Categories
гадаад мэдээ

ГХЯ: БНХАУ-ын 6000 гаруй иргэн Украинд гацжээ || DNN.mn

Украин улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад саатаад байгаа дэлхийн бусад орны иргэдийн талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас тоймлон танилцуулж байна.

БНХАУ

Тус улсын 6,000 гаруй иргэн Украинд гацсан бөгөөд Киев, Харьков, Львов, Одесса зэрэг хотуудад амьдардаг. Дийлэнх нь оюутнууд. Украин дахь БНХАУ-ын ЭСЯ-ны мэдэгдсэнээр тус улс иргэдээ чартер нислэгээр авахаар ажиллаж байгаа бөгөөд хугацаа нь тодорхойгүй байна. Тус ЭСЯ-наас иргэддээ аль болох гадагш гарахгүй байх, хүнсээ сайн нөөцлөхийг зөвлөсөн. Хэрэв гадагшаа гарахаар бол өөртөө болон машин дээрээ Хятадын далбааг таних тэмдэг хэлбэрээр байршуулахыг анхааруулжээ.

БНХАУ-аас Украин Улсад суугаа Элчин сайд Фан Шяорун хоёрдугаар сарын 27-ны өдөр Хятад иргэдийг Украинаас нүүлгэн шилжүүлэхэд маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд Оросын цэргийн үйл ажиллагаа дуусаж, аюултай нөхцөл байдал намжсаны дараа иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг мэдэгдсэн байна.

БНЭУ

Энэтхэгийн дор хаяж 15,000 иргэн Украинд гацсан бөгөөд тус улсын Засгийн газар иргэдээ авахаар Украинтай хөрш зэргэлдээ Румьн, Унгар, Польш, Словак улсуудтай ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар тус улс эхний 250 гаруй иргэнээ хоёрдугаар сарын 27-ны өдөр Румыний нийслэл Бухарестаас чартер нислэгээр авсан бөгөөд хоёр дахь ээлжийн 219 иргэнийг хоёрдугаар сарын 28-ны өдөр авах ажээ.

АНУ, Их Британи, Япон

Эдгээр улсууд дайн эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс өөрсдийн дипломатууд болон тэдний гэр бүлийг Украинаас гаргасан байна. Мөн иргэдээ дайн эхлэх шинж тэмдэг мэдэгдэх үеэс тус улсаас гарахыг зөвлөсөн байна.

Африкийн олон мянган оюутан Украинд гацсан байна

Одоогоор Украинд 4,000 орчим Нигери улсын иргэн суралцаж байна. Тэдний зарим нь Нигерийн Засгийн газраас мэдээлэл дутмаг байгаад бухимдлаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан хуваалцжээ.

Пүрэв гарагийн үүрээр Орос Украин руу довтолсны дараа Украины нийслэлд эгчийнхээ хамтаар анагаахын чиглэлээр суралцаж буй Нигерийн оюутан 23 настай Сара Ажифа Идачаба хэлэхдээ “Хүн бүр дарамтад байна. Бүх хотод тэр дундаа Киев хотод дэлбэрэлт болсон. Эгч бид хоёр яахаа мэдэхгүй сандарч байна. Бид аюултай нөхцөл байдалд байна. Нисэх онгоцны буудал хаагдсан тул эндээс явах эсэхээ мэдэхгүй байна” гэжээ.

Украин өндөр эрсдэлтэй гэж үзэн агаарын орон зай, иргэний нислэг, тэр дундаа Киевийн нисэх онгоцны буудлыг хаажээ.

Киев даяар агаарын довтолгооны дуут дохио сонсогдож, зарим оршин суугчид метроны буудал, хамгаалах байранд орогнож байгаа тул эгчтэйгээ хамт хаягдсан мэт санагдсан. Бид Нигерийн иргэд, бидэнд тусламж хэрэгтэй байна. Биднийг үл тоомсорлож, ганцааранг минь битгий орхиоч” гэжээ.

Нигерийн иргэн Тэми Розабель Цейе-Окотие мөн Украинд анагаахын чиглэлээр суралцаж байгаа бөгөөд Идачабагийн сэтгэлийг хуваалцаж, “Үнэнийг хэлэхэд Бид ч гэсэн айж байна. Бид юу хийхээ мэдэхгүй байна” гэжээ.

Харин Пүрэв гарагийн үдэш Нигерийн Гадаад хэргийн сайд Жеффри Оньеама твиттер хуудсандаа нийтэлсэн видео бичлэгтээ “Онгоцны буудлууд дахин нээгдсэний дараа Засгийн газар явахыг хүссэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд тусална” гэж мэдэгджээ.

Марокко, Египет улс арай эрт хөдөлсөн

Нигери улс Украин дахь гадаад оюутнуудын тоогоороо 2-т ордог бол хамгийн их оюутантайгаараа Марокко (8,000 оюутантай) дараа Египет 3,500 ордог байна.

Хоёр долоо хоногийн өмнө Мароккогийн Засгийн газар иргэдээ аль болох хурдан Украиныг орхин явахыг уриалсан бол Украин дахь Египетийн нийгэмлэгийн тэргүүн Али Фарук хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт Египетийн Элчин сайдын яам оюутнуудыг буцаан авчрах ажлыг зохион байгуулсан” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *