Гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх,таслан зогсоох,хүчирхийлэлд өртсөн хохирогчдод туслах,зөвлөгөө өгөх,хамгаалалтад авах,хүчирхийлэл үйлдэгчид сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг зургаан хүнээс бүрдсэн “ХАМТАРСАН БАГ” засаг захиргааны анхан шатны нэгж сум хороо бүрт бий.
2007 онд анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга “Хамтарсан баг байгуулах тухай” 144 дугаар бүхий захирамж гаргасан. Харин орон нутагт 2013 оноос эхлэн “хамтарсан баг”-ууд байгуулагдаж эхэлсэн.
Улмаар 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж УИХ-аар батлуулан 2017 оны 2-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн гишүүдийн хүлээх хариуцлага, “ХАМТАРСАН БАГ”-уудын үүрэг оролцоо улам нэмэгдсэн.
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “ХАМТАРСАН БАГ”-т тухайн хорооны засаг дарга, нийгмийн ажилтан, өрхийн эмч, хэсгийн байцаагч, сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар багтана. Тус бүрдээ хүлээх үүрэг хариуцлага ихтэй байдаг. Тухайлбал ар гэрт нь асуудалтай, аав ээж нь архи уудаг, зоддог, хүчирхийлдэг хүүхдүүд хичээлээ олон хоног тасалж, сурлагадаа муудаж, сэтгэл санааны гутралтай явдаг бол үүнийг олж, харан илрүүлэх нь сургуулийн нийгмийн ажилтны үүрэг. Тиймээс сургуулийн нийгмийн ажилтан хамтарсан багт ажиллах гэх мэт хариуцсан чиглэл тус бүрээр гишүүд ажиллах үүрэгтэй юм.
Аливаа гэмт хэргийг гарсан хойно нь таслан зогсоож, олж илрүүлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх, сэрэмжлэх нь чухал билээ. Хэдийгээр “Хамтарсан баг”-ууд орон нутаг, сум хороонд тодорхой хэмжээнд ажиллаж байгаа хэдий ч уг багийг ахлан үйл ажиллагааг чиглүүлэх үүрэгтэй сум, хорооны Засаг дарга нар нь үндсэн ажлын хажуугаар дайвар ажил мэт ойлгож, хандаж байгаа нь нууц биш юм.
Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад төрөөс нэгдсэн бодлого, чиглэлээр хангах ажил дутмаг, дүүрэг, сумын түвшинд ажиллаж байгаа “Хамтарсан баг”-ийн гишүүдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах ажил хангалттай хэмжээнд байж чадахгүй байгааг харуулж байгаа юм.
Хаалганы цаана үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажил бол зөвхөн цагдаа, хууль хяналтын байгууллагын ажил мэтээр ойлгох нь өрөөсгөл ойлголт бөгөөд харин энэ ажилд өргөн олны оролцоог нэмэгдүүлж, тэдний дэмжлэг туслалцааг авч байж сая үр дүнд хүрнэ.
Иймээс “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг ахлан ажиллах үүрэгтэй сум, хороодын Засаг даргаас дээрх чиглэлээр хэрэгжүүлэх ажилдаа идэвхийлэн орж, эерэг үр дүн гаргахыг өнөөгийн нийгэм шаардаж байна.