгалзсанаас хойш Куба арал коммунизмд дэвшин орох зорилго бүхийгээр социализм байгуулж гарлаа. Куба бол онцгой сайхан цаг агаартай арал. Иймээс америкчуудын хөрөнгө оруулалтыг их татсан, тэдний амралт зугаа цэнгэлийн гол газар, казино тоглох том төв болжээ. Харин хөршөө дэлхийн хувьсгалаар айлгах болсон учир нийт Америк тивийн зүгээс эдийн засгийн хоригт орлоо. Номхон далайн төвд орших Хаваи арал Кубыг орлох болсноор өнгөрсөн 60 жилд асар их хөгжив. Өөрөөр хэлбэл Хаваи нь Кубын бизнесийг булаагаад авчихсан гэсэн үг.

ЗХУ ба социалист хамтын нөхөрлөлийн буянаар Куба ч сайхан л байлаа. Өртөгт нь тэд ЗХУ-д 25 тэрбум долларын өртэйгөөр коммунист ертөнцийн төгсгөлийг угтав. Гэвч Хойд Солонгосын хамтаар коммунизмын сүүлчийн цайз болон үлдэж хоцордгийн. Гүэ ерөө, гондоонтой муураа! Дэлхий даяар коммунист систем нурчихаад байхад ямар нэг шилжилт хийхийн оронд ах дүү Кастрогийн дарангуйллаас салахгүй зууралдсаар үлдсэний золиос ч их гарсан даа. Кастрогийн дэглэмээс зугтааж Маяамид очсон дүрвэгсдийн тоо хэдэн сая болсон ба тэд хэрэв дэглэм нурвал Америкт буй болгосон өөрсдийн асар их хөрөнгөөр гуйлгачин болсон Кубыг дор нь босгоно гэж амлаж байлаа. Харин энэ үед хүнсний дутагдалд орсон Кубад зэрлэг өвс, нишингийн навчийг хэрхэн яаж буцалган хүнсэнд хэрэглэн өл залгаж болох тухай зурагтаар хичээл зааж байв.

1989 онд Ромын пап Кубад айлчилснаар тэдний эсрэг авсан олон улсын хориг ихээхэн зөөлөрсөн юм. Гэвч кастрочууд дэлхий дахиныг хамарсан социалист хувьсгал заавал ялна гэдэгт итгэсээр. Кубачууд Ангол дахь иргэний дайнд хутгалдан орж социалист баримжаатай гэгдэх МПЛА намын засгийг дэмжин алс Африкийн ширэнгэ рүү цэрэг арми илгээсэн. Үүнд ямар их өртөг гарна гэж санана. Анголын иргэний дайн ч дууслаа, мөнөөх социалист баримжаатай гэгчид нь нөгөө сөрөг хүчинтэйгээ алмааз, нефть л булаацалдаж байсан юм билээ, үхсэнийх нь социализм, коммунизм! Гүэ ерөө гондоонтой муур аа! Кубачууд дэлхийн хувьсгал хийх шохоорхолдоо хөтлөгдөн Этиопын иргэний дайнд ч оролцон тийш цэрэг илгээсэн. Харин тэндээс Гуантана аймгийнх шиг хөөрхөн хүүхэн ганцыг ч олж хараагүй.

Латин Америкийг тэр чигээр нь хувьсгалт болгох гэж их ч зүтгэсэн, асар их зоос үрсэн. Далан онд Чилид социалист-коммунист хамтарч сонгуульд ялаад Алендигийн Засгийн газар байгуулагдав. Мань Фидель улс орноо мартаад Чилид 50 хоног айлчлав. Айлчлав ч юу байхав дээ, мэргэжлийн хувьсгалч маань тэнд бараг тосгон болгоноор орж сайн дурын багш хийхгүй юу. Никарагуад сандинистууд төр булаасны дараа кубачууд хэсэг багшилсан. Грэнада хэмээх жижигхээн арал дээр дэлхийн анхны англи хэлт коммунист улс байгуулах гэж баахан пижигнүүлээд эцэст нь Ерөнхийлөгч Рэйгэнд нам даруулсан. Дэлхийн хувьсгалын бэлгэ тэмдэг Чэ Гэвари Болив улсад хувьсгал хийх гэж яваад “болив” болсон шүү дээ. Кубын хувьсгалын голлох толгойлогчийн нэг тэрээр Кастро нартай муудалцаад өөр оронд өөрийн шинэ хувьсгал хийхээр яваад алуулжээ. Андын нуруунд партизанчилж явсан түүний нуугдсан газрыг мань Фидель зааж өгсөн гэлцэх юм билээ. Гэхдээ өнөөдөртөө Чэ Гэваригийн зураг хөрөг, ном судар, хөшөө дурсгал бол Куба улсын нэг том имиж, ер нь орлогынх нь тодорхой хувийг ч эзэлдэг байх.

Коммунизмын тухай найдлага тасардгийн даваан дээр нефтиэр баялаг Вэнэсуэлд Чааваас нэртэй нэгэн индиан Ерөнхийлөгч болж “Латин Америкийн социализм” гэсэн шинэ идээ гарган хөгжүүлэв. Энэ үзэл нэг хэсэгтээ ихэд моод болж үүнд Болив, Никарагуа, Аргентин, Бразил бүтэн ба хагас маягаар хамрагдах нь тэр. Кубад тавьсан олон улсын хориг нь анагаах ухаан, боловсролыг нь хамаараагүй юм. Иймээс сүүлийн 60 жилд Кастрогийн олсон хамгийн том гавьяа нь боловсрол, эрүүл мэнд билээ. Хоцрогдсон орны жишгээр бол тэд анагаах ухааны салбарт бараг л сансарт гарсан гэсэн үг. Хавдар туссан Чааваас Гаваньд ирж л эмчлүүлж байлаа шүү дээ. Эмч болон эмнэлгийн үйлчилгээ бол Кубын гол экспортын нэг. Эмч нар нь Вэнэсуэлд олноороо очин ажиллаж хариуд нь Куба газрын тосоо тэндээс импортолно. Куба эмч нар Латин Америк, Африкийн олон оронд ажиллаж байгаа. Харин дэлхийн хувьсгалын тухай мөрөөдөл нь одоо л бөхөх тийшээ хандаж буй бололтой. Чааваас үхчихлээ, залгамжлагч нь сая сонгуульд ялагдчихлаа. Аргентинд латин америк социализмынхан будаа болсон, Бразилд найдваргүй болж байна.

Өнөө жил 90 насыг зооглож буй Фидель Кастро хүнд өвчний улмаас өөрийн төрсөн дүү Раулд хэдэн жилийн өмнө төрийн эрхийг шилжүүлсэн билээ. Ная гарсан Раул ахдаа загнуулан шүүмжлүүлэн байж улс төр эдийн засгийн шинэчлэл хийгээд эхэлсэн. Залуу хүн гэсэндээ өөр юм аа, гүэ ерөө гондоонтой муур аа!

Валютыг нь пэсо гэх ба ханш нь албан ёсоор америк доллараас хүчтэй юм. Гэхдээ энд гадаад валюттай харьцдаг, харьцдаггүй гээд хоёр өөр мөнгө зэрэгцэн үйлчилдэг. Хойд Солонгост бас тэгдгийн. Хүмүүсийн дундаж цалин сарын 30 орчим доллар байгаа нь сүүлийн 3-4 жилд гарсан том ахиц аж. Гэтэл бараа үйлчилгээний үнэ цалинтай нь харьцуулахад тэнгэрт тулсан. Кубыг зэргэлдээ Мексиктэй харьцуулахад цалин нь 3-4 дахин бага мөртөө бараа үйлчилгээний үнэ 2-3 дахин өндөр. Харин манайд хөдөлмөрийн доод хөлс сард 100 доллар байдаг бол Мексикт дундаж цалин ийм л дээ.

Ийм бага хөлстэй өндөр өртөгтэй газар 11 сая хүн яаж шүү болгож байна аа!? Нэг л нууц байгаа даа? Юун түрүүн энэ ард түмэн сүүлийн 60 шахам жил дан картын системээр явж ирсэн юм байна. Тэрүүгээрээ Хойд Солонгостой адил. Хоёрдугаарт, эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд дүү Кастро ноднин уржнангаас хувиараа ТҮЦ маягийн аж ахуй эрхлэхийг зөвшөөрчээ. Хувийн жижиг гуанз, үйлчилгээний газрууд энд тэнд нээгдэх болсон гэнэ. Гуравдугаарт, гадаадад байгаа ах дүүгээсээ валют оруулж ирэхийг саяхнаас зөвшөөрчээ. Сэм авгынд зугтан дүрвэсэн хэдэн сая кубачууд бий. Ингэхээр айл болгон Америкт “ахтай” гэсэн үг. Лав л Гаваньд энд тэндгүй АТМ тавьчиж. Америк дахь “ах” нь мөнгөтэй “виза”, “мастэр карт” явуулчихдаг гэнэ. Зах зээл, аан? Гүэ ерөө гондоонтой муураа?

Нийслэлийг нь Хабана гэнэ, англиар Хавана гэх, харин орос-монголоор Гавань болчиж байгаан. За тэр ч бага хэрэг. 1959 онд америкчуудыг хөөж гаргаснаас хойш энэ том хотод байшин барилгын хувьд ямар ч өөрчлөлт гараагүйг тэр үеийн фото гэрчилнэ. Өндөр барилга, өргөн гудамж байх ч хувьсгалын өмнөх л ололт. Хоёр сая хүнтэй энэ хот сүүлийн 60 шахам жилд эмнэлгийн нэг том байр, баахан хувьсгалчдын хөшөө дурсгалаас өөр юмаар баяжаагүй гэх. Харин ч хувьсгалын өмнөх үеийн фото илүү хөл хөдөлгөөнтэй хотыг харуулах аж. Энэ үзүүлэлтээр Хойд Солонгосоос илэрхий хоцрогдолтой. Харин урвайж харлан зовлон зүдгүүрээ нүүрэндээ тээсэн хойд солонгосчуудыг бодвол кубачууд баяр баясгалантай, инээд хөөртэй. Гуантана аймгийн хөөрхөн охид ч олон.

Куба дахь хамгийн сонирхолтой юмны нэг бол автомашины парк нь. Бөглөө үүсгэчихээр олон машин байхгүй л дээ. Ихэнх нь Зөвлөлтийн үеийн “лада”, “москвич”, “69”. Ямар ч гамтай юм гэмээр, учир нь ийм марк Орост ч ховор харагдах болсон. Гэтэл энэ юу ч биш. Тавиад оны үеийн америк машин маш олон. 60 жил эдэлчихсэн дөч тавиад оны нэн ховордсон тансаг машин гудамжаар жуулчид суулган сүнгэнэнэ. Ийм машин Америкт маш үнэтэй, сонирхох цуглуугч нар олон шүү дээ. Даанч Кастро энэ үнэт эрдэнээ гадагш гаргахыг цээрлэдэг аж. Ганц нэг сэргэлэн нь хөрөөдөж жижиглээд сэлбэг гээд гаргаж дөнгөдөг л гэнэ. Гүэ ерөө яадаг муу муур вэ! Манайхан Солонгосоос Эксэл хөрөөдөж сэлбэг болгон оруулж ирээд Амгаланд хашаанд эргүүлж гагнаад угсарч байсан шиг л юм даа. Жуулчид их цувах болжээ. Өнгөрсөн жил сая гаруй жуулчин ирсэн гэх. Гэнэт онгойсон энэ хаалттай орон өнөөдөртөө бөөн экзотик. Гавань болон далайн эрэг дэх тансаг амралтын газар Варадэро ачааллаа дийлэхгүй, дөрвөн сар өнгөртөл захиалга авч чадахгүй ч гэх шиг томроод л. Куба өвгөрсөн кастрочуудын дараа бүр нээгдэхээр энэ орныг сонирхох сонирхол буурна. Одоо харин сонин дээр нь ч соотгоноцгоож байна аа.

Эдийн засгийн зарим нааштай өөрчлөлт хийж байгаа ч үзэл суртлын хүлээс нь тавираагүй л байна. Өнгөрсөн жилээс интернэттэй болжээ. Харин үнэ хураамж нь куба иргэд байтугай баян америк жуулчин ч барахааргүй өндөр, тэгээд хурд нь ёстой нойл. Интернэт байна уу, байна. Хэн ч хэрэглэж болох уу, болно. Ингэхээр эрх чөлөө байна уу, байна. Гүйэ ерөө, гондоонтой муураа??? Гадаадаас цахилгаан бараа оруулж ирвэл 500 хувийн татвартай. Тэгсэн мөртөө л америк ахын явуулсан ухаалаг гар утсыг энд тэндгүй л барьчихаж. Утасны хураамж тамтаггүй өндөр, тэгсэн мөртөө л утасны карт худалдаж авахын тулд хэдэн цаг оочерлоно. Гүйээ ерөө… гэж гайхмаар байгаа биз? Сансрын антень тавихыг хориглоно, гэхдээ зурагт нь Хойд Солонгостой харьцуулахад овоо хэдэн сувагтай. Венэсуэлийн сувагтай, тэрүүгээр нь халтар царайтын дүү нар гарна. Оросын ганцхан инээдмийн суваг бий. Ах нарт итгэхээ больжээ. Харин сонирхолтой нь Хятадын хэд хэдэн суваг ажиллаж байна гээч. Англиар гардаг ганц суваг нь Хятадын “ССТV 9”. Ер нь энд хятадууд нэлээд идэвхжиж буй нь нүдэнд ил. Сүүлийн үеийн машин техник автобус зэрэг нь дан Хятадынх. Дэлгүүр нь ядуу, сонголт байхгүй, байгаа барааны дийлэнх нь хулхи, дуураймал, тэгээд ч дэндүү өндөр үнэтэй. Ерөнхийдөө л манай социализмын үеийн дүр зураг тэр чигээрээ л харагдана даа. Гэхдээ эд Хойд Солонгосыг бодвол шинэчлэл реформ хийгээд эхэлчихжээ. Өвгөрсөн удирдлагын ч өнгөрөх нь ойртчихож. Гарсиа Маркэсийн “Патриархын намар”! Өргөж аваад өөд нь татчих ах дүү нь ч Маяамагийн эргээс ширтэж байна. Болно доо болно, цаг хугацааны л асуудал. Манай мэдээллийн хэрэгслээр Кубыг социализмын үеийн хэллэгээр “Эрх чөлөөний арал” гэж хочилцгоох юм. Бусдыг эмзэг цэгээр нь дайруулан дооёолох нь үгүйдээ л муухай шүү дээ, боль л доо, еээ, гүээ ерөө гондоонтой муураа.

1959 онд америкчууд хөөгдөөд явсны дараа Элчин сайдын яамных нь арван хэдэн давхар байшин үлдэж. Өнгөрсөн жараад жилийн турш тэр том хоосон байшинд гагцхүү консулын хоёр ажилтан л байсан юм байна. Элчингийн хоосон байрыг тойруулаад арав гаруй метрийн өндөртэй зуугаад шон босгоод Кубын далбааг “сүргээр” нь намируулжээ. Түүгээр үл барам элчин рүү харуулан Vencermos гэсэн томоос том бичиг бүхий хөшөө босгосон байх юм. Өнгөрсөн зун Куба нь АНУ-тай дипломат харилцаагаа сэргээн Гаваньд хуучин байранд нь Элчин сайдын байрыг нээв. Кубачууд ч өнөө зуун том далбаагаа хураагаад ганцыг л үлдээж. Хөшөө нь одоохондоо байна. Удахгүй нураана биз дээ. Хэн нь вэнсэрмос болсон юм бэ дээ? Аан? Гүйээ ерөө гондоонтой муураа?!

2016.2.20

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *