1938 оны энэ өдөр Адольф Гитлер Вольфсбург хотноо Volkswagen машиныг угсрах үйлдвэрийн шавыг тавьж байжээ. Жирийн ардууд худалдаж авах боломжтой, авсаархан, жижигхэн, хямд төсөр машин зохион бүтээж, үйлдвэрлэх эрхийг Германы зохион бүтээгч Поршед даалгасан үе нь 1934 он байв. Хэдэн жилийн дараа авьяаслаг зохион бүтээгчийн ирүүлсэн нижгээд санаануудаас хожмоо “ардын унаа” гэж нэрлэгдэх болсон “Volkswagen-38”-ийг фюрер сонгосон гэдэг. Уг машин ардын дунд “Цох” гэдэг хочоороо алдаршиж Гитлер хүртэл өөрөө унаж рейтингээ өсгөдөг байв. “Цох” болон Фольксвагены үйлдвэр Дэлхийн хоёрдугаар дайны дараа англичуудын мэдэлд очиж, тэд 1947 онд 20 мянган ширхэгийг захиалан Европын улсуудад нийлүүлэн тараасан нь уг машины нэр хүндийг нь улам өндөрт өргөсөн билээ.