Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Бразилыг 7:1-ийн харьцаатай хожиж, аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Дэлхийн таван удаагийн аварга Бразил ДАШТ-ий хагас шигшээн түүхэндээ ийм олон гоолын зөрүүтэй хожигдож байсан удаагүй.
Тоглолтын 11 дэх минутад Тони Кроосын дамжуулалтаар Томас Мюллер гоол оруулж, тооны харьцааг нээлээ. Германы шигшээ багаас 23 дахь минутад Мирослав Клозе, 24, 26 дахь минутад Тони Кроос, 29 дэх минутад Сами Хедира гоол орууллаа. Бразил ердөө долоон минутад дөрвөн гоол алдчихав. Германчууд ДАШТ-ий хагас шигшээ тоглолтын 30 дахь минут гэхэд өрсөлдөгчийнхөө хаалганд таван гоол оруулж, нэгэн дээд амжилтыг тогтоолоо.
Тоглолтын хоёрдугаар хагаст Германы шигшээ багийн довтлогч Андре Шюррле 69, 79 дахь минутад хоёр гоол оруулсан юм. Харин 90 дэх минутад Бразилын шигшээ багийн хагас хамгаалагч Оскар гоол оруулж, шигшээ багтаа, эх орондоо нэр төрийг авчирлаа. Бразилчуудын хувьд довтлогч Неймар гэмтсэн учир довтолгоо нь урагш ахихгүй, хамгаалалтын ноён нуруу, багийн ахлагч Тиагу Сильва торгуулийн улмаас тоглоогүй учир хамгаалалтдаа маш том алдаа гаргаж байлаа.