Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны нутагт дэвсгэр, Баянхошууны хөтлийн гэр хорооллын айл өрхүүдийн дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлсэн “Дэд бүтцийн төв” төслийг өнөөдөр нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаан дээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, нийслэлчүүдийн хувьд нэг том ажлын эхлэл, шинэ дэвшил болсон бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байгаадаа баяртай байна гээд гэр хорооллын орчныг орон сууцны хорооллын орчинтой адилхан хэмжээнд авчирсан ажлын эхлэл бол энэхүү “Дэд бүтцийн төв” төсөл.
Хоёр жилийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа энэ төслийг санаачилсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон нийслэлийн удирдлагуудтай ярилцаад, хотын утаа, төвлөрлийг сааруулах ажлын нэг нь байж болох юм гэж үзэж, эхлүүлж байсан энэ ажил өнөөдөр биеллээ олж, дуусчээ.
Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр утаа багассаныг бид бүгд харж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах арга замуудыг ашигласнаар үр дүн гарч болохын илэрхийлэл нь сайжруулсан түлш болон энэ төсөл юм.
Одоо хашаандаа хаус бариад, тохилог сайхан орчин бүрдүүлэн амьдрахад иргэдийн оролцоо чухал хэмээв.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, гэр хорооллыг ирээдүйд байшин хороолол болгож, аюулгүй, эрүүл, эко орчин бүрдүүлэх хамгийн оновчтой шийдэл нь энэ төсөл гэж үзэж байна. Энэ ажилд БНХАУ-аас таван тэрбум, нийслэлийн төсвөөс таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 14 га газрыг хамарсан инженерийн таван шугам татаж, шугамуудыг “Дэд бүтцийн төв”-тэйгөө холбосон. Мөн 4 хэсэгт 1.5 км хар зам тавьсан, цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулсан ийм цогц төслийг цаашид өөр хороодод хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Амжилттай хэрэгжих эхлэл нь ийнхүү тавигдлаа гэв.
Төслийн хүрээнд нийт гурван гудамжны 285 айл өрхийг цахилгаан, дулааны болон бохирын шугамд холбосон төдийгүй эдгээр айлуудын хэрэглээний бохир усыг хамгийн өндөр хэмжээнд цэвэршүүлэх хүчин чадалтай Герман технологийн цэвэрлэх байгууламжийг мөн барьж байгуулсан байна.
Үйл ажиллагааны төгсгөлд албан тушаалтнууд Дэд бүтцийн төвийн үйл ажиллагаа болон, цэвэрлэх байгууламжтай танилцлаа.