“Гэр хороолол хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцсэн билээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан юм. Энэ үйлдэл нь Үндсэн хуульд заасан хүний эрхийг ноцтой зөрчиж, гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй орчныхоо төлөө эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж байна хэмээн тус намынхан үзэж байгаа аж. Дээд шүүхийн уг шийдвэртэй холбоотойгоор “Гэр хороолол хөгжлийн нам”-аас мэдээлэл хийлээ.
“Гэр хороолол хөгжлийн нам”-ын дарга Б.Батсүх хэлэхдээ “Бидний хэсэг нөхөд Гэр хороолол хөгжлийн намыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн байгуулахаар бэлдэж, эвлэлдэн нэгдэж, үзэл санаагаа нэгтгэсэн. Гэр хорооллыг хөгжүүлж байж Монгол Улс хөгжинө гэж үзсэн учраас бид энэ намыг байгуулахаар зорьсон. Зургаадугаар сарын 23-нд анх “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт тавьсан. Ингээд зургаадугаар сарын 30-нд шүүх хуралдаан болсон.
Харамсалтай нь, шүүх хуралдаанаар “Гэр хороолол хөгжлийн нам” нь улс төрийн намын тухай хуулийн зүйл заалтуудыг хангаагүй байна гэсэн дүгнэлтүүд гарсан. Жишээ нь, 801 гишүүнтэй байх ёстой байтал танай нам 792 гишүүнтэй байна гэж 9 хүнийг хассан. Бид уг нь 1,000 гаруй гишүүдийн нэр өгсөн. Зөрчлүүдийг засаад дахин хүсэлт гаргавал танай намыг бүртгэхэд бэлэн байна гэсэн. Үүнээс хойш бид бэлтгэл ажлаа дахин хийж, намын их хурлаа дахин хуралдуулсан. Ингээд арван нэгдүгээр сарын 1-нд Монгол Улсын Дээд шүүхэд хоёр дахь удаагаа хүсэлтээ тавьсан. Гэтэл эхний удаад болно гэж байсан мөрийн хөтөлбөрүүдийг болохгүй байна гэж үзэн дахин бүртгэхээс татгалзаж буцаалаа.
Хууль зөрчсөн гэх заалтууд нь АН болон МАН-ын дүрэмд байдаг. Гэтэл энэ заалт нь Гэр хороолол хөгжлийн намын дүрэмд орохоороо хүний эрх зөрчсөн, байх боломжгүй.
Гэр хорооллынхныг илт ялгаварлан гадуурхаж байгаа энэ үйлдлийг бид эцсээ хүртэл эсэргүүцэж, гэр хорооллынхон бид Хүний эрхийн Үндэсний комисст хандана гэдгээ мэдэгдэж байна” гэв.