Categories
мэдээ спорт

Гойэдог давбал Аки башёд түрүүлэх болзлоо хангана

Мэргэжлийн сүмогийн аки башё өндөрлөхөд хоёрхон өдөр үлдээд байна. Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал их аварга Кисеносатог давснаар нэг ч унаагүйгээр тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлджээ. Харин их аварга Какүрюү М.Ананд озэки Гойэдод өвдөг шороодсоноор сүүлийн гурван өдөр дараалан унасан тааруухан амжилтаар тэмцээнийг үргэлжлүүлж байна. Тэрээр башёгийн эхний арван өдрийн барилдаанд төгс ялалт үзүүлэн их аварга Хакүхогийн хамт тэмцээнийг тэргүүлж явсан ч Точиношин, Такаяаши, Гойэдо нарын гурван озэкид дараалан өвдөг шорооджээ.

Их аварга Хакүхо М.Даваажаргалын хувьд өнөөдөр озэки Гойэдотой оноолт тааран барилдана. Хэрвээ Гойэдог давчих юм бол аки башёд түрүүлэх болзлоо хангах юм. Учир нь Хакүхо их аваргын араас 11 даваа, хоёр унаатай Такаяаши, Гойэдо нарын озэки цолтнууд нэхэж байгаа юм. Макүүчи буюу дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил гурван даваа, арван унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байгаа бөгөөд 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй тул ирэх сард саняаку буюу өндөр цолоо алдах нь тодорхой болжээ. Харин сэкивакэ Ичиножёо А.Ичинноров зургаан даваа, долоон унаатай болжээ. Тэрээр үлдсэн хоёр өдөр давж байж 50 хувийн амжилтаа үзүүлж сэкивакэ цолоо хадгалж үлдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *