Categories
гадаад мэдээ

Герман улс атомын цахилгаан станцуудаа хаав DNN.mn

Германы сүүлийн гурван атомын цахилгаан станцын үйл ажиллагаа зогсож тус улсын цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 60 гаруй жилийн түүх дуусав. Эрх баригчид энэ сарын 16-ны ням гарагт шилжих шөнө ажиллаж байсан сүүлийн гурван атомын цахилгаан станц болох Бавари дахь “Исар-2”, Баден-Вюртемберг дэх “Неккарвесхайм 2”, Доод Саксонийн “Эмсланд-ыг сүлжээнээс салгасан байна.

Цөмийн энергийг эсэргүүцэгчид энэхүү түүхэн өдрийг Берлин болон бусад хотуудад өдөржингөө баярын жагсаал цуглаан хийж тэмдэглэв. Үүнтэй зэрэгцэн атомын цахилгаан станц хаасныг эсэргүүцсэн жагсаал ч болсон аж.

Хэдийгээр Германы цөмийн эрчим хүчийг үе шаттай зогсоох шийдвэр гарсан ч түүний эерэг болон сөрөг талуудын талаарх хэлэлцүүлэг үргэлжилсээр байгаа юм.

“Ногоонтнууд”-ын төлөөлөл ХБНГУ-ын Байгаль орчин, цөмийн аюулгүй байдлын сайд Штеффи Лемке цөмийн эрчим хүчнээс татгалзах нь Германыг аюулгүй болгоно гэдэгт итгэлтэй байна. Мөн тус улсын Ногоон намын дарга Рикарда Ланг “Цөмийн эрчим хүчнээс гарна гэдэг нь “сэргээгдэх эрчим хүчний эрин үе рүү орох эхний алхам гэсэн үг” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Германы эвслийн Засгийн газрын нэг хэсэг болох ХБНГУ-ын Чөлөөт ардчилсан нам(FDP)-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бижан Жир-Сарай цөмийн технологийг бүрмөсөн орхихгүй байхыг уриалав. Тэрээр “Цөмийн эрчим хүч зогссон ч Германы ирээдүй баталгаатай байх ёстой. Үүнд цөмийн эрчим хүчний судалгааг өргөжүүлэх, цөмийн задралын шинэ, аюулгүй технологийг ашиглах зэрэг багтана” гэж хэлжээ. Мөн Германы Сангийн сайд, “FDP”-ын дарга Кристиан Линднер гурван атомын цахилгаан станцыг нөөцөд үлдээж, татан буулгахгүй байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Германчуудын бараг гуравны хоёр нь Германы сүүлчийн атомын цахилгаан станцуудыг хаахыг эсэргүүцэж байна гэж “YouGov” социологийн хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүн харуулсан байна. Санал асуулгад оролцогчдын 32 хувь нь АЦС-ын ашиглалтын хугацааг хязгаарлагдмал хугацаагаар, 33 хувь нь бүр хязгааргүй хугацаагаар сунгах шаардлагатай гэж үзсэн байна. Судалгаанд оролцогчдын дөнгөж 26 хувь нь Германд үлдсэн атомын цахилгаан станцуудыг нэн даруй хаах нь зөв гэж үзжээ Уг судалгааны үр дүнг энэ сарын 10-нд нийтэлсэн байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *