Categories
мэдээ цаг-үе

Германы дасгалжуулагчийг гайхшруулсан монгол хөвгүүд

Өнгөрч буй долоо хоног Монголын хөлбөмбөгийн түүхэнд онцгой өдрүүд байлаа. Улс орныхоо хөлбөмбөгчдийн ирээдүйг тодорхойлох өсвөрийнхөн маань дэлхийн 80 гаруй орны баг оролцсон “Gothia Cup” тэмцээнээс хүрэл медальтай ирэв. Норвеги, Энэтхэг, Швед, Германы багийг төвөггүйхэн хожоод гараад ирсэн бяцхан хөлбөмбөгчдөөр монголчууд бахархаж байна. Бас нэг чухал үйл явдал Гуамд өрнөж буй. Үндэсний шигшээ багийнхан зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд тоглож байгаа. Эхний тоглолтоо Хойд Марины арлуудын шигшээ багтай хийж, хожсон. Зохион байгуулагч орны багт хожигдсон ч гэлээ арвин туршлагатай ирж байгаа. Харин өсвөрийнхөн уржигдар эх орондоо ирлээ. Шведийн Гётебург хотоос хүрэл медаль өвөртлөн ирсэн тэднийг хөлбөмбөг сонирхогчид халуун дотноор хүлээж авсан.

Дэлхийн 80 гаруй орны 1600 орчим клуб оролцсон тэмцээн гэдэг өсвөрийнхний дундах хамгийн том тэмцээн. Швед улсад болж буй 39 дэх удаагийн “Gothia Cup” тэмцээнд манайхаас 12 болон 16 насанд “FC Deren Sumida” клубын “Дэрэн” багууд тав дахь удаагаа оролцсон. 12 насныхан хожигдсон ч гэлээ ах нар нь тэднийхээ итгэлийг алдсангүй.

Дэлхийн хөлбөмбөгийн дэвжээнд монголчууд, монгол тоглогч гялалзаж чадна гэдгийг харууллаа. Хөвгүүдийн 16 насны ангилалд 32 улсын 190 баг оролцсон. 47 хэсэгт хуваагдахад манайхан 15 дугаар хэсэгт Шведийн хоёр баг болон Норвегитой таарчээ. Эхний тоглолтод Норвегийн багтай тоглов. Багш, дасгалжуулагчдынхаа заасан бүхнийг ягштал биелүүлээд өрсөлдөгчөө 3:0-ийн харьцаатайгаар буулгаж авлаа. Эхний тоглолт хөвгүүдэд урам өгсөн хэдий ч Шведийн хоёр багт хоёуланд нь хожигдоод байсан юм. Хэсгийн тоглолтын хоёр хожигдол манай тамирчдад нэгийг бодогдуулчихаж. “Плэй офф-т гараад хожигдох л юм бол тэмцээнээс хасагдана. Гэрийнхэн ч яахав. Намар хичээл орохоор ангийнхандаа юу гэж хэлнээ” гэсэн бодол л толгойд нь эргэлдээд байжээ. Хэсгээсээ гуравдугаар байраар гарсан тэд “В” хэсэгт шалгарав. 1/64-т эхний учраа Энэтхэгийн шигшээ таарчээ. “Хожигдвол гэртээ харина” гэсэн бодолтой хөвгүүд зүтгэсээр 5:4-ийн харьцаагаар өрсөлдөгчөө буулган авлаа. 1/32-т Шведийн багийг 7:5-аар хожиж, улмаар шөвгийн 16-д шалгарав. Яван чангарна гэгчээр 1/16-д Германы “TSV Buchholz 08” багт ямар ч боломж өгөлгүй 2:0-ээр хожсон юм. Уг тоглолтын дараа Германы дасгалжуулагч “Манай баг муу тоглоогүй. Монголын хүүхдүүд үнэхээр чадвартай юм. Ийм өндөр түвшинд тоглодог гэж үнэхээр бодоогүй” гэжээ. Харин зохион байгуулагчид “Өмнөх дөрвөн жилд Монголын багийнхан ирж оролцдог байсан. Тэдний чадвар улам бүр дээшилж байна. Энэ хэвээрээ урагш ахивал тэдэнд асар том боломж бий. Өнөөдөр тэд авьяастай гэдгээ харууллаа” хэмээн онцолжээ. Улмаар шөвгийн наймд Норвегийн “IL Bjarg” багийг 3:1-ийн харьцаатайгаар хожиж шөвгийн дөрөвт шалгарав. “В” хэсгийн хүрэл медалийг халаасандаа хийчихээд тэмцээнийг зохион байгуулагч Шведийн багтай тоглолоо. 2:0-ийн харьцаатай хожигдсоноор манай баг тэмцээнээ өндөрлүүлэв. Гэхдээ тэд шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарч хүрэл медальтай ирсэн. 

Олон улсын хөлбөмбөгийн ногоон талбайд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн “Дэрэн” баг 2008 онд байгуулагдсан. Хөлбөмбөгчдийг бүр багаас нь сургахыг эрхэмлэдэг болохоор авьяас, сонирхолтой зургаан настнуудыг ч элсүүлдэг ажээ. Өвөлдөө зааланд, зундаа гадаа талбайд байнгын бэлтгэл хийснээр өнөөдрийн амжилтад хүрчээ. Харин өөрсдийн гэсэн заалгүй учраас сургуулиудын заалыг түрээсэлнэ. Хичээл эхлэхээс өмнө буюу 07.00 цагаас бэлтгэл хийдэг гэсэн. Гадаа дулаарахаар хүссэнээрээ бэлтгэл хийнэ. Сая тэмцээнд явахын өмнө гадаа талбайд өдөр бүр бэлтгэл хийдэг байж. Мөн хоёр жилийн өмнө Сербээс дасгалжуулагч авчран хичээл заалгасан гэнэ. Гадны дасгалжуулагчаар хичээл заалгаад, дээрээс нь өөрсдөө гадаадад очиж шилдэг тамирчидтай тоглоод байвал манай тамирчдын ур чадвар илт сайжрах нь тодорхой. Тиймээс хүүхдүүд эцэг эхийнхээ тусламжтайгаар тэмцээнд жил бүр оролцохыг хичээдэг болжээ. Олон улсын тэмцээнийг зохион байгуулагчид хоол, байрыг нь даадаг хэдий ч замын зардал 2000 ам.долларыг хүүхдүүд өөрсдөө гаргадаг юм байна. Ингэж олон улсад тоглох хүүхдүүдэд маш том урам өгдөг. 

Учир нь “Gothia Cup” тэмцээнд дэлхийн шилдэг тамирчид хүүхэд байхдаа тоглож байсныг тэд сайн мэднэ. Алдарт Алан Ширер, Андрей Пирло, Златан Ибрахимович, Шаби Алонсо, Жулио Баптиста, Зе Роберто, Эммануэль Дцебайор зэрэг дэлхийн супер одод уг тэмцээнээс гараагаа эхэлж байлаа. Тэгэхээр манай тамирчдыг ч мөн сайхан ирээдүй хүлээж байгаа нь гарцаагүй. 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн хөлбөмбөгийн холбоонд албан ёсны айлчлал хийхдээ 2050 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулна гэх мөрөөдлийн гэрээ хийж байлаа. Бас 2020 оноос эхлэн Монголын хөлбөмбөгчид дэлхийд шуугиан тарьж чадна хэмээн “Дуулиан-2020” тэмцээнийг санаачлан эхлүүлсэн. Ерөнхийлөгчийн мөрөөдөл биелэх боломжтойг “Дэрэн” багийнхан харуулав. “FC Deren Sumida” клубын эзэн нь Г.Мөнхчулуун гэж залуу бий. Тэрээр өсвөрийн шигшээгээ ахалж явсан. “Таван жил зүтгэсний үр дүн өнөөдөр гарч байна” гээд магнайгаа хагартал баярлачихсан яваа юм билээ. 

С.АЛТАНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *