Австрийн Инсбрукийн их сургуулийн олон улсын харилцааны профессор Герхард Манготт “Орос улс цөмийн зэвсэг хэрэглэх асуудалд маш нухацтай хандаж байна. Иймээс Владимир Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Орос улсын цөмийн галт тэрэгний хөдөлгөөн, тактикийн цөмийн бөмбөг бүхий нисгэгчгүй “Посейдон” пуужинг туршихаар К-329 “Белгород” цөмийн шумбагч онгоцыг Хойд туйлд илгээсэн тухай мэдээлэл нь Оросын ерөнхийлөгчийн илгээж буй “цөмийн мессэж”-ийн эхний шат юм” гэж Манготт хэлэв. “Хэрэв цөмийн зэвсэг ашиглах тодорхой заналхийлэл нь Украины сөрөг довтолгоог зогсооход хангалтгүй бол хоёр дахь шат нь эзгүй газар нутагт бөмбөг дэлбэлэх явдал болно. Хэрэв энэ нь бүтэлгүйтэж, Украины арми эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авсаар байвал Орос Украинд цөмийн зэвсэг хэрэглэх бүрэн боломжтой гэж Австрийн шинжээч үзэж байна. Иймээс Герхард Манготт “Путины гол зорилго нь цөмийн зэвсгээр айлгаж байгаад Украины газар нутгаас авч энхийн гэрээ хийх явдал. Харин цөмийн бөмбөг хэрэглэсэн тохиолдолд цохилт хийх хамгийн их магадлалтай цэг нь Украины ар тал дахь хүн ам шигүү суурьшсан газар нутаг байх болно” гэв.
Цэргийн шинжээч, Бундесверийн хурандаа асан Ральф Тиеле, хэрэв Оросын цөмийн зэвсгийг эзгүй газар дэлбэлэх нь урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлэхгүй бол Оросын дараагийн хувилбар нь Украин дахь улс төр, эдийн засгийн объектуудад цохилт өгөх явдал байж магадгүй гэж үзэж байна. Тэрээр “Цөмийн дэлбэрэлт цахилгаан соронзон импульс үүсгэдэг бөгөөд энэ нь хэдэн зуун хавтгай дөрвөлжин километр талбайн бүх электрон төхөөрөмж, цахилгаан станцууд, компьютерийн системүүд, хиймэл дагуулууд, автомашинууд гээд дэлбэрэлтийн хүрээн дэх бүх электрон системийг устгах болно” гэж хэлэв.
Олон улсын ихэнх шинжээчид цөмийн зэвсэг хэрэглэсний үр дагавар Орост өөрт нь жинхэнэ аймшиг авчрах болно гэдэгтэй санал нэг байна. Герхард Манготт “Цөлийн бүсэд цөмийн зэвсэг дэлбэлсэн ч ОХУ олон улсад соёрхон баталсан “Цөмийн туршилтыг иж бүрэн хориглох гэрээ”-г бодитоор зөрчих тул барууны улсууд Оросын эсрэг эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээгээ бараг тултал нь чангатгах болно. Энэ нь Оросын хувьд том аюул болно” гэж хэлжээ.
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “CBS” телевизэд өгсөн ярилцлагадаа “АНУ цөмийн бөмбөг хэрэглэх гэвэл яг юу болохыг Кремльд “хамгийн дээд түвшинд шууд, нууцаар мэдэгдсэн”” бөгөөд “Бид энэ нь юунд хүргэхийг тодорхой бөгөөд тун ойлгомжтой тайлбарласан” гэж хэлэв. АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Дэвид Петреус “Оросууд цөмийн бөмбөг хэрэглэх гэсэн тохиолдолд АНУ болон түүний холбоотнууд Украины нутаг дэвсгэрт байгаа Оросын армийг бүхэлд нь устгаж, Хар тэнгисийн флотыг бүрэн живүүлэхэд бэлэн байна” гэж олон нийтэд зориулан мэдэгдэв. Харин Манготт “Үүндээ барууны улсууд ердийн зэвсэг ашиглах болно” гэж тодруулан тайлбарлав. Тэгвэл цэргийн шинжээчид болох Украины бэлтгэл хурандаа Олег Жданов “Атомын галт тэрэг хоёр төрөл байдаг.Нэг нь бөмбөггүй зөвхөн цэргийн удирдлага байдаг.Нөгөө нь хэдэн мянган км хол тусах чадвартай стратегийн пуужинг, суудлын эсвэл ачааны галт тэрэг болгон хувиргасан байдаг. Иймээс ийм галт тэрэг Украин руу явах ямар ч шаардлагагүй болохоор энэ бол Кремлийн гаргасан худал ухуулга” гэсэн бол АНУ-ын Андрей Пионтковский “Путин өөрөө эхлээд сөнөх учраас атомын бөмбөг яасан ч хэрэглэхгүй” гэсэн байна.
“ОХУ цөмийн зэвсэг ашиглах гэсэн тохиолдолд юу болохыг ойлгуулсан АНУ, Англи болон НАТО-гийн арга хэмжээ нь нөхцөл байдлыг эрс хурцатгахгүй байж дайснаа ялах боломж олгох маш ухаалаг стратеги юм. Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл барууны улсууд яаралтай хариу арга хэмжээ авах бөгөөд Орос улс дэлхийд бүрэн тусгаарлагдаж, Энэтхэг, Хятад зэрэг улсууд ч Оросоос зайгаа авах болно” гэдгийг шинжээчид санал нэгтэй анхааруулсан байна.