УИХ-ын гишүүдийн 91.3 хувийн саналаар Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар томиллоо. Санал хураалтад 69 гишүүн оролцсоноос 63 нь дэмжив.
Томилгоог батлахын өмнө УИХ –ын гишүүн Ж. Мөнхбат: Бяртай засаг, бяртай сайд байна гэдэг бол бодлого нь бяртай байхыг хэлнэ. Д.Цогтбаатар сайдад итгэж байна. Оффшортой холбоотой асуудлаа цэгцлээрэй. Гадаад харилцааны сайд нэр цэвэр байх ёстой шүү.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Үндсэн чиглэлийн яамдын сайдыг парламентаас сонгохыг дэмжиж байгаа.
Гадаадад амьдарч байгаа 250 мянган иргэний асуудлыг хөндөхөөс аргагүй. Бидэнтэй адил эрх эдлэх ёстой. Гадаад амьдарч байгаа монголчуудынхаа хүчийг бодлоготойгоор ашиглаж чадах юм бол олон зүйлийг хийж чадна. Монгол руу шилжүүлсэн валют нь 300 сая ам.доллартай тэнцэж байна.
10 мянга гаруй оюутан хувийн болон төрийн зардлаар суралцаж байна. Монгол Улсын хөгжлийн төлөө гадаадад амьдарч байгаа монгол, монгол үндэстнийхээ хүчийг ашиглах цаг нь болсон.
УИХ-ын дарга М.Энхболд: 18.00 цаг болсон байна. Чуулганы хуралдааны цагийг сунгая.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Найман цагийн хугацаанд таван сайд хэлэлцлээ. Цаана нь 10 сайд байна, 16 цаг шаардлагатай. Гишүүд ч мөн асуух зүйл их байна. Шөнө болохоор оронцоглодог. Ард иргэд томилгоог сонсох хэрэгтэй. Маргааш чуулган цагтаа эхлээд асуудлаа багтаавал яасан юм бэ. Одоо завсарлуулъя гэсэн бодолтой байна.
УИХ-ын дарга М.Энхболд: Үндсэн чиглэлийн яамдын сайд нараа томилчихоод маргааш бусад сайд нараа хэлэлцүүлье.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилох тухай саналыг хэлэлцэж байна.