Categories
мэдээ цаг-үе

Гог Гавар

Тэр үеийн цөөхөн сэхээтний нэг Рэгзэн бөглүүд суманд малын бага эмчээр очсон нь сэхээтний төөрөгдлийн гэх он жилүүд байлаа. Оросод дээд сургууль дүүргэсэн тэрбээр Төв хороо, Сайд нарын зөвлөлөөр өндөр албатай нөхөдтэйгээ оюутан цагийнхаа зангаар харьцаж байж алдаа гаргасан нь намаасаа шийтгэл авч, улмаар говийн бөглүү суманд унаган багын мэргэжлээрээ ажиллахаар цөлөгдөх горыг амссан нь энэ юм. Улаанцурав хэдэн хүүхэд, бие давхар гэргийгээ дагуулж, “Зил 130” машинд таван ханатай гэр ачаалан ирсэн тэднийх “Нэгдлийн хашаа” хэмээх нийтийн хашааны хойт мухарт гэрээ барив. Аймгийн АДХГЗ-ны дарга нь ашгүй голгүй эр байсангүй, бага залуугийн нөхрөөсөө нүүр буруулаагүйн хэрэг гарч гайгүй сум нэгдэлд нутаг заагдахад нь тус болжээ. Очсон даруй хүний нүд, олны хэл ам намын эсэргүү хэрэгтэн түүн дээр хурц тусч байсан ч аймгийн даргаасаа сэм “Цаад муугаасаа нүүр битгий буруулаарай” гэсэн захиастай сум нэгдлийн даргын зүгээс дарамт харьцангуй бага байх төлөвтэй. Энэ нь их нэмэртэй байсныг Рэгзэн сүүлд ярьдагсан. Гэхдээ л аргаа барах үе их. Цалин 300 төгрөг. Эхнэр ажилгүй бие давхар. Дөрвөн хүүхэд нь дунд сургуульд. Том хүү нь уралдаант шалгалтад орсон ч дээрээс нь ямар нэгэн урт гар мулт татаад хаячихаж. Удаах охиноо олны дунд оруулахыг хичээсэн ч сум орны хэлтсийн төлөөлөгчийн хяналт ургаш гишгүүлэхгүй тул хөдөлж чадахгүй байсаар таван онцын эзэн охин нь бас нэгэн далдын урт гарт баригдаж авсан оноо нь дарагдан Цэцэрлэгийн багшийн сургууль дээр буусан нь үнэн хэрэгтээ тэдний гэр бүлийн хувьд гэрэл гэгээ байлаа. Яадаг ч байсан хот орон бараадаж сургууль соёлд сурах нь гэж.

Намар болж охиноо сургуульд явуулах цаг ойртох тусам санхүүгийн асуудлыг шийдэж чадахгүй нь тодорхой болж байлаа. Эцсийн найдвар болох сум нэгдлийн дарга дээрээ орж 500 төгрөгийн тусламж гуйсан ч тусийг эс олов. Эр хүнд энэ хорвоо хүнддэх үе байдгийг тэрбээр ажил тарахын алдад сумын төвийн баруун урд захад байх Худалдаа бэлтгэлийн ангийн хашаанд хураалттай байх боодолтой ноосон дээр сууж байхдаа яс махандаа тултал мэдэрч байлаа. Одоо гэртээ очиход өөрийг нь царайчлан, “Мөнгөний арга олдсонгүй юу хөгшин минь” хэмээн гар дагуулан харах гэргийгээ, битүүхэндээ аавынхаа үйл хөдөлгөөн бүрийг ажиглан “Намайг хот руу сургуульд явуулах мөнгө олдчихоогүй л байхдаа” гэж дотроо догдлон зогсох охиноо бодохоос яс хавталзаж, дотор нь бачуурч байлаа. Эхнэр хүүхдийнхээ өмнө эр хүн арчаагаа алдах шиг гутамшиг энэ хорвоод байдаггүй ч юм шиг. Тамхи ч татмаар, архи ч уумаар, эсвэл хээр гараад байдаг тэнхээгээрээ орилж чарламаар, цээжээ нүдмээр… Намрын нар таатай ээх хэдүй ч дотор нь зэврүү оргих түүний нүдний үзүүрт нэг хүн бөртөлзөж, тэртээ хашааны захад хөглөрсөн ноос эмхлүүлж, энд тэнд тарж бутарсан модон хайрцагнуудыг эмхэлж цэгцлэн дээш доош тонгойн хөдлөх нь Гавар харагдав. Гавар хэл дультираа учраас түүнийг нутгийнхан “гог” Гавар гэж дуудна. “Гог” гэдэг нь нутгийн нэршлээр бөөрөнхий хэлтэй, ерөнхийдөө хэл ярианы хөгжил муутай хүнийг хэлдэг шиг байгаа юм. Үе насны, бараг өөрөөс нь цөөн насаар ах болов уу ч гэмээр Гаварыг Рэгзэн ажиглан сууна. Нэгдлийн хамаг л хар бор ажлын үзүүрт тэрхүү Гавар л гүйж яваа харагдана. Нэг харах нь ээ сумын хэдэн байгууллагын хооронд зарлага ч хийж явах шиг. Төгрөг тавин мөнгөний зузаавтар дэвтэр, дундаа харандаа хавчуулчихсан. Түүнийгээ бор дээлийнхээ энгэрээс гаргаж ирээд “Таныг тэдний өдрийн тэдэн цагт хянан шалгахын дарга дуудахад та байхгүй байсан байна. Одоо очихгүй бол болохгүй” гэж хэн нэгнийг гүүргийлдэн гудманд, гэрийн үүдэнд нь зогсохыг Рэгзэн нэг бус харж “Яасан айхавтар золиг вэ, худлаа хэлээд аргалж болохгүй нь байна шүү” гэж бодсон удаатай. Эсвэл нэгдлийн няравыг дагаад шуудайтай юм үүрчихсэн гүйж явна. Эсвэл сумын ахуй үйлчилгээний манаач амарсан учир би оронд нь сууж байна гэчихсэн явж байх. Энэ бүх ажлын дотроос түүний түлхүү хийдэг ажил мужаан юм даа. Нэгдэл дэх албан ёсны орон тоот ажил нь “Аж ахуйн туслах ажилтан” гэж Гаварын албан тушаалыг сонссон юм байна. Ер нь нэгдэлд нөхөөсний ямар л хар бор ажил гарна түүнд тэр явна. Зун хангайн сумд руу гарсан бригадынхнаас өвс татахаар хөдөлж буй нэгдлийн хэдэн “Зил130”-ийн жолооч нарт зарагдаж, юмыг нь ачилцаж байж унаад гараа гэмтээсэн сураг дуулдахад нь над шиг ядарсан амьтныг аятайхан зарчихгүй, өндөр ачаан дээр гаргаж байж унагаж л дээ гэж Рэгзэн дотроо түүнийг өмөөрөнгүй бодож билээ. Нэгдлийн Худалдаа бэлтгэлийн анги нэртэй, үндсэндээ сум нэгдлийн хамаг л түүхий эд орж гарах хашааны нэг булангаас нөгөө булан хүртэл борви бохис хийлгүй ажиллах Гаварыг харж суусан Рэгзэн сая сэхээ авч “Чиний нөгөө гэмтсэн гар гайгүй юу, Гавараа” гэхэд хураалттай ноосон дороос цухуйх савах моднуудыг суга татах гэж оролдох тэрбээр “Гаагүй” гэж хариулав. Худалдаа бэлтгэлийн ангид ирсэн бараануудыг бүслүүрдэж ирдэг тэрхүү нарийвтар савхан моднуудыг эмхэлж авдаг хүн нь энэ нэгдэлд ганцхан Гавар. Бодвол гал түлдэг байх. Хэмхэрч цуурсан паниаруудыг тэр тэргэнд түрээд явж харагдана. Ажил тарсаны дараа аж ахуйн хашаанд доторх хамаг л хог новшийг нэг яажгий тэргэн дээр овоолж түрээд сумын төвийн доод руу үхэрчний хороололд байх гэр рүүгээ уухчин түрж явах Гаварыг сумынхан орой бүхэн харахдаа “Зайлуул, ядарсан амьтан” гэж бодоцгооно. Тэднийх нэг их том биш хашаатай, дотроо томоо гэгч нь хэлбэрээ алдсан амбаартай. Дөрвөн ханатай гэртэй. Болоогүй ээ, бас хар алаг цөөвтөр үнээгээ эхнэр нь өглөө бүр дэрс рүү тууж оруулах нь харагдана. Иймэрхүү л амь амжиргааны төдий, хүмүүс хэлгүй, зүдрүүхэн, бас олон хүүхэдтэй гэсэн ойлголттой нэгэн эр ийнхүү хажуу хавийн юмаа нааш цааш нь эмхлүүлж, тонголзож бөхөлзсөөр яваад ирж хажууд нь суув.

Хир даг болсон дугуй хар малгайгаа нэг гараараа сөхөж нөгөө гараараа духныхаа хөлсийг арчингаа “Та харах болоогуу юу” гэв. “Зовлон байна аа, Гавар минь” гэж Рэгзэн өөрийн мэдэлгүй хэллээ. Энэ муу амьтанд л сэтгэлээ уудлах хэмжээнд очиж дээ би гэж Рэгзэн харамсангуй бодоод үргэлжлүүлж яримаар санагдав. “Охин минь цэцэрлэгийн багшийн сургууль авсаан. Явах нь болчихож. Мөнгө төгрөг хүрэлцдэггүй. Нэгдлийн дарга дээр түрүүн орж мөнгө гуйгаад бүтсэнгүй. Яахаа мэдэхээ байчихаад сууж байна. Том хүү маань энэ зун сумын мал эмнэлэгт дагалдангаар ажиллаж, тарилгад яваад 150 цаасны хөдөлмөр хөлс гарч. Тэр нь хүрэхгүй нь…” гэхчлэн өөрийн мэдэлгүй доторхоо уудаллаа. Хөлс үнэртүүлсэн Гавар улаан тамхи сонинд ороож шунаг сорох зуураа тэртээх Тэвш хайрхан руу харж ялимгүй санаа алдаад “Тэгчихээ юу, тэгсэн ч амьдална даа” гэж дультараа хэллэн дуугарсан нь Рэгзэнд жигтэйхэн содон, чихэнд нь тод сонсогдож “Гавараас ийм үг гардаг юм уу” гэж бодоод түүн рүү тогтож харав. Бөөрөнхийдүү хэлээр “Амьдална даа” гэсэн үг нь толгойд торох шиг болжээ. Тиймдээ, өвчинд нэрвэгдсэн биш амьдарна л даа гэж Рэгзэн сэтгэлээ засаж хэллээ. Тэвш хайрхан руу харсан чигээрээ тамхиа баагиулах гог Гавар ихэмсэг ч юм шиг харагдах аж. Үргэлжлүүлээд тэр “Ажил бүтгүй байх ч золигол доо, ажил бүтээл байх чинь амьдал сайхан байгаа хэлэг” гэж дультраад урагшаа харсан чигээрээ “Хүнд битгий хэлээлэй, хэдэн төглөг надаас зээлэх юм уу” гэж хэлсэн нь Рэгзэнгийн хувьд амьдралдаа анх удаа сонссон баярт мэдээ, бас зэрэгцээд надаар тоглоод байна уу даа гэсэн бодолтой давхцав. “Хэдэн төглөг хэлэгтэй байгаа нь” гэхэд нь шалавхан 500 гэж хэллээ. Өөр рүү нь харсан ч үгүй, өнөөх л яайжгий тэргэн дээр багалсан мод шод, хог новшоо түрээд хөдлөхдөө “Охиныхоо сүүг авахаал үхэлчний холоолол олой очихоолоо манайхаа л сэмхэн олоод илээлэй” гэжээ. Сэмхэн гэдэг үгэнд хамаг учир байгааг Рэгзэн дор нь ойлголоо. Ээж нь бие давхар болохоор эрт мөөмнөөс нь гарсан бага охиноо угжаар тэжээхийн тулд Рэгзэн хэдэн улаан үнээтэй, сайхан сэтгэлтэй “зээрэн” Санги гэж өвгөнийхөөс хоёр өнжөөд жаахан сүү авдаг байв. Тэднийхтэй “гог” Гаварынх хамар хашаа болохыг санажээ.

Ингээд Рэгзэн үдшийн бүрийгээр охиныхоо сүүг авангаа Гаварынх руу яваад ортол тэр алга байв. Эхнэр нь сүү хөөрүүлж самрангаа амбаарт юм хийж байгаа дуудаатхая гэхэд нь би өөрөө гээд гарлаа. Хөрөөний дуу, алхны дуу… мужааны чимээ дуулдах ямбигар амбаарынх нь хаалгаар шагайвал тэрбээр сандарч “Гэлт олж бай” гээд цаанаа байх хөшгийг татжээ. Нэгдлийн аж ахуйн хашаа, худалдаа бэлтгэлийн ангийн хашаагаар хог болон новширч, Гавар л зөвхөн эмхлүүлж байдаг савхан моднууд сайхан сандал ширээ, орны нүүр, жижигэвтэр хүхэг… зэрэг болж, чанарын албаны хашаанд хэвтдэг үхрийн эвэрнүүд тэр амбаарт ямар гоё үнсний сав болсныг харж гайхширсан ч Гавар наагуур нь хөшгөө татаж ширэв татасхийхээр нь нэг их анзаараагүй болоод эргэв. Сумын төвд ирсэн малчид сандал бүсэндээ хавчуулчихсан, мотоцикл дээрээ ширээ хүлчихсэн “Гавараас үүнийг авлаа, ядарсан юм зайлуул нэг төлөг авна биз” гээд давхиж явахтай олонтой таардаг нь ийм учиртайг Рэгзэн ойлгох шиг болов. Гэрт орсон хойноо Гавар дэрэн дороосоо дарайсан бор халзан зуутын таван ширхэг дэвсгэрт гаргаж түүнд өгөөд “Рэлзэн минь хүн мэдэв” гэсэн үгийг гэрээс гарах хооронд гурвантаа хэлээд ялимгүй мушийхад нь Рэгзэн инээдэг билүү Гавар гэж боджээ. Энэ мөчөөс хойш намын шийтгэлээр нутаг заагдаж очсон Рэгзэнгийн амины ганц найз нь “гог” Гавар буюу нутгийнхандаа хэлгүй Гавар хэмээн хэлэгддэг ядруу зүдрүүхэн харагдах Гавар болсон гэдэг. Жаргал зовлонгоо хуваалцан гэр орноор орж гарч дотноссон нэг жилийн хугацаанд басчиг юм үзэж нүд тайлсан, Орост сургууль төгссөн, машин унасан том дарга явсан, том хүмүүстэй үерхэж нөхөрлөж явсан Рэгзэнд “гог” Гавар олонтоо дуу алдам гайхшралыг төрүүлжээ. Аминдаа архайсан хэдэн улаан үнээтэй, данайсан хэдэн эр үхэртэй гэж тэр хавьдаа яригдаж байсан, улаан үнээнийхээ сүүг харамлахгүй өгдөг “зээрэн” Санги гуайн өнөө хэдэн үхэр нь бүгдээрээ “гог” Гаварын хөрөнгө болохыг нь мэдэж авчээ. Өнөөх л хүнд битгий мэдэгдээрэй гэсэн аман итгэлээрээ нутаг усандаа тулхтай, нуруутай гэгддэг, Халхголын байлдаанаас цусан гавьяаны одонтой ирсэн хажуу айлынхаа хөгшинд хэдэн үхрээ нэр дээр нь байлгаж иржээ. Үүнийг Рэгзэнгээс өөр хүн мэдсэнгүй. Тэрбайтугай тэр зун, хангай руу өвсөнд явах жолооч нарт зарагдаж байхдаа машин дээрээс нь унаж гараа бэртээгээд олонд өрөвдүүлж байсан нь учиртай байв. Гавар өөрийн бас нэг “итгэлт Рэгзэн” болсон сум нэгдлийн архаг жолооч Гялаар хангайд аваачиж заруулахаар жил бүр явуулдаг олон шуудай говийн тос даасан бор ааруулыг шөнө оройн цагаар сэм өөрөө ачиж байж унасан байжээ. Олны нүдэн дээр Гаварт жигтэйхэн эрэлхүү харагдах Гял жолооч Гавартай хоёулхнаа байхдаа жигтэйхэн дуулгавартай, гөл царайлж байхыг нь хараад Рэгзэн мэл гайхжээ. Сумын аж ахуйн нярав Ноогдол гуайд толгой түрийгүй загнуулан, муу сайнаа дуудуулан, хамаг юмыг нь үүрч зөөгөөд явдаг байсан нь хэлбэр төдий байсныг Рэгзэн бас хожуу мэдэв. “Ноогдол далга та яасан удааж байна” хэмээн сүрхий захирангуй үг шидэхийг нь агуулахын том хаалганы завсараар Рэгзэн сэм хараад мэл гайхав. Сумын олон удаагийн гайвшгайч тэмдэгтэй, хахир харамч зангаараа алдартай энэ өвгөн гог Гаварын өмнө аргадсан хоолойгоор “Гавар минь түр хүлээ, тун удахгүй өгнө” хэмээн учирлахыг нь сонсоод инээд нь хүрэх шиг болжээ.

Ингэж “гог” Гавар бэрх хүн гэдгийг ойлгов. Энэ нэгдлийн нууц ноёнтон болохыг мэдэж авав. Тэрбайтугай сум нэгдлийн дарга сэм уулздгийг, сумын намын хорооны дарга Сүхээ өвлийн идшээ Гавараас хямдхан авдгийг хүртэл мэдэж “Энэ сум нэгдлийг чинь хэлгүй Гавар л мэддэг юм байна шүү дээ” хэмээн дуу алдахад хүрчээ. Тэрбүү хэл тэр үедээ улс орон даяар алдар нэр нь цуурайтаж, “Үнэн” сонины нүүрнээс зургийг нь хэдэнтээ харж байсан 15 дугаар баазын тээврийн жолооч, Хөдөлмөрийн баатар Дамба тээвэр хийж суманд ирэхдээ шөнө оройн цагаар Гаварынхаар заавал орж, сэм баахан “юм” ачаад хөдөлдөг болохыг нь Рэгзэн мэдлээ. Ингэж амьдардаг хүн бас байдгаа гэж өөрийн эрхгүй амандаа үглэж, аягалж өгсөн цайг нь анзаарахгүй эхнэрийнхээ ундууцлыг хүргэв. “Чи чинь өөрөө өөртэйгөө яриад юу болчихоо вэ” хэмээн эхнэр нь үглэхийг сая анзаарсан Рэгзэн “Хэлэх үг олдохгүй сонин юм болж байна аа хө…” хэмээн тачигнатал хөхөрлөө. Хүн жаахан л ядарвал амьдрал харгис зангаа улам ихээр харуулдаг хорвоогийн үнэнийг туулж яваа Рэгзэнд найдах, нааш гэх ийм том нөхөртэй болсондоо баярласан, бас дээр нь зүдэрч яваа эр хүний ганц хором ч болтугай амьдралд ханасан бахдалын инээд болохыг Рэгзэнгээс өөр хэн мэдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *