Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд өртдөг

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулган эхэллээ. Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож, үг хэлллээ.

Тэрээр Гэр бүл гэдэг нь хүний хамгийн нандин үнэт зүйл байдаг.

Хүн бүр өөрийн гэр бүлээ үүсгэхдээ аз жаргалтай, өнөр өтгөн, элбэг хангалуун, элэг бүтэн байна гэж, улс орны ирээдүй болсон хүүхдүүд гэр бүлдээ инээд баяслаар цангинаж, амьдралдаа итгэх итгэл төгс байна гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байхыг хүсдэг.

Гэвч зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэр бүл байнгын айдас, дарамттай байх нь олонтаа тохиолддог.

Өнөөдөр зөвхөн Монгол улсын хэмжээнд бус дэлхийн хэмжээний тулгамдсан асуудлын нэг бол яахын аргагүй гэр бүлийн хүчирхийлэл. Дэлхийн олон улсад гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг олон салбарын мэргэжилтнүүд нэг цэгээс нэг зэрэг үзүүлэх үйлчилгээ бий болоод 20 гаруй жил болж байна. Дэлхий дээр 5 эмэгтэй тутмын нэг гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, 10 эмэгтэй тутмын нэг нь хэн нэгэнд хандаж тусламж үйлчилгээ хүсдэг гэж үздэг. Гэсэн хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл давтагдсаар байдаг.

Иймд манай улсын Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжиж, хэрэгцээ шаардлага байгааг олж харан хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор анх 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан.

Уг хууль 2016.12.22-ны өдөр шинэчлэн батлагдаж, 2017.02.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршдог.

Шинэчлэн баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь батлагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн хэдий боловч хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн яамны зүгээс дангаар болон хамтарсан журмуудыг 2017 онд батлан гаргасан байна. Ингэснээр хуулийг хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдсэн гэж ойлгож болно.

Гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд өртдөг нь судалгаанаас харагддаг. Гэр бүлийн хүчирхийлэл хэдийгээр нийгэмд ил мэт боловч ихэнх тохиолдолд амьдралын нөхцөл байдал, эдийн засгийн хараат байдал зэргээс хамааран ил гарахгүй, нуун дарагдуулах шинжийг агуулж байдаг.

Ийм ч учраас бидний зүгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүнийг илрүүлэх, тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бололцоог хангах, тусламж үзүүлэх мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тусламж үйлчилгээнээс гадна эхчүүд, ар гэрийнхэнд мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөнөөр зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Цаашдаа гэр бүлийн нэг эмэгтэй, нэг хүүхэд хүчирхийлэлд өртдөггүй, гэр бүл бүхэн аз жаргалтай, хүүхэд бүр халуун дулаан хайранд өсөн торниж, аз жаргалтай байгаасай. Бидэнд ийм ирээдүй ирнэ гэдэгт найдаж, цаашид Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Иймд та бүхэн эрүүл мэндийн салбарт хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг бүрнээ дэмжиж түүнийг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, үр нөлөөг нэмэгдүүлэхэд цаашид юун дээр илүүтэй анхаарч, хамтран ажиллах талаар өөрсдийн үзэл, санал бодлоо харамгүй хуваалцаж үнэтэй зөвлөгөө өгнө гэдэгт гүнээ итгэж байна гэлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *