“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн, МАН-ын Шинэчлэлийн хорооноос өчигдөр хамтарсан мэдэгдэл хийлээ. Төрийн ордны баруун талд гэр барьж, улс төрийн суулт хийж байсан залуус тэмцлээ гадаа биш, Төрийн ордонд үргэлжлүүлээр шийдсэн гэдгээ дуулгалаа. Өөрөөр хэлбэл, тэд УИХ-ын гишүүдтэй нэгбүрчлэн тулж харилцах гэнэ. Хэвлэлийн хурлын эхэнд МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан “Улс төрийн суулт хийсэн энэ хугацаанд бид 11270 иргэний гарын үсгийг цуглуулсан. Нийгмийг хамарсан гурван удаагийн цуглаан хийсэн, мөн тооны хэвлэлийн бага хурал хийсэн. Улмаар олон нийт, иргэдийн санал асуулгын үр дүнд тулгуурлаж, Нэгдсэн хөдөлгөөн, Шинэчлэлийн хорооны зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаар бидний шаардлагыг дэмжсэнээр УИХ-д энэ асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ бол бидний хамтын ажиллагааны үр дүн” гэж ярилаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах ёстой гэдэг байр сууриндаа тэд хатуу зогсож буйгаа хэлж, цаашид тэмцлээ үргэлжлүүлэн гэдгээ илэрхийлэв.