Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан, “Эрдэнэс таван толгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газрынхан саяхан баривчилсан. Тус газрын мөрдөн байцаагчид түүний гэрт очиж, хаалга үүдийг нь угз татан дайран орсон байна. Тэгээдгэрт нь үзлэг хийх прокурорын зөвшөөрлийг үзүүлэн гэрийнх нь эд зүйлийг хайр найргүй онгичжээ. Ор дэр, гал тогоо, хувцасны шүүгээ, авдар сав гээд байгаа бүхнийг нь уудалж, бичиг баримт хадгалж байсан хавтаснуудыг нэг нэгээр нь салган бүрэн нэгжлэг хийжээ. Гэргий нь хоол цайгаа хийж, үр хүүхэд нь эрх дураараа тоглож байсан гэр бүлийг гэнэт сандаан, сэтгэл санааны гүн дарамтад оруулж, нялх үрийг нь бүлтэлзүүлэн уйлуулж орхиод Дэнзэнг албадан баривчилсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн хэд хоног шуугиж байна.
Авлигатай тэмцэх газрынхан зөвхөн Г.Дэнзэнг ч ингэж баривчилж байгаа юм биш л дээ. Өмнө нь төрийн өндөр алба хашиж байсан нэр бүхий хүмүүсийн гэр орныг яг ийм байдлаар онгичин нэгжиж, бусдын өмнө ичгэвэртэй байдалд оруулж байсан тохиолдлууд бий. Тухайлбал, Тагнуулын ерөнхий газрын сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга асан, хурандаа Д.Цогтбаатарын гэрт авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар орж гэрийнх нь эд хогшлыг нэгд нэгэнгүй сэндийлж орхисон байдаг. Хурандаа Д.Цогтбаатарын гэргий Ч.Мандах гэр орныг нь хэрхэн түйвээсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой ярьсан.
“Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “2013 оны хоёрдугаар сардсайт дээр АТГ-ын захиалгаар тавьсан нэгэн нийтлэлээс бүх үйл явдал эхэлсэн. Тэр нийтлэлд Цогтбаатар болон манай гэр бүлийг дэндүү увайгүй, бүдүүлгээр гутаан доромжилж, гүтгэсэн. Тэр оройноос эхлэн хэд хэдэн телевизээр “Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгэжээ” гэх мэдээг 4-5 хоног тасралтгүй цацсан. АТГ-ын явуулж байгаа үйл ажиллагааны нэг онцлог нь эхлээд гутаа, дараа нь устга гэдэг зарчмаар ажиллаад байх шиг санагдаад байх юм. 2013 оны зургадугаар сарын 4-ний өглөө нөхөр маань ажилдаа яваад орой нь ирээгүй. Гэтэл нэлээд орой нэг өмгөөлөгч яриад “УМБГ-аас долоон жилийн өмнө алга болсон Герман иргэний хэргээс болж цагдан хорьсон” гэж хэлсэн. АТГ-аас гурван машин дүүрэн хүн манайд металл хайгчтай ирж нэгжлэг хийсэн. Өмнө нь бас л нэгжлэг хийж байсан. Тэр орой нөхрөө харсаар байгаад баривчлуулж явуулсан. Нүдэн дээр минь бариад явахад ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийг мэдэрч, төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж, шударга байсныхаа төлөө хоригдож байгаад нь сэтгэл өвдөж байна. Би Монголын төрд гомдоогүй ээ. Төрд шургалсан юу ч хийхээс буцахгүй, увайгүй эрээ цээрээ алдсан тэр хүмүүст маш их гомдож байна. Нэгжлэг хийсэн хүмүүс надад “Хар тамхи, их хэмжээний мөнгө, галт зэвсгээ гаргаад өг” гэж хэлсэн. Ямар ч айлын эзэгтэй хаана юу байгаагаа арван хуруу шигээ мэднэ шүү дээ. Манайд хар тамхи, буу зэвсэг, их хэмжээний мөнгө хадгалагдаж байгаа гэдэг хуурамч зохиомол өргөдөл АТГ-т очсон юм шиг байна лээ. Энэ нэгжлэг анх удаа болж байгаа юм биш. Урьд нь цагдаагийн байгууллагаас 8-9 хүн ирж бүх зүйлийг нэгжиж үзээд шалгаад явсан. Олон дахин нэгжээд ирэхээр чинь сүүлдээ гэрийнхээ түлхүүрийг АТГ, цагдаа хоёрт орхиод явж байвал амар юм шиг бодогдох боллоо. Дуртай үедээ ирж зохиомол зүйлээр мөрдөж, шалгаж доромжилж байгаа юм чинь. Үндсэн хуулинд заасан орон байрны халдашгүй эрх хэдхэн албан тушаалтны үзэмжээр зөрчигдөх болжээ. 1937 оны хэлмэгдүүлэлтийг өөрийн биеэр мэдэрч, хандах төр засаггүй мэт явна. Энэ бидний сонгосон ардчилсан нийгэм мөн юм уу” гэж цөхрөнгөө баран хэлсэн юм.
Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр мөн л албадан баривчилсан. Ардчилсан намын тодорхой лидерүүдийн нэг тэрээр АТГ-ыхныг өөрт нь зохиомол хэрэг тулгаж байна гэж үздэг. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Нэгэнт Гансүх гэдэг хүнд үндэслэлгүй хэрэг үүсгэсэн юм чинь энэ зохиомол хэргээ ямар ч аргаар хамаагүй нотлох нь АТГ-ыг энхийн цагаан тагтаа болгон харагдуулах ганц боломж болчихоод байгаа юм. АТГ гэдэг нэрийг ариун байлгахын тулд намайг яаж ийгээд шоронд явуулж, ял үүрүүлэх сонирхол байгаа юм байна гэсэн итгэл үнэмшил надад төрсөн. Мэдээж, гэр бүлийнхэнд маань ч гэсэн ийм айдас байгаа. Анх жил гаруйн өмнө энэ хэрэг үүсэхэд надад “Үнэн зөв нь олдоно” гэсэн гуйвашгүй итгэл байсан. Энэ итгэл найдвараа өвөрлөн олон гүтгэлэг доромжлол, хүнд бэрхийн ард гарлаа. Гэтэл одоо өнөөх зохиомол хэрэг маань явсаар байгаад АТГ хүнийг яаж хэлмэгдүүлдэг юм бэ гэдгийг илчлэх амьд гэрчтэй, амьд баримт болчихлоо. Тэгэхээр АТГ өөрийнхөө нэр хүндийг авч үлдэхийн тулд Гансүхийг давхар золиослох шаардлагатай болж хувирчихаад байна” гэж хэлсэн. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг цэрэг цагдаагаараа далайлган, шөнөжин ноцолдож байж хоёр хөлийг нь гозолзуулаад ачаад явсан.
Авлигатай тэмцэх газрынхан ингэж айл гэр түйвээж, хувийн өмчид эрээ цээргүйгээр шууд халдан нэгжлэг үйлддэг үйл ажиллагаа явуулаад байх боллоо. Авлигын хэрэгт сэжигтнээр татагдсан хүмүүс эрх мэдэл албан тушаалаа ашиглан төрөөс мөнгө төгрөг завшлаа гэж бодъё. Муугаар бодоход гэж манайхан хэлдэг дээ, түүн шиг хулгай хийсэн байлаа гэж бодоход тэр хүмүүс гэнэн тэнэг л биш юм бол мөнгө төгрөг завшсан эд мөрийн баримтаа хоёр гурван жилийн хугацаанд гэртээ хадгалаад байж байна гэж байх уу. Тэгэхээр Авлигатай тэмцэх газрынхан нэгжээд юм олох уу.Тэгэхлээр энэ заавал хийж байх ёстой ажил гэж үү.
Ухаандаа, саяхан баривчлагдаад байгаа Дэнзэн дээр жишээ авъя.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс таван толгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан түүнийг 2013 оны хавар буюу одоогоос хоёр жилийн өмнө Авлигатай тэмцэх газар шалгаж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хүсэлт гаргасан ч прокуророос шалгах үндэслэлгүй гэсэн хариултыг өгсөн. АТГ-аас Дэнзэнг 17 тэрбумын тендерт хамтран амьдрагч Г.Уянгын компанийг шалгаруулсан байж болзошгүй хэргийг дахин шалгах хүсэлтэй байгаагаа 2013 оны есдүгээр сард мэдэгдсэн. Тэгээд уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж нягтлах хангалттай нотлох баримт байгаа учраас АТГ-аас Дэнзэнг шалгах хүсэлтээ дахин Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байдаг. 2013 оны хавраас хойш Дэнзэн хэд хэдэн удаа гадагшаа дотогшоо явж юм юм л болсон. Өнөө Дэнзэн чинь гэргий хүүхэдтэйгээ гадагшаа явж байна гээд л дуулддаг. Тэгэхээр өнгөрөгч хугацаанд муугаар бодоход ямар нэгэн сэжиг бүхий баримт байсан юм бол ор тас устгаж таарна биз дээ.
Авлигатай тэмцэх газрынхан гэр оронд нь ингэж нэгжлэг хийж, гэр бүл ойр дотнынх нь хүмүүс дээр мөрдөн мөшгөсөн, чагнаж тагнах ажлаа явуулж байгаа нь тухайн хүнийг сэтгэл санаагаар унагах, тэрхүү айл өрхийг гутаан доромжлох хэрэг биш үү. Бас ардчиллын гол үзэл санаануудын нэг болох “Миний гэр миний цайз” гэдэг юу болох вэ. Ерөнхийдөө энэ үйл ажиллагаа чинь Монгол Улсын Үндсэн хууль болоод Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчөөд байгаа юм биш үү. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16-р зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын тавдугаар зүйлд “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй”, есдүгээр зүйлд “Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй”, 12 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж заасан.
Гэр орныг нь нэгжиж буй уг үйл явц хүний эрх зөрчиж байгаа талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоос тодруулахад “Хуулиар эрх нь байгаа тохиолдолд яаж ч болохгүй юм. 24 цагийн дотор яаж ч эсэргүүцээд хуулийнхаа хүрээнд ажил явж байгаа. 24 цагийн дараа прокурорт мэдэгдээд 72 цагийн дараа шүүгчийн захирамж гардаг. Дэнзэнгийн асуудал дээр гэхэд баривчлахаасаа өмнө шүүгчийн захирамж гаргуулчихсан юм билээ. Юм гэдэг дандаа хоёр талтай байдаг. Хууль зөрчиж баривчилж болохгүй гэсэн заалтууд Үндсэн хуульд ч, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч байгаа. Гэвч наадуул чинь хуулийн хүрээнд хийчихээд байна шүү дээ” гэх хариултыг өгч байна.
Тухайн байрны цэвэрлэгч, слесарь гэх мэт хүмүүсийггэрч болгон шавуулж байгаад, гэргий хүүхдийнх нь нулимсыг барж, орон гэрийг нь орвонгоор нь эргүүлэн түйвээсний эцэст албадан баривчлах шаардлага бий гэж үү. “Тэнгри холдинг”-ийн захирлын гэргийн ярьсан яриа манай сонинд гарчбайсан. “Миний хэдэн дотуур өмдтэйг бараг тэр хүмүүс мэднэ. Нүдэн дээр нь нэгжлэг явуулж нэг нэгээр нь харуулж байсан. Одоо харахаар ичээд байдаг юм” гэж билээ.Уг үйл явдал гэмт хэргийн баримт олно гэхээсээ төрд өндөр алба хашсан хүн, бас баян хүн ийм муухай хэмээн бусдаар үзэн ядуулах, доог тохуу хийлгэх гэсэн оролдлого. Хэзээ нэг цагт тэдингэж сүйрдэг юм гэж олон нийтэд ойлгуулах зорилготой хийгдэж байгаа юм биш үү. Энэ АТГ-ын нэгжлэг хийх арга ажиллагаа гучаад оны феодалын хөрөнгө хураах үйл ажиллагаатаймаш төстэй байгаа нь гайхаш тасармаар. Энэ талаар зохиолч Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо, Хоньчноос барилгачин номонд ингэж дурджээ. “…Тэднийг хүнийх нь хувьд гутаан доромжилж, өмч эзэмших ямар гутамшигтай болохыг сурталчлах ёстой байв…” гэжээ.
Энэ бүгдийг ажиглаад байхад “Дарангуйллын нийгэмд амьдраад байна уу” гэх айдас хүйдсийг нийгэмд төрүүлэх боллоо. Авлигатай тэмцэх газар болоод Монголын төр, шүүх цагдаа хэнийг ч болов сэжигтнээр татаж баривчлах, асуун байцаах эрхтэй. Харин энэонцын шаардлагагүй мэт “нэгжих” гэхүйл ажиллагаа соёлтой, хүний эрхийн бүхий л хууль дүрэм журмыг баримталдаг болгохыг олон нийт шаардаж байна. Бид чинь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд аж төрж байгаа биз дээ.