“АМЬД ЯВАА НАСАНДАА БАЙРАНД ОРНО ЧИНЭЭ САНАСАНГҮЙ”
Нийслэлийн 2012-2016 оны үйл ажиллагаанд нэгэн том хөтөлбөр тусгагдсан нь агаар болон, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой гэр хорооллын иргэдийг орон сууцтай болгох дахин төлөвлөлтийн төсөл юм. Энэ төсөлд хамрагдан газраа чөлөөлөн орон сууцтай болж буй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Үүний нэг болох “Шинэ Амгалан” хороолол Баянзүрх дүүргийн VIII хороонд сүндэрлэлээ. Шинэ хорооллын анхны оршин суугчид нь газраа чөлөөлж өгсөн иргэд байв. Алд цэнхэр хадаг, аягатай сүүгээ барин хөл хөөр болсон эдгээр айлаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Уг хорооллын гүйцэтгэгчээр “Гангар инвест” компани ажиллажээ. 168 айлын орон сууц ашиглалтад орсноос одоогоор 70 орчим айл шинэ өргөөнд нүүж ороод байгаа аж. Бүгд газраа чөлөөлж өгөөд оронд нь орон сууцанд орж байгаа айлууд. Тэдний нэг бол Б.Хандмаагийнх. Б.Хандмаа 0.07 га газрынхаа оронд гурван өрөө байранд орохоор “Гангар инвест” компанитай гэрээ хийжээ. Тус байрны хамгийн том талбайтай айл нь 52 метр квадрат аж. Хаалгыг нь тогштол их л уриалгахан хүлээж аваад дотогш оруулав. Охид нь бололтой 20 гаруй насны хоёр эмэгтэй мэндэлчихээд “Сониноос хүн ирчихээд байхад хувцсаа солихгүй бол болохгүй нь” гэж ээждээ хандан шивнээд өрөө рүүгээ орчихов. Харин Б.Хандмаа “Шинэ байрандаа ороод удаагүй болохоор олигтой тохижиж амжаагүй л байна” гэлээ. Хананд өлгөсөн зургаас харахад өнөр өтгөн бүл ажээ. Б.Хандмаа цай аягалах зуураа “Байранд орчихсон үнэхээр сайхан байна. Хөл газар хүрэхгүй л хэдэн сар гүйлээ.
Амьдралдаа анх удаа ингэж сайхан амьсгаа авч, бүтэн нойртой хонож үздэг юм байжээ” гэж ирээд их л баярлах аж. Тэрээр Зэвсэгт хүчний 026 дугаар ангид нярав хийдэг байж. Тус ангид анх нөхөртэйгөө танилцаж, тэр л ангид амьдралынхаа 20 гаруй жилийг холбосон гэдэг. Түүний нөхөр ангийн зэвсгийн нярав байж. Хорин хэдхэн настай залуу хосууд анги хамт олныхоо дэмжлэгтэйгээр өдий зэрэгтэй явааг Хандмаа хэлсэн. Хосуудыг өрх тусгаарлаж гарахад ангийн зүгээс таван ханатай гэр бэлдэж өгч. Ингээд ангийн тэр болгон ашиглаад байдаггүй талбайд алба хаагчдынхаа адил амьдрах болжээ. Удсан ч үгүй өнөөх талбайг өмч хувьчлалын үеэр айлуудад нь хуваагаад өгчихөж. Өөрийн гэсэн хөрөнгөгүй залуу хосууд ингэж л газартай болж, нийслэлийн гэр хороололд нэгэн айл гал голомтоо бадраасан түүхтэй. Хүний гар хараад, хоногийн хоолоо аргацааж яваа хосуудаас Хандмаа, Батжаргал хоёр огт өөр ертөнц байсан аж. Гурван жилийн хугацаанд ангиас бэлэглэсэн хашаандаа 12:6 метрийн хэмжээтэй байшин бариад авч. Таван ч хүүхэдтэй өнөр өтгөн айл хоёр идэж, хоосон хонолгүй болоод л байдаг байв. Гэвч түүний нөхөр 2003 онд хүнд өвчний улмаас өөд болжээ.Тэрээр энэ тухай ярихдаа үе үе санаа алдаж, толгой сэгсэрч “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдаж байсан үе мөн ч олон тохиолдсон доо” гэв. Хажуу өрөөнөөс охин Б.Бат-Оюун “Ээж минь ийм сайхан өдөр бараан дурсамж сэргээгээд яахав. Таныхаа ач, буянаар манайх гэдэг айл паартай байшин, паалантай жорлонтой байранд насан туршдаа амьдрах боллоо шүү дээ” гээд ээжийгээ үнсээд зурагт үзэж суусан хоёр дүүгээ “зурагтныхаа дууг багасгаарай” гээд гал тогоо руу эргэв. Эднийх таван хүүхэдтэй. Том хүү Б.Батсуурь өрх тусгаарлаж тусдаа амьдардаг бөгөөд гурван хүүхэдтэй юм байна. Батсуурийн том охин Ариунтуяа хичээлдээ явчихсан. Харин Батцоож, Батцэцэг хоёр өглөө нойроо харамлаж унтсаар байгаад цэцэрлэгээсээ хоцорчихсон болохоор ийн гэртээ өнжиж, өдөржин хүүхэлдэйн кино үзэж байгааг эмээ нь хэлэв. Зураг авах сургаар хүүхэлдэй үзэж суусан Батцэцэг охин год хийн босоод нөгөө өрөөнд орж гангарчихаад ирэв. Манай зурагчин зураг дарах болгонд өмнө нь очиж инээн хоёр хуруугаа гозойлгоно. Бас болоогүй ээ, ахыгаа “Тийшээ хар” гэж камер руу заана. Хандмаагийн удаах охин Б.Бат-Оюун Санхүү эдийн засгийн дээд сургуулийг нягтлан мэргэжлээр төгсчээ. Нөхөр Б.Уламбаяр мөн нягтлан мэргэжлээр сурч байгаа бөгөөд Анужин гэх хөөрхөн охинтой юм байна. Дунд охин Б.Батцэрэн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг хүнсний технологичоор төгссөн бөгөөд өдгөө “Гачуурт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газар, буудалд тогоочоор ажилладаг аж. Дүү Отгонцэрэн Олон улсын бизнес, эдийн засгийн харилцааны дээд сургуулийн төгсөх курсийн оюутан юм байна. Тэрээр татвар гаалийн мэргэжлээр суралцжээ. Найз залуу А.Даваадорж нь нэг анги бөгөөд тун удахгүй бүл нэмэхээр зэхэж байгаа юм билээ. Отгонцэрэн есөн сартай бие давхар болохоор хичээлээсээ чөлөө авчихсан байгаа бол нөхөр нь хичээлдээ явчихсан учраас хараахан ирээгүй байв. Харин хамгийн бага охин Оюунзул ирэх намар оюутан болох юм байна. Хандмаа “Бага охиноо сургуульд сургаад төгсгөчихвөл боллоо доо. Хэдэн хүүхдээ хүний гар харуулахгүйн тулд бүгдийг нь их, дээд сургууль төгсгөлөө. Мэргэжилтэй, ажилтай хүн алзахгүй. Одоо чинь тогтмол орлоготой залуучуудад орон сууцанд орох асуудал биш болжээ. Би ч энэ яваа насандаа байранд орж, хэдэн хүүхдүүдээ гялайлгаж чадахгүй нь. Хойд насандаа л байртай болдог байх даа гэж бодож байлаа. Ингээд хүүхдүүдтэйгээ бужигнаад сууж байх чинээ санасангүй” гээд хөлсөө арчив. Хандмаа таван хүүхдээ мэргэжилтэй, боловсролтой болгохын тулд олон ч ажил хийжээ. Ёстой л хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөж явсан гэдгийг түүний гэр бүлийнхнээс гадна хамар хашааны айлууд нь ч андахгүй бололтой.
Ханиа өөд болсны дараа насанд ч хүрээгүй хүүхдүүдээ хүн болгохын тулд “Улаанбаатар нэгтгэл”-д тогооч хийж хажуугаар нь Дэлхийн зөнгийн хүүхэд хөгжлийн мэргэжилтэн хийж хорооныхоо 250 гаруй хүүхдийн нийгмийн асуудалд анхаарал тавьдаг байж. Өөрийнхөө хэдэн хүүхдээс гадна хэний хүүхэд хоосон хонож байгаа бол, хэний хүүхдүүд мөр бүтэн өмсөх хувцастай байна гээд л уйгагүй айл болгоноор орж судалгаа хийдэг байжээ. Үүний төлөө сард 70 мянган төгрөг авдаг байсан гэнэ. Улмаар хогийн байцаагч хийж бага ч гэсэн орлого олно. Угаас нийгмийн идэвхтэй, хичээл зүтгэлтэй, ааш зан сайхантай учир хорооныхон ч түүнийг андахгүй. Сонгуулийн үеэр сурталчилгаа хүртэл тараагаад хэдэн төгрөгтэй болчихно. Энэ мэтчилэн өдөр, шөнөгүй ажиллаж явсаар өдгөө биегүй болж, юм л бол хэвтчих гээд байдаг болсон талаар түүний охид ярив. Харин хүний хөгжлийн 20 мянга, 1072 хувьцааны журмаар олгосон сая төгрөг зэрэг нь ээжийнх нь нуруун дахь ачааг бага ч гэсэн хөнгөлсөн болохыг хүүхдүүд нь ярьж байлаа. Том хүү нь барилгын мэргэжилтэй. Дүү нараа тэжээхийн тулд ээжтэйгээ ажлын төлөө өөд уруугүй гүйсэн ганц насанд хүрсэн энэ айлын эр хүн байсан цаг саяхан. Ийн өдөр хоногийг өнгөрүүлж явах хооронд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихээр болж барилгын компаниуд айлуудаар явж санал тавьж, гэрээ байгуулах болжээ. Хандмаа ч хороотойгоо харилцаа холбоотой нийгмийн идэвхтэй иргэн учраас шуудхан л зөвшөөрч. Охид ч “Бид ээжид юу ч хэлээгүй. Ээж маань амьдрал сайхан болно гээд гэрээ хийхэд хэн ч юм хэлээгүй. Битүүхэндээ яах бол, бүр хашаа ч үгүй болчихвий дээ гэж айж л байлаа. Гэхдээ ээжийнхээ өмнөөс үг сөрөг эрх бидэнд байхгүй. Тэгээд ч ээжийн минь гаргасан шийдвэр ямагт зөв байдаг. Тиймээс бид ээжийгээ дэмжинэ, хэлсэн үгээр нь л явдаг” гэсэн юм. 2013 оны зургадугаар сард гэрээ хийж арваннэгдүгээр сард “Гангар инвест” компанийн зүгээс түрээсийн байранд нүүлгэж оруулжээ. Ингээд байр ашиглалтад ортол түрээсийн хоёр өрөө байрны төлбөрийг хүртэл олгож байсан тухай ярьсан. “Байр бэлэн болсон сургаар байшинд тавьж байсан хэдэн хуучин тавилгаа, хуучин хувцастайгаа чирээд л ирсэн дээ” гэв. Хоёр өрөөнд нэг нэг компюьтер, хүүхдийн шүүгээ, гал тогооны жижиг тавилга, хуучны модон сандлаас өөр эд хогшил ч гээд байх юм харагдсангүй. Их л цомхон, цэлгэр зайтай байлаа. “Байрны айл болж тохижиж амжаагүй л мунгинаж байна. Одоо л байрандаа дасч байна. Болоогүй ээ энэ хэдийгээ усаа хэмнэж хэрэглээрэй. Гэрлээ унтрааж бай гээд хангинаад сууна” гэж ээжийгээ ярих зуур ач хүү Батцоож “Эмээ та бас худгаас ус ав, гал түл гэж загнахгүй байгаа тийм ээ” гэж хэлээд бөөн инээдэм болов. Хөгжөөн хөөр үүгээр дуусдаггүй бололтой. Хэдий бага метр квадраттай гурван өрөө ч гэсэн хүүхдүүд нь тусдаа гарч амжаагүй байгаа болохоор нэг нэг өрөөнд хаалгаа хаачихдаг амар болсон гэж ярьцгаав. Энэхүү байранд орсон айлууд бүгд л хамар хашааны хөршүүд. Тиймээс шинэ байрандаа орчихоод “Танайх ямар байна. Орж үзье”, “Манайх ийм” гэж ирээд л харьцуулан ярьдаг гэсэн. Бараг л хаалгаа дэлгээстэй гэрээсээ ярилцах нь холгүй байдаг гэв. Хандмаагийнх газраа чөлөөлөхдөө байшингаа буулгаж аваад материалыг нь том охиндоо байшин босгож аваарай гээд өгчээ. Том хүүгийн хувьд Гачууртад хашаа байшинтай боловч хүүхдүүдийнхээ цэцэрлэг сургуулийг бараадаад ээжийнхээсээ хэдэн гудмын урд айлын хашаа, байшин түрээсэлж амьдарч байгаа гэсэн.
“ЗҮҮД БИШ БАЙГАА ДАА”
Газраа чөлөөлж орон сууцтай болсон С.Батсайханыд орлоо. Үүдээр оронгуут л эмх цэгцтэй, ам бүл цөөхүүлээ айл бололтой харагдав. 31 метр квадрат нэг өрөө байрыг үндэсний уламжлал хадгалсан сийлбэртэй цэвэр модон тавилгаар тохижуулжээ. Хувцасны шүүгээ, хоолны ширээ, сандлыг эс тооцвол бүгд үнэр нь ханхалсан модон тавилгатай харагдав. Түүний эхнэр Д.Равсал ер зүгээр суухгүй юм. Ширээний хажууд суувал ширээгээ алчуураар зүлгэж, орон дээр суувал орны бүтээлгээ тэнийлгэж, босч зогсохоороо цэцэг услаад л. Батсайхан “Бид хоёр хөдөөний малчин улс. Байранд орно гэдэг чинь сонин л юм байна. Хийх юм ч олдохгүй” гэснээ “Өглөө сэрээд л зүүд биш байгаа даа гэж өөрсдийгөө чимхэж хүртэл үзсэн” хэмээн хошигнов. Гэхдээ хэдий ярихдаа хошигнож байгаа боловч үнэхээр л түүний амьдралд зөвхөн зүүдэнд нь ордог үйл явдал тохиосон гэдэг. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Батсайханых сумандаа мал маллаж ирсэн байна. Хүү Б.Доржзовд, охин Б.Лхамсүрэн нарыгаа оюутан болоход нь дагаж хот орж иржээ. Хэдэн малаа айлд тавьчихаад хот газар бараадсан Батсайханых эхний хоёр, гурван жил хүндхэн л санагдаж. Түм түжигнэж, бум бужигнасан газар багталцаж шингэхийн аргагүй ч юм шиг л байсхийгээд л хөдөө мал руугаа явчихдаг байж. Хамаатныхаа айлын хашаанд хоёр жил амьдраад хажууханд нь айлын хашаанаас 150 метр квадрат газар тасдаж худалдаж авчээ. 2010 оны үед нэг сая 200 мянган төгрөгөөр авсан юм байна. Гэтэл гурван жилийн дараа өнөө бодож ч үзээгүй байртай болох таатай санал тавьсан байна. Эхнэр, нөхөр хоёр ч дуун дээр зөвшөөрч. Алдхан газрын юунд харамсахав. Үзээд алдъя л гэж бодсон тухай нөхөр нь яриа дэлгэв. Тэгсэн удсан ч үгүй газраа чөлөөлж өгөөрэй гээд төсөл хэрэгжүүлэгч компанийнхан иржээ. Батсайхан “Энэ менежер Б.Цолмон, Д.Дөлгөөн нарт их талархаж байгаа. Бас улс эх орондоо сэтгэлийнхээ гүнээс баярлаж байна. Үнэхээр сайхан ажил санаачилж бидэн шиг мянга мянган айлыг мөрөөдөөд ч биелэхгүй байранд оруулж байна шүү дээ. Энэ л бодит ажил. Таньдаг мэддэг хүмүүс их гайхаж байгаа. Зарим нь итгэхгүй хөдөөнөөс ирсэн шүү дээ, манайд” гэв. Үнэхээр ч таван ханатай гэр арай гэж багтдаг байсан газар тохилог сайхан, дулаан байр болж хувирна гэдэг тэдний хувьд юутай ч зүйрлэшгүй аз гэдгийг тодотгож байсан. Батсайханы хүү Батлан хамгаалахын их сургуулийг төгссөн. Өдгөө 26 настай Өмнөговь аймгийн Шүүлэнгийн заставт орлогч дарга хийдэг бөгөөд гэр бүлийнх нь хүн мөн л тус заставд ажилладаг байна. Охин нь ЭМШИУС-ийг төгсч, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмч хийдэг байна. Мөн л гэр бүлтэй болжээ. Тиймээс хоёулхнаа шинэ байрандаа амьдарч байгаа аж. Гэрийн эзэн барилгын компанид засварчин, мужаан, заримдаа харуул хүртэл хийдэг бол эхнэр нь гэрийнхээ хажууханд байрлах цэргийн ангид үйлчлэгч хийж байгаа гэнэ. Хөл дүүжлэх унаатай, сардаа нийлээд дунджаар 800 мянган төгрөгийн цалин авчихдаг учраас санаа зовох зүйлгүй, бидэндээ бол хангалуун сайхан л амьдарч байна гэсэн юм. Эхнэр нь Батсайханыг нударч “өнөөхөө яриач” гэж ирээд л жуумалзах. Юу юм бол гэж их л сониучирхаж асуутал эхнэр нь угаалгын өрөөнөөс цоо шинэ угаалгын машин гаргаад ирэв. Учир нь байрны нээлт хийх үеэр “Гангар инвест” компани оршин суугчдынхаа дунд азтан шалгаруулжээ. Батсайхан энэ үеэр угаалгын машины азтан болсон юм байна. Эхнэр нь “Байртай болчихлоо. Гал түлж, үнс нурамтай ноцолдохоо болилоо. Бас гараар хувцсаа угаахаа больж байна. Өмнө нь ч ажилдаа ядарч орж ирээд хоол хийнэ, гал түлнэ, хувцсаа угаана гээд зутруухан л байдаг байж, одоо бодоход. Хүн гээч амар хялбар амьдралд хурдан дасдаг ямбатай ч юм аа даа” гээд инээмсэглэв. Компанийнхан энэ гэр бүлийг хамгийн азтай, одтой хүмүүс гэж цоллодог аж. Аливааг эергээр хүлээж авдаг, чих зөөлөнтэй хүмүүс гэж байсан. Хоёр хоногийн дотор газраа суллаарай гэсэн бол хэлсэн даруйд нь л нүүчих жишээтэй. Бүх зүйл зовлонгүй хурдан бүтдэг. Хэл ам хийгээд байгаа хүмүүсийн ажил улам л хойшлогдоод гацаад байхад энэ гэр бүлийн ажил тэр аяндаа л бүтээд байдаг. Сая байранд орчихоод азтан болчихож байна. Тэгээд ч хамар хашааныхантайгаа хүртэл эв түнжинтэй. Бусдад гэм хоргүй ёстой л хийморьтой хүмүүс хэмээн тодотгов. Тэд ч байрныхаа найрыг хэзээ хийх талаар яриа дэлгэн хоцров.
“МАНАЙ ГАЗРЫГ АВААД ТЭР БАЙРАНДАА ОРУУЛААД ӨГӨӨЧ”
“Гангар инвест” компанийн төслийн менежер Б.Цолмон, С.Дөлгөөн нарыг байрныхан андахгүй аж. Бүгд л төслийн ашиг тусыг магтах бөгөөд үүнээс илүүтэй гэрээ хийж байранд оруулсан хэмээн өнөөх хоёрыгоо ихэд хүндэлдэг. Бараг л бурхан дээрээ зургийг нь тавихын холгүй шүтчихэж. Өнөө хэд нь хүүхдүүд, хамаатан садан нь аятай байнга мэнд ус мэдэлцэж, яажшуухан байгааг асуух аж. Тэд анх төслөө танилцуулаад явахад тэр болгон хүмүүс ойлгохгүй, бүр газрыг минь авах гэлээ гээд харааж зүхдэг байж. Эсвэл арай зам дагуу гэмээр айлууд нь га хүрэхгүй газраа 200-300 сая төгрөг, хэдэн тэрбумаар үнэлдэг байсан гэнэ. Эхний ээлжийн барилга ийн ашиглалтад ороод ирсэн чинь өнөөх аашилж загнаад байсан иргэд “Манай газрыг аваад тэр байрандаа оруулаад өгөөч” гээд гуйх болсон тухай компанийн ажилчид ярив. Хажуу айл нь нүдэн дээр нь байранд оронгуут хүмүүс их барьцаж байгаа аж. Дараа дараагийн айлууд их шуурхай газраа чөлөөлөөд өгчээ. Дахиад 168 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд зургаан блок барихаар мөн л бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн. Дээрх төслийн нийслэлийн 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах ажил өрнөж байна.
Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд 588 айлын орон сууцыг мөн 2015 онд 1656 айлын орон сууцны барилгыг тус тус ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 615 өрхийн нийт 2583 иргэнийг орон сууцаар хангасан билээ. Харин 2016 онд нийт 4044 айлын орон сууцыг барьж, ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ