Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гологдсон хүүхнүүд минь яажшуухан олимпдоо оролцох бол доо …

Их зохиолч Ц.Дамдинсүрэнгийн туурвисан “Гологдсон хүүхэн” хэмээх нэгэн тууж бий. Энэ алдартай туужийг уншаагүй хүн үгүй болов уу. Ядаж киног нь үзсэн байж таарна. Баян Болдын барлаг зарц нарын нэг Долингорынх охиноо жигтэйхэн голж ирээд л айлд өргүүлчихдэг юм, хожим эцэг эхдээ гологдсон өнөөх Цэрэн хүүхэн эрдэм мэдлэгтэй сайхан бүсгүй болж, амжилтад хүрсэн тухай өгүүлдэг. “Тэр жил баялаг айлын хар нутаг дээр гуйлгачны бор гэрийн дотор бархиран чарлаж, гологдон хэвтсэн Цэрэн одоо ийнхүү эрх чөлөөг олоод, эрдэм соёлд суралцаад…” хэмээн зохиолд бичсэн буй.

Манай спортын ертөнцөд гологдсон хүүхэн Цэрэн мэт бүсгүйчүүд бас байна гэх бодол төрөх юм. Та бүхэн буудлагын спортын тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаярыг андахгүй. 2000 оны Сиднейн олимпод явж ирээд Герман руу гэнэт нүүснийг нь санаж буй биз ээ. Тухайн үед буудлагын спортод гялайж явсан ганц маань нэг л өглөө хүний нутгийг зориход юу болсон юм бол, яагаад Монголоо орхиод явав хэмээн гайхаж билээ. Тэрбээр 1992 оны Барселоны олимпод Монголынхоо нэрийн өмнөөс оролцож, хүрэл медаль хүртэж байв. Мөн 1998 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медалийг эх орондоо авчирч байлаа. Харин 2002 оноос Герман улсын нэрийн өмнөөс буудаж, дэлхийн аваргын алт, Бээжингийн олимпийн хүрэл медалийг хүртэж, гавьяа байгуулсан. Түүний Бээжингийн олимпийн медаль нь Герман улсын хувьд олимпийн гар бууны төрөлд авсан анхны медаль болж шуугиж байв. Одоо “Рио де Жанейро” Д.Мөнхбаярын долоо дахь олимп болж байна. Дахиад л Германы нэрт тамирчин хэмээн цоллуулж оролцох нь ээ. Бүхэл бүтэн зургаа, долоон олимпийн арыг харж, тэмцэл тулаан, гашуун нясууныг үзсэн нэгэн од тамирчнаа манайхан тухайн үед зүгээр л жаахан алаг цоог үзээд, хувийн шинжтэй дуулиан шуугианаар далимдуулаад гадагш нь явуулчихсан болов уу гэж боддог юм. “…Хүнд хэцүү үед Германд амьдрахаар явж байсан. 2016 оны олимпод Германы нэрийн өмнөөс оролцоно. Гэхдээ миний сэтгэл хөрч, Монголоосоо нүүр буруулсан зүйл огтхон ч байдаггүй. Монголын минь нэр үргэлж хамт байдаг” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. Хэдэн жилийн өмнө иргэншлээ сэргээх хүсэлтээ төр засагт уламжилсан ч болоогүй.

Бас нэг тамирчин бүсгүй Казахстаны нэрийн өмнөөс олимпод оролцох гэж байна. Галбадрахын Отгонцэцэгийг “легионер” гэх нэрээр Казахстан руу явуулсан. Казахстаныг бөхийн орон гэдэг шүү дээ. Ялангуяа жүдо бөх өндөр хөгжсөн газар. Ёстой нэг бөхөөр л дутамгүй санагддаг. Тухайн үед Г.Отгонцэцэг манайд эхний хоёрт эрэмбэлэгдэж байсан, харин өнөөдөр дэлхийн чансаанд тун дээгүүр гараад ирчихсэн яваа. Ялангуяа сүүлийн хоёр жил жүдогийн 48 кг-ын жин түүнийх байсан гэхэд болно. Дэлхийн шилдгүүдийг бярдаж, бусдын нутгийн хатуу дэвжээн дээр тэсвэр тэвчээрээ үзүүлж, цойлж гарч ирчихээд байгаа энэ жаахан бор охин оролцсон гран при, гранд слам болгоноосоо медаль авсан даа. Саяхан болсон “Алма-Аты”-н Гран прид түрүүлж, Казахстаны төрийн дууллыг монгол тамирчин эгшиглүүлсэн. Заримдаа түүний барилдахыг хараад “хэнийгээ хааш нь алдчихаа вэ, бид чинь” гэх бодол эрхгүй төрөх юм. Г.Отгонцэцэгийн хувьд Риогоос медаль авах нь баараггүй гэж бөх мэддэг улс онцлоод байгаа. Энэ мэт гадагшаа гарч, өрсөлдөж яваа хүмүүсээс элдэв бурууг эрэхийн аргагүй. Тамирчин хүн амжилтын төлөө явахгүй юм бол өөр юуны төлөө зүтгэх юм. Монголдоо багтаж шингэхгүй байгаа бол гараад явахад тэдэнд дэлхийн дэвжээ бэлээхэн байгааг харуулж байна. Казахстанд очсон Г.Отгонцэцэг, Герман руу явсан Д.Мөнхбаяр, өөр хэн ч бай өөрсдийн бололцоогоо ашиглаад тамирчин хүний хувьд карьераа бодох нь тэдний зөв өө.

Харин юунаас болоод нэгийгээ ингээд адалж голоод, өөрсдөөсөө холдуулаад явуулаад байдаг юм бэ гэдгийг бид бодох учиртай. Магадгүй, багш дасгалжуулагчийн тамирчинтайгаа харилцах алаг үзсэн хувийн таарамжгүй харилцаанаас болдог байх. Эсвэл тамирчдын өөр хоорондынх нь явцгүй өрсөлдөөн ийм болгож байгаа байх. Түүнээс биш тэд өөрсдөө Монголын дэвжээг голоод явсан нь юу л бол доо. Хэрвээ багш дасгалжуулагч нь нэг тамирчныг илүү дэмжээд, нөгөөг нь дор үзээд байвал хэн чиг л явна шүү дээ. Баг, хамт олон байж суухын аргагүй болгоод байвал бас аяа бодохоос яалтай. Ийм дайжих хандлага ганц спортод биш, оюун санааны болоод нийгмийн бусад харилцаанд ч байж байдаг үзэгдэл. Аливаа харилцаа гэдэг амжилтын уг үндэс болдог. Чи ямар зан ааштай байна, амьдрал чинь тийм байна аа гэдэг маш товчхон үгэнд харилцааны тухай бүх ойлголт багтдаг.

Тэгэхээр спортод байгаа таарамжгүй ийм харилцааг төр засгийн бодлогоор зохицуулах боломжтой. Тухайлбал, чансаа өндөр, өөрийн жиндээ, тухайн төрөлдөө эхний гуравт эрэмбэлэгдэж байгаа ямар ч тамирчныг гадагш явуулдаггүй байх дүрэмтэй болмоор байна. Эхний гуравдугаар байрт эрэмбэлэгдсэн тамирчин шууд эх орныхоо дэвжээн дээр гарч өрсөлддөг байх ёстой. Спортын өрсөлдөөнийг эрүүл байлгах, сайн тамирчнаа тогтоох ул суурьтай бодлогыг хэрэгжүүлмээр санагдана. Мэдээж, ингэж “албадахаас” гадна бусад нөхцөл, хангамжаар дэмжиж болно. Гэхдээ хангамж л сайн байж амжилт гаргана, медалийг өнгө өнгөөр нь түүнэ гэдэг хандлага нийгэмд байдаг нь жаахан буруу. Нөхцөлөөс гадна харилцаа чухал байна. Хүн нэр хүндтэй байна гэдэг хамгийн үнэт баялаг болдог. Нэр хүнд өөрөө аяндаа ажил үйлсийг бүтээж байдаг юм.

Монгол ардын “Ижилдээ ганцхан шарга” дуунд

Гологдсон хүүхэн ханьтай болоход

Гоёмсог залуу нь ганцаараа хоцорчээ хө хэмээн дуулдагсан. Германы тамирчин Д.Мөнхбаяр, Казахстаны тамирчин Г.Отгонцэцэг нарын Риогийн олимпоос медаль зүүж чадах уу гэдгээс хожмын бас нэгэн алдартан Монголын нэрээр дэлхийд цоллуулах уу гэдэг асуудал хамаарах болов уу.

Ц.БАЯРЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гологдсон хүүхнүүд минь яажшуухан олимпдоо оролцох бол доо…” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн
дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн
дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж,
тоймлон хүргэж байна.

Манай
сонины нэгдүгээр нүүрээс ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ 1072 хувьцааг хэрхэн гүйлгээд
оруулах талаар мэдээлсэн мэдээлэл болон
2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тойргоор хүнсэгтэлсэн мэдээллийг
бүрэн эхээр эхээр нь үзээрэй. Уншигчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бид дахин
хэвлэж байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн
бодлогыг тодорхойлж байдаг, алдарт гуравдугаар нүүрнээс “Гологдсон хүүхнүүд минь яажшуухан олимпдоо оролцох бол
доо” нийтлэлийг сонирхоорой.

Наймдугаар нүүрнээс авто машины хулгайн гэмт хэрэг гаарч байгаад цагдаа нарын
хойрго байдал нөлөөлдөг үү гэсэн асуудлыг хөндөн бичсэн манай лидер сэтгүүлч
Э.Хүрэлбаатарын сурвалжлага, “Монгол нум”-ын тухай мэдээллийг тольдоно уу.

Уламжлалт “Нэг ангийнхан”
буланд Өмнөговь аймгийн Булган сумын бага
сургуулийнхныг онцолж байна.

Бямба гаригийн дугаарт тогтмол
гардаг “Өд бэх” буланд Д.Нацагдоржийн болон
МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Энхболдын “Хамгийн сайхан аргал” өгүүллэг болон
хүүхдийн зохиолч Ж.Дашдонгийн тэмдэглэл зэргийг сонгон нийтэллээ.

Түүнчлэн “Ном ярьж өгье”, буланд XX зууны
Монголын сод хүмүүн Төрийн Шашгалт, СГЗ Ламзавын Ванганы намтар уран бүтээлийн
номны тухай танилцуулж байна. Мөн “Таны гал тогоонд” булан, гоо сайхны зөвлөгөөг таны амралт, чөлөөт
цагт зориуллаа.

Эрхэм уншигч та, манай сонины
өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35
салбар, “Түгээмэл” шуудан, “Улаан баатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж
авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах
боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын
үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын
үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх
сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн
сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой
бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга
өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр
нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг
лавлаарай.

“ӨДРИЙН
СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *