Завхан голын усыг хуримтлуулснаар 20 км урт, 10 гаруй км өргөнтэй нуур Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт бий болсон байна. Энэ нь Тайширын усан цахилгаан станцын усан сан юм. Нутгийн иргэд нуураа Гэгээн нуур хэмээн нэрлэж, Монгол орны газрын зурагт тэмдэглүүлэх хүсэлтээ БОНХЯ-нд ирүүлсэн байна. БОНХ-ийн Сайд С.Оюун, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай нарын хамтарсан тушаалаар Гэгээн нуурыг Монгол орны газрын зурагт тэмдэглэн байрлуулах, усны нөөцөд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулагджээ.
Ажлын хэсгийнхэн нуурын байдалтай танилцаж, хэмжилт хийхээр удахгүй явна. Хэрвээ Гэгээн нуурыг газрын зурагт тэмдэглэж, усны нөөцөд бүртгэх ажлыг албажуулбал хүний гараар бүтсэн нуурыг газрын зурагт тэмдэглэн бүртгэх анхны тохиолдол болох юм. Нэн цэнгэг ус бүхий Гэгээн нууранд монгол хадран,алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржиж, усны шувууд суурьшин, мал ундаалах болсон байна.