Categories
мэдээ цаг-үе

Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг: Дэлхийн эзэнт гүрнүүд эдийн засгийн хямрал гэсэн ганцхан шалтгаанаас болж мөхсөн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Голомт банкны гүйцэтгэх захирал, Монголын банкны холбооны ерөнхийлөгч, Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Таны бичсэн “Санхүүгийн философи” номноос эзэнт гүрнүүдийн мөхөл дайн тулаанаас биш эдийн засгийн хямрал сүйрлээс болсон гэсэн сонирхолтой гаргалгаа анзаарагдлаа. Хубилай хаан гэхэд л цэрэг, армийн сайндаа биш Сүн улс инфляцид идэгдсэнээс болж ялалт байгуулж Юань гүрнийг мандаасан болж таарлаа. Өмнө нь уншиж дуулаагүй дүгнэлт байна..?

-Эзэнт гүрнүүд биенээ цэрэг зэвсгээр сүйрүүлдэг гэсэн нийтлэг ойлголт байдаг. Үнэн хэрэгтээ дандаа эдийн засгийн хямралаас болж сүйрсэн нь түүхээс тод харагддаг. Дайнд ялахад мэдээж мундаг жанжны ур ухаан гэж байна. Гэхдээ зоосны хоёр талын нэгд нь тоо, нөгөөд нь сүлд байдаг шиг мундаг жанжин байгаад санхүүгийн зөв механизмгүй бол дайнд ялагддаг. Миний номонд түүхийн маш олон нээлт хийгдсэн. Хүн төрөлхтний түүхийг санхүүч, эдийн засагч хүний нүдээр харж бичсэн учраас тэр л дээ. Миний хувьд ч ялгаагүй хувь хүнийхээ тухайд олж сонсоогүй дүгнэлтүүдийг хийсэн. Магадгүй дэлхийн өнцөг буланд өөр хүн надтай адил дүгнэлт хийж ном бичсэн байхыг үгүйсгэхгүй. Сүн гүрэн монголчуудтай байлдахын тулд маш их мөнгө хэвлэснээс болж инфляцид идэгдсэн. Тэгэхээр монголчууд цэрэг дайны давуу талаар л Сүн улсыг ялсан гэж ярих нь өрөөсгөл.

Сүн гүрний эдийн засаг ганхаж, өндөр инфляцид идэгдсэн учраас ялагдсан юм. Хубилай хаан Сүн гүрнийг эзэлснийхээ дараа маш зөв бодлого явуулсан. Ард иргэдийнх нь сэтгэл санааг тайвшруулахын тулд үнэ цэнэгүй болсон цаасан мөнгийг нь чао цаасан мөнгөөрөө сольж өгсөн юм. Ингэж ард түмнийг нь өөртөө татсан байдаг. Товчхондоо эдийн засгийн мундаг бодлого явуулсан.

-Юань гүрэн бас санхүүгийн хямралаас болж сүйрсэн үү?

-Тэгсэн. Мөн л цаасан мөнгө их хэмжээгээр хэвлэсэн. Япон руу хоёр удаа бүтэлгүй дайралт хийхдээ хэдэн мянган цэргээ алдсан. Хөлөг онгоцууд нь сүйрсэн. Сүйрсэн хөлөг онгоц бүрийн ард их мөнгөний зарлага бий. Юань гүрэн Хубилай хаанаас хойш энэ мэт алдагдлаа санхүүжүүлэхийн тулд цаасан мөнгийг асар их хэмжээгээр хэвлэсэн. Үр дүнд нь инфляци болж, Юань гүрний чао цаасан мөнгөний ханш арав дахин унаж эдийн засгийн хямралд орсон. 1280-аад оны сүүлээс байнгын эдийн засгийн хямралтай аж төрцгөөсөн. Дараа нь 1320-иод онд байгалийн ган зуд нэрмэж ургац тариа гараагүй. Тартагтаа тулсан тариачид бослого хийснээр Юань гүрэн мөхөж Мин гүрэн байгуулагдсан юм. Миний бичсэн ном “Санхүүгийн философи” гэсэн нэртэй ч дан эдийн засгийн бодлогуудыг заасан гэдгээрээ онцлогтой. Ард түмний хүлээлтийг яаж зөв удирдах вэ, хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах вэ гэдэг асуултын хариу ч бий.

-Хүн төрөлхтний түүхэнд тод үлдсэн Ромын эзэнт гүрний сүйрэл бас эдийн засгийн хямрал гэсэн шалтгаантай юу?

-Мөн л тийм. Ромын засаг хэт их мөнгө хэвлэснээсээ болоод мөнгө нь үнэгүйдэж сүйрсэн. Ромын эзэнт гүрэн оргил үедээ 500 мянган хүнтэй байнгын армитай байсан. Өнөөгийн дэлхийд 500 мянган хүнтэй байнгын армитай улс гарын таван хуруунд ч хүрэхгүй гээд төсөөлөхөөр аварга тоо л доо. Ромын төр тэр олон цэргийнхээ хоол хүнс, цалин цуух гэх мэт зардлыг олж армиа санхүүжүүлэхийн тулд мөнгийг их хэмжээгээр хэвлэж эхэлсэн. Тухайн үед Ромын динар буюу цэвэр мөнгөн зоосны орцны 96 хувь нь цалин цагаан мөнгө байсан юм. Гэтэл манай эриний 200 онд зоосон мөнгөнийх нь цэвэр мөнгөний орц дөрөвхөн хувь болсон. Хүрлээр солигдсон гэсэн үг. Баян худалдаачид ийм шалтгаанаар цэвэр мөнгийг гэртээ хурааж эхэлсэн байдаг. Үр дүнд нь маш өндөр инфляци болж, бараа таваарын үнэ хэдэн мянга дахин өссөн. Ингээд гуравдугаар зууны эдийн засгийн хямрал гэж хүн төрөлхтний түүхэнд бичигдсэн хамгийн анхны эдийн засгийн хямрал болсон юм.

-Түүхийг наашлуулъя. Наполеоны ялагдлыг санхүүгийн хямралтай холбож бичсэн тайлбар таны номны сонирхол татсан түүхийн нэг байсан…?

– Наполеон англичуудтай хийсэн тулааны үеэр ялагдсаныг бүгд мэднэ. Англичууд тухайн үед Лондонд хөрөнгийн захыг аль хэдийнэ хөгжүүлсэн байсан. Хөрөнгийн захаараа дамжуулж их хэмжээний мөнгө босгож цэрэг армиа санхүүжүүлж байсан юм. Дайн гэдэг бол ерөөсөө санхүү шүү дээ. Мөнгөгүй хүн дайн хийж чадахгүй. Англичууд дайн хийх мөнгөө хөрөнгийн захаасаа босгож байсан бол францчууд Наполеоныг хүртэл хөрөнгийн захаа хөгжүүлээгүй улс. Наполеон Итали, Голланд руу дайрахдаа Италийн банкны төвийг, Голландын Хөрөнгийн захын төвтэй нь дээрэмдчихсэн. Итали тэр үед олон улсын банкны төв байсан бол Голландын Амстердам хотод олон улсын хөрөнгийн захын төв байрлаж байлаа. Наполеон энэ хоёр улсыг эзлэхдээ банк, хөрөнгийн захыг нь тонож дээрэмдсэн. Италийн 300, 400 жилийн түүхтэй банкуудыг хаасан. Дэлхийн хөрөнгө санхүүгийн төв хүссэн хүсээгүй Лондон руу шилжсэн нь цаанаа ийм учиртай. Европын бүх баячууд Наполеонд дээрэмдүүлэхээс айж хөрөнгө мөнгөө Лондонд хадгалсан юм. Англичууд үүн дээр маш том либерал бодлого баримталсан байдаг. Наполеон дээрэмдсэн мөнгөөрөө Орос руу дайраад ялагдал хүлээсэн. Буцаж ирээд цэрэг армиа босгох гэсэн ч мөнгөгүйдсэн. Ийм л шалтгаан бий.

-Наполеон Англитай хийх дайнаа санхүүжүүлэхийн тулд Америкт одоогийн Луйзанагийн газар нутгийг зарсан, тэр наймааг Английн Хөрөнгө оруулалтын Барингс зуучилсан гэл үү?

-Тухайн үеийн гурван сая шилжих доллараар зарсан байдаг. Луйзанагийн газар Америкийн нутаг дэвсгэрийн яг голын хэсэг. Нутаг дэвсгэрийнх нь гуравны нэгээс дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний газар. Энэ худалдан авалтыг Лондонгийн Хөрөнгө оруулалтын Барингс банк Лондонд Засгийн газрын бонд гаргаж санхүүжүүлсэн. Америкууд өнөөдрийн газар нутгаа бий болгохын тулд хоёр үндсэн худалдан авалт хийсний нэг нь л дээ. Нөгөөх нь оросуудаас худалдаж авсан Аляск.

-Ийм том санхүүжилт босгож байсан Барингс банкны дампуурал ганцхан хүнээс болсон гэхээр хөрөнгө оруулалтын банк гэж маш нарийн хяналт шаардсан бүтэц байна аа даа?

-Барингс бол дэлхийн хамгийн анхны хөрөнгө оруулалтын банк. Тухайн үеийн буюу 1830, 1840-өөд оны сонин хэвлэлүүдээр дэлхийн зургаа дахь хүч гэж бичдэг байсан банк шүү дээ. Тухайн үед Австри, Герман, Орос, Англи, Франц гэсэн геополитикийн таван хүч байлаа. Барингс банк 200 гаруй жил оршин тогтносон. 1776 онд байгуулагдаад 1995 он хүртэл ажилласан түүхтэй. 1995 онд санаандгүй байдлаар дампуурсан. Дэлхийн олон улсад салбартай энэ банкны Сингапур дахь салбарын дилер Токиогийн Хөрөнгийн бирж дээр маш их хэмжээний арилжаа хийгээд асар том алдагдал хүлээсэн байдаг. Нэг шөнийн дотор тэрбум гаруй долларын алдагдал хүлээж дампуурсан түүхтэй. 200 гаруй жилийн түүхтэй том институци багахан хяналт болгоомж алдсанаас болж нурсан. Хөрөнгө оруулалтын банк ямар их анхаарал болгоомж шаардсан ажил гэдгийг харж болохоор жишээ л дээ.

-Эзэнт гүрнүүд эдийн засгийн хямралаас болж мөхдөг гэсэн жишээнүүдийг өнөөдөртэй уяад харахаар манай улсын хувьд лав тайвшрахааргүй нөхцөл үүсчээ гэсэн гаргалгааг хийчихэж болохоор байна. Манайх шиг социализмаас зах зээлийн нийгэм рүү шилжсэн улс орнуудын хувьд валютын ханшийн сулрал нийтлэг үзэгдэл үү, эсвэл бид ганцаараа буруу алхаад байна уу?

-Таны асуултад хариулахаас өмнө би зээлийн хүүний талаар яримаар байна. Миний хувьд Зээлийн хүү буулгах үндэсний стратеги гэсэн баримт бичгийг Монголын түүхэнд анх удаа боловсруулж Монголбанк, Сангийн яам, УИХ-ын холбогдох байнгын хороонд өргөн барьсан ч энэ асуудал хэлэлцүүлэгт ороогүй жил гаруй болж байна. Би боловсруулсан стратегидаа зээлийн хүү яагаад өндөр байгааг анх удаа тайлбарласан. Монгол Улсын эдийн засгийг өвчтөн гэж харах хэрэгтэй. Зээлийн хүү өндөр байгаа нь өндөр хэмтэй халуурч буй хэрэг. Валютын ханш өндөр байгаа нь даралт огцом ихэслээ гэсэн үг. 28 жилийн турш валютын ханш, зээлийн хүү яагаад өндөр байгааг оношилж чадахгүй өнөөг хүрсэн. Валютын сангийн хөтөлбөрт өчнөөн хамрагдсан ч шийдэж чадаагүй. Одоо таны асуултад хариулъя. Манайхтай адил социалист нийгэмтэй байж байгаад чөлөөт зах зээл рүү шилжсэн орнууд бүгдээрээ шахуу зээлийн хүүгээ нэг оронтой тоонд шилжүүлж чадсан. Монгол шиг валютын ханш нь 120, 130 дахин унасан улс гэж дэлхийд байхгүй. Ийм учраас миний хувьд өвчнөө оношилъё гэж зорьсон. Зээлийн хүү өндөр байгаагийн онош нь ерөөсөө л валютын ханш. Эдийн засагчид зээлийн хүү гэхээр мөнгөний нийлүүлэлт, инфляци ярьсаар өнөөг хүрсэн. Өндөр хүүний шалтгааныг буруу зүйлээс хайгаад байсан хэрэг.

-Онолоороо бол зээлийн хүүг инфляци, мөнгөний нийлүүлэлттэй холбох ёстой гэдэг шүү дээ?

-Макро эдийн засгийн онолд зээлийн хүүг мөнгөний нийлүүлэлт, инфляцитай холбож авч үздэг нь үнэн л дээ. Гэхдээ макро эдийн засгийн онол чинь Монгол шиг жижигхэн эдийн засагтай, Хятадаас бараг 100 хувь хамааралтай улсад зориулагдаагүй. Англи, Америк шиг чөлөөт зах зээлээр дор хаяж 400 жил явчихсан зах зээлүүдэд зориулсан онол. Үүнийг Монголынхоо хөрсөнд шууд тавих гэж оролдоод байсан нь бидний алдаа. Үнэн хэрэгтээ Монголд зээлийн хүү валютын ханшаас л болж өндөр байгаа. Долларын ханш байнга өсч байдаг учраас зээлийн хүү өндөр байсаар өнөөг хүрсэн. Хэдийгээр УИХ зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги батлаагүй ч Монголын банкны холбооноос арга хэмжээнүүд авсан. Үр дүнд нь зээлийн хүү 18-аас 16 болж буурсан.

-Зээлийн хүү хоёр хувиар буурсан нь эдийн засагт яалт ч үгүй сайн мэдээ. Гэхдээ ам.долларын ханш 2500 давчихлаа. Тэгэхээр буусан хүү дагаад өсч таарах уу?

-Харамсалтай нь тэгэх өндөр магадлалтай. Ам.долларын ханшийг 2500 гаргаад алдчихлаа. Одоо Монголбанк маш том сорилтын өмнө зогсч байна. Бодлогын хүүгээ өсгөхөөс аргагүй нөхцөл байдалд орж магадгүй. Ингэх юм бол бууж байсан зээлийн хүү эргээд өсөх эрсдэл харагдаж байна. Миний хувьд санаа зовж байна. УИХ-д хандаж зээлийн хүү бууруулах стратегийг даруйхан батлаач ээ гэж танай сониноор дамжуулан хэлье. Монголын банкны холбооны ерөнхийлөгчийн хувиар, энэ улсын эдийн засагчдын нэгний хувиар, санхүүгийн зах зээлтэй хорь гаруй жилийн амьдралаа холбосон хүний хувьд уриалмаар байна. Монголбанкны гаргасан хувилбар, Ганзоригийн бичсэн үндэсний стратеги, эсвэл энэ хоёрын дундын хувилбар байна уу хамаагүй, аль нэгийг нь хурдан батлаад ажил хэрэг болгомоор байна. Хурдан батлаад Засгийн газар, Монголбанкинд үүрэг өгөөд тусгай үндэсний зөвлөл комисс томилоод явмаар байна. Монголбанк, Сангийн яамыг удирдаж, Монгол гэдэг улсын эдийн засгийг авч явж байгаа бол өнгөрсөнд ямар үйл явдал болсон тухай түүхүүд бэлээхэн байна. 2000 жилийн өмнөх Ромын эзэнт гүрэн, 2300 жилийн өмнөх Грек, Македоны эзэнт гүрэн, тэрнээс хойшхи Хубилайн Юань гүрэн, Мин гүрэн, Европын Ротшилд, Рокфеллер, Наполеоний түүхийг унших хэрэгтэй. Эргэж харах учиртай түүхүүд. Энэ бүгдийг би номондоо бичсэн. Онолын ном уншаад ойлгохгүй хэсэгт бүр түүхтэй нь холбож гаргаж ирээд биччихсэн байгаа.

-Зээлийн хүүг валютын ханштай уяж хараад ярьдаг улстөрч өнөөхөндөө алга. Банкныхан хүүгээ буулгахгүй байна гэсэн шүүмжлэл л хүчтэй сонсогддог…?

-Хуучин коммунист, солциалист улсаас валютын ханшаа хамгийн ихээр алдсан, хамгийн өндөр зээлийн хүүтэй улс болсон гэж би түрүүн онцолсон. Харамсалтай нь энэ бүхэнд банкуудыг буруутгаж дайрсаар өнөөг хүрлээ л дээ. Улс төрийн явуулга, хагалган бутаргах гэсэн оролдлого аль нь болохыг хэлж мэдэхгүй байна. Орчин үеийн эдийн засгийн ухааны номны эхний таван хуудсыг уншсан хүн банк зээлийн хүү тогтоодоггүйг мэднэ. Зээлийн хүү гэдэг бол төрийн эдийн засгийн зөв бодлогын үр дүн байдаг. Тэгэхээр төрд шаардлага тавих, УИХ-д 25 жил сууж байгаа гишүүдэд хариуцлага тооцох гэх мэт яриа хөөрөө өрнөвөл илүү эрүүл харагдана. Ингүүлэхгүйн тулд асуудлыг өөрсдөөсөө бултуулж банкууд руу хандуулаад байх шиг. Банкны гүйцэтгэх захирал цаасан дээр гарын үсэг зураад зээлийн хүүг тогтоочихдог бол 28 жилийн турш ингэж явах уу. Үүнд ганцхан шалтгаан, тайлбар бий. Төрийн эдийн засгийн зөв бодлого дээр л анхаарах ёстой. Тийм ч учраас би номондоо улс орны хөгжил дэвшил гэж юу вэ, бонд хувьцаа гаргахын утга нь хаанаа байна гэх мэт асуултуудад хариу өгөхөөр түүхүүдийг бичсэн.

-Бонд гаргах гэснээс бонд гаргаж өрөнд орох хэрэггүй гэсэн байр суурь дуулддаг. Нөгөө талд нь бондоор хөгжихөөс аргагүй гэсэн тайлбар бий. Аль нь зөв хандлага гэж та харж байна вэ?

-Бонд гаргах нь буруу гэж ярьж яваа хүмүүсийн буруу. Бонд гаргах нь зөв гэж ярьж байгаа хүмүүсийн ч буруу. Бид бонд гэдэг инструментээ ойлгох ёстой. Гэхдээ зээл авч хөгжөөгүй, босоогүй улс энэ дэлхийн түүхэнд байхгүй. Монгол тэр түүхээс зөрөхгүй. Хоёрдугаарт, авсан зээлийг зөв зарцуулах ухаан, төлөвлөгөө, ёс зүй төр засагт байгаа болов уу гэсэн асуудал бий. Ингээд харахаар өндөг, тахианы проблем болчихоод байгаа юм. Зээл авалгүйгээр хөгжсөн улс байхгүй.

Гэтэл авсан зээлээ зөв зарцуулах ёс зүй, ухаан, төлөвлөгөө байна уу, манайд. Байхгүй гэж байгаа бол зээл аваад хэрэггүй. Зээл авахгүй бол улс хөгжихгүй. Зээл аваад улсаа хөгжүүлэхийн тулд төр барьдаг хүмүүсийн ёс зүй, төлөвлөгөө, ард түмний төлөө гэсэн өөрийгөө золих сэтгэл хангалтгүй. Эдийн засаг, бизнесийн асар өндөр ухаан хэрэгтэй. Учир нь авсан зээлийг бизнест л хийдэг. Учир нь бизнес баялгийг бүтээдэг гол механизм. Оросын Засгийн газраар жишээ татъя. Хаант Оросын Засгийн газар Лондонгийн бирж дээр бонд гаргаж босгосон мөнгөөрөө төмөр зам барьсан. Ингэснээрээ Хятад, Европын худалдааны голд сууж тээвэрлэгдэж буй ачаанаас татвар авч эхэлсэн. Би 1916 оны хаант засгийн тухай ярьж байна. Ямар ч интернэтгүй, эдийн засгийн ухааны аваад унших ганц ном ч үгүй Хаант Оросын төрийн түшээдийн мэргэн ухааны тухай ярьж байна. Гэтэл өнөөдөр 2018 он. Юу л байна эдийн засгийн ухааны номнууд, бонд гаргасан дампуурсан хожсон алдаа онооны түүхүүд байна. Венесуэл, Туркийн жишээ байна. Турк улс лалын экстримист диктатур руу шилжээд валютын ханш нь унаад юу болов гэдгийг бид харж суугаа. Гэтэл өнөөдөр бид нам дотроо талцаж төслүүдээ харилцан гацаагаад сууж байна. Тавдугаар станцаа ч барьсангүй. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд “Санхүүгийн философи” номоо би улстөрчдөд зориулж бичсэн юм. Зориулж бичсэн улс маань аваад уншихад маш энгийн, Монгол ахуйд хамгийн ойлгомжтой буухаар бичигдсэн. Ном огт уншдаггүй гэдгийг нь мэдэж байгаа учраас, англи хэлгүйг нь ойлгож суугаа болохоор ингэж бичсэн.

-Та “Санхүүгийн философи”-ио орчуулгын ном биш гэсэн байсан. Гадны номноос ямар ч эшлэл аваагүй юу?

-Орчуулгын ном огт биш. Эдийн засаг, санхүүгийн ухаанд гарсан шинэ дэвшил гэж харж байгаа. Манайд өнөөдрийг хүртэл нийтлэгдсэн маш олон номны дийлэнх нь орчуулгынх. Орчуулгын номон дээр нэрээ тавиад гаргадаг нь нууц биш шүү дээ. Шуудхан хэлэхэд эрдэмтэн мэргэд нь ингэж ёс зүйн доройтолд орчихоор улстөрчдийн тухай яриад хэрэггүй юм шиг санагддаг. Миний амбиц маш тодорхой байсан. Гадаад хүний ямар ч номыг ашиглахгүй гэж анхнаасаа зорьсон. Юуны төлөө хориод жил санхүүгийн салбарт зүтгэлээ, банк, даатгал, хөрөнгийн захыг дамнан ажиллалаа. Монгол хүний толгойгоор анх удаа ном бичье гэж амбицлаад бичсэн. Номоо бичихдээ УИХ-ын гишүүн хүн л уншина гэж байнга бодож, тэр хүнийг л уншихад ухаанд нь дусал нэмэр болохсон гэж бодож бичсэн ном. Мэдээж хэн ч уншиж болно л доо. Номоо үнэгүй тараамаар байсан ч үнэгүй зүйлийг хэн ч тоохгүй хаядгийг бизнесийн салбарт олон жил ажиллахдаа харж мэдэрсэн учраас зориуд 50 мянга гэдэг сансрын үнээр зарж байгаа. 50 мянган төгрөгөө төлөөд авчихвал унших байх гэж бодсон юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны санаачилж байгуулсан Дэлхийн санхүүгийн түүхийн музейн анхаарал татсан үзмэрүүдээс сонирхмоор байна…?

-Манай Дэлхийн санхүүгийн түүхийн музейд Хубилай хааны гаргасан оргиналь чао цаасан мөнгө байна. Одоогоос 800 орчим жилийн өмнөх дэвсгэрт. Монголчууд зарим хүний хэлдэг шиг анхны цаасан мөнгийг гаргаагүй. Харин цаасан мөнгийг өдөр тутмын гүйлгээ, хэрэглээнд оруулсан улс нь монголчууд.

-Хубилайн үеийн цаасан мөнгийг хаанаас авах уу?

-Аукционоос худалдаж авдаг. Цуглуулагчдаас.

-Эртнийх болох тусмаа үнэтэй юу?

-Эртнийх тусмаа үнэтэй. Ховор тусмаа үнэ нь өсдөг. Зооснуудын хувьд хэр тод вэ гэдгээсээ үнэ нь хамаардаг юм. Дээр үеийн зоосон мөнгөнд тоо гэж байхгүй. Жингээрээ явдаг. Тэгэхээр сүлд нь хэр тод байна вэ гэдгээс үнэ нь хамаарна гэсэн үг. Металлын орц бас их чухал. Цэвэр, мөнгө алт эсэх, хэмжээ нь хэр том гэдгээр үнэ нь хэмжигддэг.

-Зооснуудаас эртнийх гэвэл танай музейд аль үеийн зоос байна?

-Македоны Александрын үеийн мөнгөн зоос байгаа. 2300 жилийн өмнөх зоос гэсэн үг. 2000 жилийн өмнөх Ромын захирагч Юлий Цезарийн мөнгөн зоос бий. Чамгүй үнэтэй. Юлий Цезарь, Македоны Александрын алтан зооснууд дийлдэхгүй л дээ. Дэлхийн санхүүгийн түүхийн музейг зоосны цуглуулга төдийгөөр харж болохгүй. Манай музейн даатгалын үзмэрүүд маш ховор, сонирхолтой цуглуулгуудтай. Анхны амьдралын даатгалын компанийн гэрээ бий. 1720 оных.

Хүн төрөлхтний түүхэнд гаргасан даатгалын анхны сурах бичиг байна. 1480 онд хэвлэгдсэн ном. Анхны галын даатгалын компанийн үзмэрүүд, хамгийн эртний банкны бонд, хувьцаанууд байгаа. “Монголор” нийгэмлэгийн 1911 онд Санктпетербургийн Хөрөнгийн биржид гаргасан хувьцаа бий. Тэндээс босгосон мөнгөөрөө Бороогийн алтны уурхайг ажиллуулсан байдаг юм. Одоо шуугиан болоод байгаа Ноён уул шүү дээ. Тэнд 15 мянган хүнтэй асар том алтны уурхай эрхэлж байсан. “Монголор”-ын тэр үед гаргасан хувьцааг ганц хоёр хүнд дурсгасан. Музейд нэг хувь нь бий.

-“Монголор” нийгэмлэгийн хувьцаа эзэмшигчид нь ямар хүмүүс байсан бол?

-Норвегийн хатан хаан, Белги, Франц, Голландын маш олон хөрөнгө оруулагч хувьцааг нь худалдаж авч эзэмшиж байсан. Хөрөнгийн зах гэдэг том бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлдэг газар. Надад Оросын 1820, 1915, 1916 оны бондууд бий. Оросууд энэ бондуудаар төмөр зам барьсан. Дахиад хэлэхэд санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжил гэдэг бол улс орон, олон улсын хөгжлийн гол хөшүүрэг гэдэг нь миний бичсэн “Санхүүгийн философи” номноос харагдана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *