Хэдхэн сарын дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Мужуудад болж буй урьдчилсан санал асуулгаар Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдээс тэрбумтан Дональд Трамп тунаж үлдлээ. Гурав хоногийн өмнө түүний хамгийн гол өрсөлдөгч Сенатын гишүүн Тед Круз намын сунгаанаас гарахаар болсноо мэдэгдсэн. Ийнхүү тус намаас Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп өрсөлдөхөөр боллоо. Одоогоор Ардчилсан намаас Хиллари Клинтон авсан саналынхаа тоогоор тэргүүлж яваа. Үүнээс үзэхэд Д.Трамп, Х.Клинтон нар тунаж үлдэн Америкийн төрийн тэргүүнд өрсөлдөх магадлал нэлээд өндөр байна. Бүгд найрамдахчуудаас тэрбумтан өрсөлдөх болсон нь тус намын дотор нэлээд зөрчил үүсэхэд хүргээд байгаа. Уржигдар төрийн тэргүүний албыг хашиж байсан аав, хүү хоёр Буш Д.Трампыг дэмжихгүй хэмээн мэдэгдсэн.
Д.Трамп бол бизнесмэн, улстөрч. Аавынх нь аав буюу өвөө нь 1885 онд Германы Кальштат хотоос Америкт цагаачилжээ. Тэрбумтны ээж нь шотланд гаралтай, 1930 онд Нью-Йорк хотноо болсон нэгэн баярт оролцохоор ирэхдээ аавтай нь танилцаж гэрлэсэн гэдэг. Тэрбумтан Д.Трамп 1946 онд Нью-Йорк мужийн Кунис хотод төрсөн. Аав нь хүүгээ 13 настайд нь өөртөө итгэлтэй, зөв хүн болгохын тулд Нью-Йоркийн цэргийн академид оруулжээ. Д.Трамп тэнд маш ихийг сурсан. “Хэлэлцээ хийх урлаг” номондоо “Би 1964 онд Нью-Йоркийн цэргийн академиа төгсчихөөд киноны сургуульд орох талаар бодсон. Гэвч эцэст нь үл хөдлөх хөрөнгийн наймаа илүү ашигтай гэдэг дүгнэлтэд хүрсэн” хэмээн бичсэн байдаг. Ингээд Фордэмийн их сургуульд орсон боловч сургалт нь таалагдаагүй тул Пенсильванийн их сургуулийн дэргэдэх Уортоны бизнесийн сургуульд суралцжээ. Төгсөөд шууд л аавынхаа “Trump Organization” компанид ажилласан байна.
Дональд оюутан байхдаа анхныхаа бизнес төслийг маш амжилттай хэрэгжүүлсэн. Огай мужийн Цинциннати дахь 66 хувь нь түрээслэгдээгүй байрыг шинэчилж 12 сая ам.доллараар борлуулаад зургаан сая ам.долларын цэвэр ашиг олжээ. Энэ төсөл амжилттай болсон бас нэгэн нууц нь нийгмийн дундаж давхаргад чиглэсэнтэй холбоотой. 1971 онд тэрээр Нью-Йоркийн төв болох Манхэттенд нүүж ирээд нөлөө бүхий хүмүүстэй танилцсан. Энд барилгын салбарт бизнес хийх асар их боломж байгааг ч олж харсан байна. Ер бусын дизайнтай байшингууд барьж нэлээд ашиг олж, түүний бариулсан барилгууд ч хүмүүст таалагджээ. Бараг нурсан “Commodore” зочид буудлыг шинэчлэх төслийн тендерт ямар нэгэн хөндлөнгийн дэмжлэггүйгээр ялж, Нью-Йорк хотын захиргаанаас түүнд 40 гаруй жилийн хугацаатай татварын хөнгөлөлт үзүүлсэн юм. Түүгээр ч зогсохгүй банкууд 70 сая ам.долларын зээл олгохдоо Вест-Сайд дүүргийн өнгө төрхийг сайжруул гэсэн ганцхан болзол тавьсан байдаг. Зургаан жилийн дараа гэхэд Манхэттений оршин суугчид тэнгэр баганадсан шилэн байшингуудаар бахархаж ирээдүйн тэрбумтан ч хөрөнгөө арвижуулж авчээ. Д.Трамп энэ төслийг амжилттай хэрэгжүүлснийхээ дараа “Hyatt” сүлжээ зочид буудлыг худалдан авчээ. Бизнесийн шинэ санаа ар араасаа ундарч байх тэр үед Нью-Йоркийн “Tiffany&Co” үнэт эдлэлийн дэлгүүрийн эсрэг талд байршилтай тавдугаар авенюд нүд унагасан гэдэг. Яагаад заавал энэ гудамжийг сонирхсоныг асуухад “Энэ дэлгүүр хавиар Нью-Йоркийн хамгийн чинээлэг хүмүүс эргэлддэг” хэмээн тайлбарлажээ. Хэдхэн жилийн дараа энэ газарт 58 давхар “Trump Tower” хэмээх тэнгэр баганадсан байшин сүндэрлэсэн юм. Нью-Йоркийн хамгийн өндөр байшингийн орон сууцууд ердөө хэдхэн сарын дотор зарагдсан гэдэг. Ийнхүү “Trump Tower” нь дээдсийн цуглардаг газар болж Д.Трамп 200 сая ам.долларын ашиг олжээ. 1977 онд Нью-Жерсид мөрийтэй тоглоомыг хуулиар зөвшөөрсөн. Чинээлэг эр энэ боломжийг ч овжин ашигласан юм. Тэрээр Атлантик-Ситид газар худалдан авч “Trump Plaza Hotel&Casino” төвийг бариулав. Энэ төсөлд 250 сая ам.доллар зарцуулжээ. Гэвч түүний бизнес дандаа амжилттай байгаагүй. 1990-ээд онд нэг тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгөтэй байсан Д.Трампт үл хөдлөх хөрөнгө, агаарын тээврийн компани, хөлбөмбөгийн клуб, янз бүрийн үйлдвэрүүд гээд байхгүй юм байгаагүй гэдэг. Сүүлдээ өөрөө ч бараг юутайгаа мэдэхээ больж хяналтаа алдсан гэдэг. Зээл авч бизнесээ улам бүр өргөжүүлж байсан боловч нэг л мэдэхэд бөөн өрөнд унасан байв. 1990-ээд онд 9,8 тэрбум ам.долларын өртэй, түүнээс 900 сая ам.долларыг өөрөө төлөх ёстой болов. Ингээд дампуурлын ирмэгт ирсэн тул “Trump Tower” байшингаа барьцаалахаас өөр арга байсангүй. Санхүүгийн нэлээд хүнд байдалд орсон байхад нь хэвлэл мэдээллээр түүний хийсэн алхам бүрийг шүүмжилж байсан гэдэг. Гэсэн хэдий ч өрнөөс гарч чадсан. 1997 он гэхэд бүх өрөө төлж барагдуулаад шинэ төсөл хэрэгжүүлж эхэлснээс үзэхэд жинхэнэ бизнесмэний шинж чанартай, ямар ч бэрхшээлийг сөрж чадах эр гэдгээ харуулсан.
Дональд Трамп аавынхаа хамт
XXI зуун гарангуут Трамп телевизийн салбарт хүчээ үзэхээр шийдэв. Тэрбээр “Candidate” хэмээх телевизийн реалити шоу нэвтрүүлгийг санаачлан компанийнхаа шилдэг менежерээр ажиллах хүнийг шалгаруулж авсан байна. Үүнээс нэг жилийн дараа NBC телевизтэй хамтран та бидний сайн мэдэх “Ертөнцийн гоо бүсгүй”-г шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг “Miss Universe Organization” компанийг худалдан авчээ. Тэрбумтан үзэгчдийн таашаалыг хамгийн ихээр хүртсэн кинонуудын нэг болох “Гэртээ ганцаараа”-д хүртэл тоглосон юм. Тэрээр алдарт Ларри Кингийн нэвтрүүлэгт уригдан оролцохдоо бага Ж.Бушийн явуулж байгаа бодлого болон алдарт Анжелина Жолигийн төрх байдлыг ширүүхэн шүүмжилсэн нь шуугиан тарьсан. Тэр үед “Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Р.Жулианни, Хиллари Клинтон хоёрыг заавал дэмжинэ” хэмээн хэлсэн байдаг. Энэ үгэндээ хожим нэлээд ороогдсон.
Д.Трампт ороогүй салбар гэж бараг үгүй. 1980-аад оноос түүнийг Ерөнхийлөгчид өрсөлдөх гэж байгаа тухай яригдаж эхэлсэн. 2009 онд тэрээр Бүгд Найрамдах намын гишүүн болж 2011 онд төрийн тэргүүнд нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж байсан гэдэг. Гэвч бизнесийн салбарыг орхих хараахан болоогүй гээд больсон. Ингээд өнгөрсөн жил тэрээр Бүгд Найрамдах намаас нэрээ дэвшүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн даруйдаа бэлтгэл ажлаа эхлүүлсэн юм. Маш нарийн бодож боловсруулсан төлөвлөгөө гарган ажилласан гэдэг. Хамгийн түрүүн Бүгд Найрамдах намын өлгий гэгддэг Нью-Гэмпширт очиж дараа нь Невада, Калифорни мужуудаар айлчилжээ.
Намын сунгаанд тунаж үлдсэн тэрээр эрүүл мэнд, цагаачид, дотоод бодлогын асуудал дээр юун дээр анхаарахаа маш тодорхой ярьсан. Хөрш Мексик, Ойрхи Дорнодын эсрэг хатуу бодлого явуулах нь зүйтэй гэдэг дээр тууштай байгаа тэрбумтан Ерөнхийлөгчөөр сонгогдвол Цагаан хэрэм шиг ханыг Мексикийн хил дээр босгоно хэмээн амлаж байгаа. Түүгээр ч барахгүй “Лалын улс” бүлэглэлийг тэр дор нь устгах гэнэ. АНУ-д үйлдвэрүүдийг эргэн сэргээхээ амлаж буй тэрбээр Хятадтай худалдааны дайн зарлах гэнэ.
Дональд Трамп эхнэр, хүүхдүүдийнхээ хамт
Тэрбумтны хувийн амьдрал нэлээд сонин. Тэрбээр хэд хэдэн удаа гэрлэж байсан. Анх хуучин Чехословакийн загвар өмсөгч Иванка Зельничкова гэх бүсгүйтэй гэрлэсэн. 2005 онд зүүн Европоос гаралтай Мелани хэмээх загвар өмсөгчтэй нижгэр хурим хийж байв. 45 сая ам.доллар зарцуулсан гэрлэх ёслол нь хамгийн өндөр өртөгтэй хуримд тооцогддог. Түүнийг эхнийхээ эхнэрээс салсны дараа хэвлэлийнхэн “The Donald” гэх болсон. Хоёр дахь эхнэрийг нь Марле Мейплз гэдэг. Д.Трамп таван хүүхэдтэй. Иванка, Эрик, Дональд,Тиффани, Беррон гээд. Саяхан болсон сонгуульд Охин Иванка, хүү Эрик хоёр нь цагтаа бүртгүүлээгүй тул саналаа өгч чадаагүй гэнэ. Үүндээ ихэд гэмшиж байгаа хэмээн аав нь ярьжээ. Харин хамгийн бага хүү Бэрроны сонгуульд оролцох нас нь болоогүй. Тэрбумтан найман ач, зээтэй.
“Форбес” сэтгүүлийн энэ жилийн судалгаагаар Д.Трамп нь дөрвөн тэрбум гаруй ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй. Энэ жил маш сонин сонгууль болно хэмээн ажиглагчид бичсээр байгаа. Тэрбумтан Д.Трамп, экс тэргүүн хатагтай Х.Клинтонтой “хүчээ” үзэх болов уу. Хэрвээ Д.Трамп ялалт байгуулж чадвал АНУ-ын түүхэн дэх анхны тэрбумтан Ерөнхийлөгч болно. Хэрвээ сонгогдож чадвал шүү дээ. Харин Д.Трамп “Би хамгийн агуу Ерөнхийлөгч болно” хэмээн хэлсэн билээ.