Гэр бүл судлаач, профессорТ.Намжил
Өнө эртний түүхтэй монгол гэр бүл нь монгол хүний хөгжлийн оршин байх амьдрахуйн өлгий мөн. Өвөг дээдсийн маань үеэс “Өрх гэр–Төр улс, Төр улс–Өрх гэр” гэсэн сургаалыг эрхэмлэсээр өрх бүлээрээ сэтгэл санаа, амьдрал төвшин байх, тэр хэмжээгээр улс орон маань тийм байна гэж үздэг билээ. Гэр бүлийн харилцааны агуулга, мөн чанарт өөрчлөлт орж байгаагаас шалтгаалж гэр бүлийн сайн сайхан байдлыг дэмжиж, хөгжүүлж чадваржуулах зэрэг асуудал тавигдах боллоо. Угийн бичиг хөтөлдөг, өвлөгддөг уламжлал алдагдсан, хүүхдээ амьдралд бэлтгэхэд эцэг, эх гэр бүлийнхний идэвхтэй оролцоог чухалчлах хэрэгтэй болж байгаа, өрхийн бүтцийн хувьд дан /хос/ өрх дийлэнх хувийг эзэлж байгаа боловч гэр бүлийн олон хэлбэр бий болсон, дэвшилт ёс заншил, уламжлалыг гэр бүлийнхэндээ мэдрүүлэх, хэвшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад туслах талаар эцэг, эхчүүдийн мэдлэг, хариуцлага, төдийлөн хангалттай биш байгаа юм. ХХ зууны Монголд өрнөдөөс соёл, ёс суртахуун нэвтэрсэн. Энэ зууны эхнээс Азийн соёлын нөлөөлөл идэвхжсэн, монгол гэр бүлд уламжлалт хийгээд орчин үеийн гэсэн холимог соёл бий болж байна. Герман улс гэхэд гэр бүлийг бэхжүүлэх, чиг хандлагыг тууштай баримталж, гэр бүлийн гол үүрэг, хариуцлагыг нэн тэргүүнд авч үздэг. Япон улсын гэр бүлийн бодлого нь гэр бүлийн өөрчлөлтийг бүхэлд нь хамруулсан, нийгэмшүүлэхэд оршдог. Гэр бүлийн талаарх бодлого нь Засгийн газар төдийгүй аж ахуйн нэгж, нийгэм, олон нийтийн байгууллага, гэр бүлийн хүрээн дэх оролцоог цогцоор хангахад чиглэгдэхийн зэрэгцээ бодлогын бодит хэрэгжилтийн үйл ажиллагааны аргачлалыг тусган зардал нь баталгаажуулагдсан байх шаардлагатай. Энэ асуудлыг анхаардаггүйгээс бодлогын баримт бичиг нь батлагдсан төдийгөөр үлддэг. Хөгжингүй орнууд гэр бүлийн талаар баримталдаг төрийн бодлого тасралтгүй хэрэгжүүлдэг шиг манай улс тийм байгаасай. Даяарчлалын орчин дахь монгол гэр бүлийн хөгжил, төлөвшлийн асуудал нь өөрөө манай нийгмийн зангилаа асуудал болон тавигдаж байна.
Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.
Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН