Categories
мэдээ нийгэм

ГХЯ-ны ‘’Нээлттэй өдөрлөг’’ Сүхбаатарын талбайд болж байна

Өнөөдөр гадаад харилцааны яам Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж байна. Уг өдөрлөгт манай улсад суугаа 18 орны Элчин сайдын яам болон олон улсын байгууллагууд үйл ажиллагаагаа танилцууллаа. Мөн Консулын газрынхан иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ танилцуулж, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч байна. Түүнчлэн Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд өөрийн орны соёл уламжлал, үндэсний хоол, брэнд бүтээгдэхүүнээ сурталчилж, үндэсний хувцсаараа гангаран талбайд цугласан иргэдийн нүдийг “хужирлав”. Монголын гадаад харилцаатай холбоотой архивын материал, баримт бичгийг дэлгэн үзүүлж, номын үзэсгэлэн худалдаа, гадаад харилцааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн ч гаргасан байв.

Өдөрлөгийг нээж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ: Монгол Улс өнөөдөр дэлхийн 186 оронтой дипломат харилцаа тогтоосон, олон улсын 58 байгууллагад гишүүнээр элссэн байна. Манайд суугаа 18 дипломат төлөөлөгч, консулын газар өөрсдийн түүх, соёл, үндэстний өвөрмөц онцлогоо танилцуулахаас гадна виз авах журам гэх мэтчилэн иргэдэд хэрэгтэй мэдээллийг өгч, сонирхсон асуултад хариулж байна” гэсэн юм.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс өдөрлөгийн ач холбогдлыг тодруулахад “Манай Консулын газар Монголоос гадагшаа зорчих болон суралцах, амьдрах гэж байгаа хүмүүсийн бичиг баримтад баталгаажуулалт хийдэг. Бид баталгаажуулалт хийгээд дэлхийн улс орон бүрт ашиглагдах бичиг баримтын үйлчилгээ үзүүлдэг юм. Мөн бизнесийн зорилгоор гадаад улсын виз олгох зөвшөөрөл зэргийг манай байгууллага хийдэг. Элчин сайдын яамдаа хандаад төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ авах гэх зэрэг иргэний бүртгэлийн бүхий л үйлчилгээг үзүүлж байна” гэж тайлбарласан юм. Түүнчлэн гадаадад зорчиж байгаа иргэд маань юуг анхаарах вэ, эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд хэнд хэрхэн яаж хандах вэ гэдэг мэдээллийг давхар өгч байна. Гадаадад байх хугацаандаа консул, Элчин сайдын яамтайгаа шуурхай холбоо барих, Гадаад харилцааны яамтайгаа хэдийд ч холбогдох боломж бий гэдгийг сурталчилж байгаа. Иргэд эрх ашгаа зөрчигдсөний дараа хандах бус аль болох урьдчилан сэргийлэх тал дээр хийж байгаа ажлуудын маань нэг хэсэг юм гэв.

Энэхүү өдөрлөгийн үеэр иргэд виз болон бусад бичиг баримттай холбоотой мэдээллийг илүү их сонирхож байв.

Б.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *