Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гишүүд мессежний асуудалд ийм байр суурьтай байна

УИХын гишүүдийн дугаараас иргэд рүү илгээгдсэн эзэнгүй гэх мессежний талаар УИХын гишүүдийн байр суурийг сонирхлоо.

О.Баасанхүү: НААД МЕССЕЖИЙГ ЧИНЬ НЭГ ИХ ТООХГҮЙ БАЙГАА

УИХын гишүүдээс иргэдийн утсанд мессеж ирээд байна л даа. Яагаад ингэж ард түмнээрээ тохуурхаад байгаа юм бол оо?

-Наад мессежийг чинь нэг их тоохгүй байгаа шүү дээ. Үүнээс илүү Ерөнхий сайдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн явдлыг л тоогоод байна. Тэр чинь гэмт хэрэг шүү дээ. Өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ-ын даргын гарын үсгийг хуурамчаар үйлдвэл яах вэ. Түүнээс биш тэр мессеж яадаг юм. Хэвлэлүүдээр гарч байгаагаас нь харвал мессежийг хамаагүй явуулчихаж болдог юм биш үү.

Мессеж бичиж ард түмнээр тохуурхаж болохгүй байх аа?

-Би лав ач холбогдол өгөхгүй байна.

ТЕГаас УИХын гишүүд дотроос энэ мессежийг явуулсан гэдэг мэдээлэл өгөөд байгаа.Энэ нь үнэн учраас та жишээлбэл энэ асуудлыг тоохгүй өнгөрөөх гээд байгаа юм уу?

-Мэдэхгүй. Би үнэн гэж хэлээгүй шүү. Шалгадаг газар нь шалгаад тогтоох л учиртай. Зүгээр агуулгынх нь талаас харахад тийм аймшигтай юм харагдахгүй байна гэж үзсэн хэрэг. Гэхдээ ер нь хуулийн байгууллага магадлалтай гэдэг үгийг нэг их хэрэглээд байх шаардлагагүй юм билээ. Нотлох үүрэгтэй байгууллага шүү дээ. Жирийн иргэнийхээ хувиар битаамаглаж болох юм. Тэглээ гээд надад ямар ч ач холбогдолгүй.

С.Дэмбэрэл: ОДОО ТЭГЭЭД СҮРЖИГНЭЭД БАЙХ ХЭРЭГ ЮУ БАЙНА

УИХын гишүүдээс иргэдийн утсанд мессеж ирээд байна л даа. Яагаад ингэж ард түмнээрээ тохуурхаад байгаа юм бол оо?

-Би яаж мэддэг юм. Тэгээд ч наадахыг чинь холбогдох газар нь шалгаж байгаа байлгүй. Иймэрхүү зүйлийг яасан их ярьдаг юм. Өөр ярих сэдэв байдаггүй юм уу.

УИХын гишүүд та нар өөрсдөө ийм юм гаргаж ирчихээд асуудал үүсгээд байгаа юм биш үү. ТЕГынхан тийм хандлагатай мэдээлэл өгөөд байна л даа?

-Мэдэхгүй ээ. ТЕГ нь мэддэг юм байгаа биз. Холбогдох газар нь шалгасан биш юм уу. Одоо тэгээд сүржигнээд байх хэрэг юу байна.

Гэмт хэрэг биш үү?

-Мэдэхгүй.

Түмний төлөөлөл болж УИХд орж ирсэн та нарыг учрыг нь мэдэж байх ёстойгэж ойлгоод байгаа

-Би мэдэхгүй л байна.

Тэгэхээр яах гэж сонгогдсон юм гэдэг асуулт гарах байх л даа?

-УИХ-ын гишүүн ард түмний элч гэж Үндсэн хуульд заасан байдаг юм. Ард түмний элч болсон хүмүүсийн эрхийг хуулиар заагаад өгчихсөн байдаг юм. Гэтэл тодорхой асуудлууд дээр байр сууриа илэрхийлэх гэж байхад нь ямар нэгэн байдлаар утсаар нөлөөлнө гэдэг зохистой хэрэг биш.

Я.Содбаатар: ЗАСГИЙН ГАЗАР РУУ ГАЛ ЧИГЛЭСЭН УЧРААС ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ИЙМ ЗҮЙЛ ХИЙЧИХЭВ ҮҮ ДЭЭ

УИХын гишүүдээс иргэдийн утсанд мессеж ирээд байна л даа. Яагаад ингэж ард түмнээрээ тохуурхаад байгаа юм бол оо?

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын гишүүдийн утаснаас өөрт нь болоод сонгогчид руумессеж очсон. Үүнийг УИХ-ын гишүүд өөрсдөө бичээгүй.Энэ бол хоёр талтай. Монгол Улсад кибер аюулгүй байдлын асуудалд анхаарах шаардлагатай болжээ. Дэлхий нийтэд ийм маягаархувьсгал хийдэг тохиолдол ч байгаа. Тиймээс бид анхаарах ёстой юм байна. Хоёрдугаарт энэ үйл явдлыг Засгийн газартай холбож ойлгож байгаа. Засгийн газар руу гал чиглэсэн учраас зохион байгуулалттай ийм зүйл хийчихэв үү дээ. Нийгмийн анхаарлыг өөр зүйлд хандуулах зорилготой байж магадгүй. Гэтэл нэг аж ахуйн нэгж эвсэл ганц хоёр хүн Монгол Улсын ийм том сүлжээнд халдсан зүйл хийхгүй болов уу. Тиймээс холбогдох байгууллага шалгах ёстой.

ТЕГ бол энэ асуудлын эзэн УИХын гишүүд дунд байгаа гэх утгатай мэдээлэл хийгээд байгаа л даа?

-Сүүлийн үед тагнуулын байгууллага нэг хүний хувийн мөрдөх товчоо маягаар ажиллаж байна. Улс төрийн намын өмч рүү халддаг. Янз бүрийн батлагдсан, батлагдаагүй мэдээллийг шууд гаргаж тавьдаг. Уг нь ТЕГ Монголын аюулгүй байдлыг хангаж, гадаад тагнуулын үйл ажиллагаа руу анхаарах ёстой. Гэтэл дотоодын тэр дундаа улс төрийн үйл ажиллагаа руу хэтэрхий оролцоод ирэх нь аюултай.

Гэрээний нууц хавсралтыг Ардын намынхан зохиомлоор гаргасан гэдэг зүйл яригдаад эхэллээ. Үүн шиг мессежний асуудлыг танай намынхантай холбож хардах хүмүүс байна л даа?

-Ардын намд ингэх ямар ч шаардлага байхгүй. Ийм асуудлуудыг гаргаж, нийгмийн анхаарлыг өөр тийш нь хандуулах шаардлага Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газарт л байгаа.

Ч.Хүрэлбаатар: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ИТГЭХГҮЙ БАЙГАА

УИХын гишүүдээс иргэдийн утсанд мессеж ирээд байна л даа. Яагаад ингэж ард түмнээрээ тохуурхаад байгаа юм бол оо?

-Надад миний өөрийн утаснаас мессеж ирсэн. Бусдын утаснаас хүмүүс рүү хичнээн мессеж явсныг мэдэхгүй. Миний утаснаас ч хичнээн хүн рүү тийм мессеж явсныг ч мэдэхгүй байгаа. Тэгэхээр холбогдох байгууллагууд шалгаад тодорхой хариуг олох байх. Үүнийг сургамж болгох шаардлагатай. Ний нуугүй хэлэхэд гар утасны оператор компаниуд өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Тэгэхгүйгээр “Тэндээс л мессеж ирсэн бололтой” гэж хэлчихээд хариуцлагаас бултаад үлдэж болохгүй. Тиймээс төрийн байгууллагууд биш гар утасны оператор компаниуд чанга хяналт тавьж ажиллах ёстой. Гарах үр дүнг нь гар утасны компаниуд хариуцах хэрэгтэй. Дахиад ийм зүйл болбол тэдний үйл ажиллагааг хаах ёстой. Яагаад гэвэл олон түмэн Тагнуулын байгууллагыг харсан байх. Тагнуулын ерөнхий газар улс төрийн сөрөг хүчний байранд шөнөөр нэвтэрч, хаалга үүдийг нь эвдэж шалгалаа. Ийм зүйл аль ч оронд байхгүй. Тэгэхээр ийм төрлийн чанга хяналтыг төрийн нэг байгууллагад хариуцуулчихвал сонгуулийн үеэр “Уучлаарай. Андуурсан байна” гэж хэлээд л өнгөрнө. Сонгуулийн үеэр УИХ-ын гишүүний, нэр дэвшигчийн утаснаас сонгогчид руу баахан мессеж илгээгдвэл улс төрийн тогтворгүй, ойлгомжгүй байдал руу хүргэнэ гэсэн үг. Тэгэхээр гар утасны оператор компаниуд хяналтаа өөрсдөө тавьж хариуцлагаа ч хүлээдэг байх ёстой.

Хамгийн гол нь та бүхний дотор буюу УИХд захиалагч нь байгааг тагнуулаас мэдэгдсэн?

-Тагнуулын ерөнхий газарт би итгэхээ больсон. Энэ мэдэгдэлд нь ч огт итгэхгүй байгаа. Яагаад вэ гэвэл сөрөг хүчний хаалга үүдийг прокурорын зөвшөөрөлгүй эвдэж ороод гүйцэтгэх ажиллагаа явуулж буй нөхдүүд юу ч ярьж болно. Тэгэхээр гар утасны компаниуд мэдэгдэл хийгээсэй гэж хүсч байгаа.

Д.Ганхуяг: ЮУ БОЛООД БАЙНА ВЭ ГЭДГИЙГ ХАРАХ ХЭРЭГТЭЙ

УИХын гишүүдээс иргэдийн утсанд мессеж ирээд байна л даа. Яагаад ингэж ард түмнээрээ тохуурхаад байгаа юм бол оо?

-Хууль хяналтын байгууллага үүнийг тогтоох ёстой. Асуулгын агуулга нь Монгол Улсын иргэн, хэний ч дургүйцлийг төрүүлэхээр байсан. Жишээ нь газраа 100 жилээр гадны иргэнд өмчлүүлнэ гэх мэтээр. Тийм хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж, батлагдсан зүйл лав байхгүй. Тэгэхээр энэ юу болоод байна вэ гэдгийг харах хэрэгтэй байх. Нийгмийг тогтворгүй байдалд ч хүргэж болзошгүй учраас оператор компаниуд хийгээд холбогдох байгууллагууд нь үнэн зөв мэдээллийг ард түмэнд ойлгуулах хэрэгтэй. Дараагийн асуудал нь төлбөрөө төлж үйлчилгээ авч байгаа учраас гар утасны тухайн дугаар нь хувийн өмч болох болов уу. Тэгэхээр хүний, иргэний эрхийн асуудал болно. Улмаар УИХ-ын гишүүн гэдэг хүн сонгогчдоор баталгаажиж бүрэн эрх эдэлдэг. Түүнд халдсан тохиолдол байж ч магадгүй гэж харж байгаа.

Ийм мессеж илгээх сонирхол хэнд байж таарах вэ. Та нарыг ийм зүйл хийсэн гээд байгаа?

-Энэ тухай мэдээлэлгүй байна. Өчигдөр АН-ын бүлгийн хурлаар яригдсан. Үүнийгээ тодорхой болго, судалж тогтоо гэсэн чиглэлийг өгсөн.

Тагнуулаас УИХ дотор мессеж явуулсан эзэн нь байгаа гэж байгаа бол сөрөг хүчин Засгийн газарт бий гэж байна?

-Би яаж мэдэх вэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *