Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлийн хоёр гавьяат

Салхи, бороо ээлжлэн хацар илбэсэн тийм нэг бүүдгэрхэн өдөр гэрэл гэгээтэй, дув дулаан ахуйд тухаллаа. Хайр, аз жаргал бялхсан энэ өрхийн эзэн бол “Монголын үнэн” сонины гэрэл зурагчин, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Н.Бөхдамбий юм. Харин гэрийн эзэгтэйг Д.Баяраа гэдэг. Түүнийг Монгол Улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч гэдгээр нь уншигчид маань андахгүй сайн мэдэх биз ээ. Н.Бөхдамбий гуайнх “Хурд” хороололд амьдардаг юм байна. Амралтын өдөр тул хоёр зээнцэр нь ирчихсэн тун ч дуу шуутайхан сууна. Ач зээ, өвөө эмээ нарт ийн сууцгаах шиг жаргал хаа байх билээ. Бид том өрөөнд байх шилэн ширээний ард тухаллаа. Н.Бөхдамбий гуайнх бурхан шүтээн, ном товхимолоо хоймортоо залжээ. Хааяахан ирэх бяцхан зээнцэрүүддээ зориулсан жижиг ширээ, тоглоомууд ч өрөөний буланд харагдана. Гэрийн эзэд ээлжлэн гал тогооныхоо өрөөг зорьж бидэнд хоол цай, чихэр жимс авчирах нь ихээ зочломтгой хүмүүс болохыг илтгэнэ.

Н.Бөхдамбий гуайг хэвлэл мэдээллийн салбарт танихгүй хүн тун ховор. Харин түүнийг аль нутаг усных, яг ямар мэргэжилтэй хүн болохыг тэр бүр мэдэхгүй байх. Түүнээс нутаг усных нь тухай асуухад “Би баруун аймгийн хүн. Бараг Шинжаан, Уйгарын нутгийн хүн” хэмээгээд инээмсэглэх нь тэр. Н.Бөхдамбий гуай Алтайн их уулсыг түшсэн Ховд аймгийн Үенч сумын хүн аж. Эхээс зургуулаа, айлын дундах хүү тэрээр энэ л нутагтаа бага сургууль дүүргэж, Булган суманд очиж аравдугаар ангиа төгсчээ. Улмаар МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангид суралцаж төгссөн байна.Ховдын хязгаараас оюутан болж ирэхдээ хэрхэн хөглөж байснаа тэрээр дурссан. Аймгийн төв ч орж ирээгүй хүү ээжийнхээ хийж өгсөн хөвөнтэй дээлийг өмсөөд шинэхэн бакаль жийсэн шигээ хүрээг зорьжээ. Зуны дэлгэр цагт ч Алтайн их өндөр уулсын дэргэд сэрүү татан байх нь дамжиггүй. Түүн шигээ л санаж холыг зорьж буй хүүдээ ээж нь хөвөнтэй дээл хийж өгчээ. Ингээд л тээврийн тэргэнд суугаад аймгийн төвдөө очин тэндээсээ онгоцоор нийслэлд ирсэн байна. Гэрийн эзэн “Хотод ирээд төрлийндөө очихоор автобусанд суулаа. Автобус гэж гэрэл гэгээтэй жигтэйхэн сайхан унаа. Хүмүүс цөм цагаан цамцтай байна шүү. Над шиг л хөвөнтэй дээл, бакальтай хүн тэнд алга. Дээрээс нь шуудайн дотор ойр зуурын хэрэгтэй зүйлүүдээ хийгээд үүрчихсэнийг хэлэх үү хөлсөө гоожуулсан амьтан л явж байгаа юм. Ингэж л оюутан болж ирсэн дээ” гэлээ. Түүний ажлын гараа Сүхбаатарын нэрэмжит арван жилийн Хоёрдугаар сургуулиас эхэлж, тэндээ таван жил ажилласан байна. “Боломжийн сайн багш гэж энд тэнд хэл сураг очсон бололтой. Эвлэлийн төв хороо авъя л гэнэ. Хотын эвлэлийн хороо удирдах ажил хийлгэх юм ч ярьж байна. Би дарга хийх хүн биш. Багшлахаа болих дээрээ хүрвэл юм бол мэргэжлийнхээ ажлыг л хийх юмсан гэсэн бодолтой байлаа. Ингэж явсаар 1977 оны хавар нь юм даа “Үнэн” сонины газараас намайг дууддаг юм байна.

Яваад очтол хоёр ширхэг “Үнэн” сонин өглөө. “Багш хүн байна. Та нэг үзээд ир” л гэнэ. Амралтын өдөр ч таарсан учир өнөөх сониноо үзээд хэрэндээ л найруулга, үг үсгийн алдааг нь зураад явуулчихлаа. Дараа нь дуулах нь ээ шуурхай хурал дээрээ “Жирийн нэг багш хүн манай сониноос ийм алдаа, мадаг олсон байна” гэж ярьсан гэнэ лээ” хэмээн тэрээр ярьсан. Тэр жилийнхээ хавар нь Н.Бөхдамбий гуайд “Үнэн” сониноос ажиллах санал тавьжээ. Гэтэл Хотын боловсролын хэлтсээс нь залуу боловсон хүчнээ өгөхгүй гээд гүрийчихэж. Харин өвөл нь Хотын боловсролын хэлтсийн даргыг эзгүй байх хооронд “Үнэн” сониныхон самбаачилж түүнийг урвуулчихсан гэдэг. Нам, засгийн төв хэвлэл учир тус сонинд голдуу нас тогтсон, туршлагатай хүмүүс л ажиллана. Намын гишүүн биш, залуу хүмүүс тун ховор. Ийнхүү Н.Бөхдамбий гуай тэдний нэг болон “Үнэн” сонины өндөр босгоор алхаж байжээ.

Сонины ажил цэргийн цол мэт эрэмбэ, дараатай. Бүх зүйлийг дороос нь эхэлж дадлага туршлагыг хуримтлуулдаг ёстой. Үүнийг адил тэрээр хэвлэлийн хэсэгт нийлэгч, хянагчаас ажлын гараагаа эхэлжээ. “Хэвлэлийн хэсэгт алдаа мадаг гарч цалингаараа торгуулах, бүр ажлаасаа халагдах хэмжээнд хүртэл шийтгүүлдэг байлаа. Бурхны аварлаар ч гэдэг юм уу, би нэг их алдаа гаргаж байгаагүй юм. Хэвлэлийн хэсэгт тав, зургаан жил ажиллаад редакцид орж ирсэн дээ. Идэвхтэн бичигтнүүдийн ирүүлсэн захиаг боловсруулна. 18 аймаг, Москва зэрэгт байх тусгай сурвалжлагчийн материалыг ч цэгцэлж, сонинд нийлүүлнэ. Энэ ажлыг хийдэг хүнийг тэр үед утга зохиолын ажилтан гэдэг байлаа. Үйлдвэрийн аж ахуйн газраас сурвалжлага их хийнэ. Тэр тохиолдолд тусгай сурвалжлагч болоод л хөдөөг зорино доо. Би Цэндийн Намсрай гуайг ажиллаж байх үед “Үнэн” сонинд орсон хүн. Харин Ц.Намсрай эрхлэгчийг чөлөөндөө гарсны дараа Лодонгийн Түдэв гуай эрхлэгчээр ирсэн. Тэрээр залуучуудыг юм үзүүлж, сургана гэсэн агуулгаар Ц.Балдорж, Х.Ганбат, Нямбат, одоогийн “Монголын үнэн” сонины эрхлэгч Б.Ганболд тэргүүтэй хүмүүсийг хөдөө томилчихсон. Ийнхүү Дорнод аймагт “Үнэн” сонины тусгай сурвалжлагчаар сууж байлаа” хэмээн цай оочлонгоо дурссан.

Ийнхүү явж ирээд “Үнэн” сонины Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ч ажиллаж байж. Улмаар 1997 онд Л.Түдэв гуай гавьяаныхаа амралтад гарч, Г.Төртогтох эрхлэгчээр томилогджээ. Шинэ эрхлэгч нь түүнээс “Сурвалжлагчаараа ажиллах уу, эсвэл гэрэл зургийн хэлтсээ авах юм уу” гэж. Энэ үед тэрээр гэрэл зургийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байна. Энэ нь ч түүнээс хол зүйл биш. Тэрээр оюутан цагаасаа л гэрэл зургийн аппараттай нөхөрлөсөн нэгэн. Хаана ч л явсан аппаратаа үүрээстэй. “Үнэн” сонины сурвалжлагч байх үедээ өөрийн аппаратаараа л зурагаа авчихдаг байж. Ийнхүү тэрээр 21 дэх жилдээ гэрэл зургийн салбарт зүтгэж яваа юм. Энэ хугацаанд сайн, муу, сайхан, муухай бүхий л үйл явдалд оролцож дурандаа буулган “Үнэн” сонины шарласан хуудсанд үлдээжээ.

Н.Бөхдамбий “Би “Үнэн” сонины босгыг алхаад 42 жил болсон байна. Энэ сонинд над шиг удсан хүн байдаг болов уу гэж боддог юм. Ямар сайндаа л төрийн шагналт зохиолч Б.Догмид намайг “Чиний хөшөө чамайг амьдад чинь “Үнэн” сонины үүдэнд босох болсон” гэж хэлж байхав” гээд инээмсэглэв. Нээрээ л түүн шиг он удаан жил ажилласан хүн тун ховор болов уу. “Үнэн” сониндоо бараг хагас зууныг илээн үнэнчээр ажиллах болсон тухай нь асуухад “1992 онд Үндсэн хууль баталснаар цаг үе ондоо болсон. Манай сониноос салбарлаж олон ч сонин шинээр байгуулагдсан гэж хэлж болно. Тэр үед “Засгийн газрын мэдээ” сониноос надад ажиллах санал ирсэн. Гэхдээ би сониноосоо яваагүй. Учир нь хамт ажиллаж байсан олон сайхан нөхөд яваад өгсний дараа Л.Түдэв гэж агуу хүн нэг их ганцаардаж байгаа юм шиг санагдсан. Нөгөө талаар тэр сайхан нөмөр нөөлөгтэй хүний хажууд би үлдэхийг хүссэн хэрэг. Миний хувьд Хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг хашиж байсан үе л дээ. Үүний хажуугаар макет, чимэглэл хийх чухал үүрэгтэй байлаа. Тэр хүний итгэлийг алдаж болохгүй гэж л бодогдсон. Олон ч жил хамт ажилласан даа” гэв. Түүний хэвлэл мэдээллийн салбарт, тэр дундаа гэрэл зургийн салбарт үнэнчээр зүтгэсэн хэмээн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг олгосон. Тэрээр ийнхүү гэрэл зургийн салбараас мэндэлсэн зургаа дахь гавьяат болсон байдаг.

Сонирхуулахад, Н.Бөхдамбий гуай Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандитай тун төсөрхүү. Тиймдээ ч Н.Багабанди гуайн дүрийг МҮОНТВийн нэгэн зохиомжид бүтээж явсан гэдэг шүү. Биднийг ийн ярилцах зуур том зээнцэр хичээнгүйлэн зураг зурж байх юм. Хоёр настай болов уу гэмээр бага зээнцэр буйдан дээрээ суун мууртайгаа тоглож, ихээ чангаар инээх нь өхөөрдмөөр. Энэ бүрт л тэд зээнцэрээ харж өхөөрдөн, хошуу дэвсэн эрхлүүлж харагдана.

Д.Баяраа эмч Баянхонгор аймгийн Галуут суманд төржээ. Тэрээр “Би ухаан ороогүй жаахан байхдаа л хүн бүр лүү харж инээдэг байсан байгаа юм. Хүүхэд байхын л тайван дөлгөөн байсныг илтгэж байгаа юм уу даа. Одоо ч тийм. Хүний зан араншин гэж бага балчирдаа л бүрэлдэн тогтдог байх нь” гэлээ. Өнөөх хүмүүс рүү харж дулаанаар инээмсэглэдэг эелдэг зөөлөн зан байдал нь өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй харагдана. Социализмын үед ч бүх зүйл чанга, хатуу шаардлагатай байж. Үүнээсээ болоод тэрээр “Эмч хүн сувилагчиддаа ч хатуу шаардлагатай байх хэрэгтэй. Юунд чи инээж харьцдаг юм” гэж зэмлүүлэх үе ч байсан гэдэг. Ийм зан чанартайг нь анзаарсан болоод ч тэрүү ээж Ж.Жомбоо нь түүнийг хүүхдийн эмч болохыг зөвлөжээ. Гэрийн эзэгтэй “Би аравдугаар ангиа Баянхонгор аймагт төгсөөд Анагаахын дээд сургуулийг 1971 онд дүүргэсэн. Төгсөөд одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд насаараа ажилласан. Тухайн үед Гандангийн “Хүүхдийн эмнэлэг” гэсэн нэртэй байлаа. Одоо “ЦННББ” гэж эмнэлэг байгуулаад ажиллаж байна” гэлээ.

Тэрээр эмэгтэйчүүдийн эмч болно гэсэн л зорилготой байж. Гэтэл түүний ээж Ж.Жомбоо “Би чамайг эмэгтэйчүүдийн эмч болохыг зөвшөөрөхгүй. Чи хүүхдийн л эмч болох хүн” гэж. Тэр бүү хэл “Миний охин хүүхдийн эмч гэх гайхалтай алдрыг авч явж чадна. Бүх хүүхдийн гавьяат эмч болно оо” хэмээн хэлдэг байжээ. Эх хүн үрээ хамгаас илүү мэднэ. Мөн хамгийн сайнаар ерөөнө. Ийнхүү түүний ээж охиноо хүний хүүхдийг ч хайрлаж, энэрч, анагааж чадна гэж итгэж, зөн совингоороо мэдэрч ерөөжээ. Хожмоо энэ бүхэн нь биелсэн нь гайхалтай. Би ээжийнхээ зөвлөснөөр хүүхдийн эмч болсондоо маш их баяртай байдаг. Бяцхан үрсийг эмчилнэ, анагаана гэдэг үнэхээр гайхалтай хувь тавилан юм байна гэж бодох болсон. Энэ бол ээжийн минь надад үүрэг болгосон гайхалтай хувь тохиол гэж олзуурхдаг даа” хэмээн онцолсон юм.

Хүүхэд өөрийнхөө юу нь өвдөөд байгааг хэлж, илэрхийлж чаддаггүй. Ээж аавууд нь ч тэр бүр тодорхой мэдэх боломжгүй. Тэр ч утгаараа хүүхдийн эмч бол хамгийн их мэдлэг, мэдрэмжтэй байх ёстой хүмүүс. Энэ тухай Д.Баяраа эмч “Ариун нандин, энхрий, хөөрхөн үрсийг эрүүл саруул болгохын төлөө чармайн ажиллана гэдэг маш том үүрэг хариуцлага. Өвдөж, зовоод ирсэн хүүхдүүдийг эрүүл болгохын төлөө үргэлж хичээдэг дээ. Хүүхдүүдийг л эрүүл байлгахсан, яавал хүүхдүүдийн тухай илүүг мэдэж болохов гэсэн хүсэл эрмэлзэл одоо ч дүүрэн. Хүүхдийн төлөө уншиж судалсан, хүүхдийн төлөө амьдарсан л он жилүүд өнгөрлөө дөө. Мэргэжлээсээ өнөөдрийг хүртэл огтхон ч уйдаагүй байна гэхээр хийж буй ажил минь өөрөө гайхалтай байгаа юм” гэв. Д.Баяраа гуайн аав Д.Данзан мөн л нутаг усандаа шагшин магтагдсан эмч хүн аж. Тэрээр их сургуулиа төгсөөд Баянхонгор аймгийн Баянлиг суманд очиж ажиллан Сум дундын эмнэлэг байгуулсан байна. Д.Данзан гуай сүрьеэг ингэний хоормогоор эмчилж байсан нь шинэ нээлт болж байж. 1957 онд Баянхонгор аймагт газар хөдлөлт болсны дараа хорт хий агаарт дэгдэж хүүхэд, эмэгтэйчүүдэд нөлөөлснийг тогтоон, эмчилсэн гэдэг. Энэ бүх гавьяаг нь үнэлж тухайн үед “Алтан гадас” одонгоор шагнасан байна. Түүний аав Улсын нэгдүгээр амаржих газар буюу одоогийн Өргөө амаржих газрын даргаар ч ажиллаж байжээ. Д.Баяраа “Аавыг дагаад явахад хаана ч байлаа гэсэн хүмүүс үзүүлэх гээд дараалал үүсгэнэ. Хүмүүс “Данзан гуайд нэг л үзүүлчих юм бол эдгэчихдэг юм” гэж хүртэл ярихыг олонтаа сонсож байлаа. Үнэхээр ч тийм байдагсан. Аавд минь хүмүүст тэгж л их итгэж, сүсэлдэг байж дээ. Хүн эхлээд сэтгэлээрээ эдгэх ёстой. Аав минь өвчнийг нь илааршуулахын сацуу сэтгэлээрээ эдгэх үрийг нь тарьдаг байсан” гэв. Аавд нь хэлдэг байсан тэр үгнүүдийг одоо Д.Баяраа гуай сонсдог. Д.Баяраа гуайд л үзүүлчих юм бол хүүхэд өвдөхөө больчихдог, хурдан түргэн эдгэчихдэг гэх хүн тун олон. Зарим нь хүүхдээ өвдөөгүй үед ч ирж үзүүлдэг гэсэн. Хүний сэтгэл гэдэг нэн тэргүүний эмч болохыг эдгээр жишээ нотлох биз ээ. Үүнийг ч шинжлэх ухаанд нотолж “Квантын шинжлэх ухаан” хэмээн нэрийдэх болсон гэдгийг тэрээр онцолсон. Тэрээр 2005 он Монгол Улсын хүний гавьяат эмч гэх эрхэм цолоор энгэрээ мялаажээ. Аавынхаа амьд ахуйд энэхүү хүндтэй цолыг авсандаа баярладаг ч, үргэлжид гавьяат болохыг ерөөдөг байсан ээжийдээ харуулж чадаагүйдээ багахан харамсаж явдаг гэсэн.

Энэ үед таван настай зээнцэр охин нь зурсан зургаа нямбай гэгч нь нугалаад эмээдээ авч ирэв. “Таны төрсөн өдрийн бэлэг шүү” гэж ичингүйрэн хэлээд буцаад гүйчих нь тэр. Хэдхэн хоногийн өмнө Д.Баяраа гуайн төрсөн өдөр болсонд охин ийн бэлэг барьж буй аж. Бэлэг болгон барьсан зурагтаа эмээ, өвөөгөө, өөрийгөө, дүүгээ баярын ширээний хажууд зогсож байгаагаар дүрсэлжээ. Үүнийг нь хараад өвөө, эмээ хоёр нь хөөрч, баясаж тун чиг жаргалтай харагдана. Эднийх дөрвөн хүүхэд, 12 зээ, хоёр ач, дөрвөн зээнцэртэй юм байна. Үр хүүхдүүд нь өөр, өөрийн салбарт амжилттай ажиллаж, сурч боловсорч байгаа аж. Энэ өнөр өтгөн айлын эзэд бие биедээ хүндлэлтэй хандаж, нэгнээ гэж байгаа нь орж ирсэн цагаас л мэдрэгдсэн. Энэ бүхэн хүүхдийн цовоо цолгиун дуутай нэгдэн нийлж гэрэл гэгээтэй, халуун дулаан, аз жаргалтай гэр бүлийг бий болгож байх шиг.

Н.Бөхдамбий гуай “Ханьтайгаа учраад аз жаргалтай сайхан амьдарч байна. Хүүхдүүд маань ч сайн сайхан явна. Үүнээс л илүү хүсэх зүйл юу байхав. Бид бие биенээ хүндэтгэж, хоёр биендээ тэмүүлж, үнэнч байхыг эрхэмлэдэг. Үнэнч байх гэдэг нь зөвхөн хайр, сэтгэлийн тухайд биш юм. Хань ижилдээ зориулсан бүхэндээ үнэн, чин сэтгэлээсээ хандахыг хэлж байгаа хэрэг” гэлээ. Харин Д.Баяраа гуай “Хань минь маш сайхан хүн. Хүмүүст ч сайнаараа танигдчихсан даа. Ер нь амьдралын эцсийн мөч хүртэл ханьтайгаа хамтдаа байхыг хүн бүр л хүсдэг. Тиймийн тулд яаж энэ хүнийг эрүүл саруул, амар тайван байлгах вэ гэдгээсээ эхлээд бодох хэрэгтэй. Бид яг л тийм. Хамгийн гол нь хүндлэл чухал. Төгс хүн гэж хорвоод үгүй. Алдаа, дутагдлыг нь дөвийлгөх нь хань, ижил хүний хийх ёстой зүйл биш юм. Нэгнээ уучилж, ойлгож байх л хэрэгтэй. Мөн хувь хүнийх нь эрх чөлөөг хүндэтгэх нь чухал. Хүндлэл жижиг зүйлээс эхэлнэ. Хүүхдүүддээ ч гэсэн бид хоёроос суралц гэдэг юм” хэмээн ярилаа.

Н.Бөхдамбий гуайнх үргэлжид хөл ихтэй. Хүүхдээ үзүүлэхээр зорин ирэх ээж, аавууд дараалал үүсгэх нь холгүй тэднийд цуглардаг. Үүний хажуугаар заавар, зөвлөгөө авах, баярласан сэтгэлээ илэрхийлэх эцэг, эхчүүдийн дуудлага ч тасрахгүй. Гэлээ ч гэрийн эзэд огтхон түүртэж, тээршаалгүй ирсэн бүхэнд найрсаг, өөриймсөг хандаж, үнэтэй зөвлөгөөгөө өгнө. Үнэхээр л тэд бусдын хайр хүндэтгэлийг хүлээж, эргэн тойрондоо ч аз жаргалын үрийг тарьсаар яваа нь гайхалтай. Д.Баяраа “Эргээд бодоход гайхамшигтай сайхан амьдралыг туулж дээ. Энэ хорвоод ирээд их сайхан хүмүүстэй учирсан. Гайхамшигтай ээж, аав, хань ижил, үр хүүхэд заяасан. Тиймдээ ч би өдий зэрэгтэй яваа юм. Дандаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсээр би хүрээлүүлсээр ирж. Зовлон бэрхшээл хүний амьдралд нэг биш удаа тохионо. Гэхдээ бүх зүйл цаг хугацаатай шүү дээ. Аав, ээж минь хорвоогоос буцах дөхөөд нэг л адил зүйлийг хэлж байсан нь тодхон үлджээ. Тэд минь “Бид жаргалтай байсан. Та нартайгаа хамт маш жаргалтай амьдралыг өнгөрүүлсэн. Үнэхээр их баярлаж байна” гэж хэлсэн шүү” гэж хоолой зангируулан хэлж байлаа. Үзэж, туулсан амьдралаа эргэн дурсаад шүүрс алдан суудаг хүмүүс хуруу дарам цөөхөн. Магадгүй байгаа бүхэндээ сэтгэл ханаж чаддаг хүмүүс ховор байх.

Д.Баяраа эмч өглөө өдөр ялгалгүй бяцхан зочдыг хүлээж авдаг. Дээр хэлсэнчлэн огтхон ч түүртэлгүй өөрийн хүүхэд мэт эрхлүүлж, эрүүл саруул болгохыг зорино. Хүүхдийн өвчлөл эрс нэмэгдэж байгаад ихэд зовниж явдгаа тэрээр хэлж байлаа. Чухамхүү ямар учир шалтгаанаас үүдэн байдал ийм дээрээ хүрээд буй талаар түүнээс тодруулахад тэрээр “Өмнө нь зундаа гэдэсний өвчлөл, өвөлдөө ханиад л элбэг байв. Тэдгээр нь нэг их хүчтэй эмчилгээ хийх шаардлагагүйгээр л эдгэчихдэг байсан. Одоо тэр цаг ард хоцорчээ. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой юм. Энэ нийгэм хүн бүр эрүүл мэндийн боловсролтой байхыг хүссэн, хүсээгүй шаардаж байна. Хүн ханиалгаж, нус цэрээ хаяж, өтгөн шингэнээ гаргахдаа өөрт байгаа өвчин үүсгэгч бактеруудаа гадагшлуулж байдаг. Тиймээс хүн наанадаж зөв ханиалгаж, энд тэнд нус цэрээ хаяхгүй байж сурах хэрэгтэй. Айлууд бохир усаа гэрийнхээ ойр цацахгүй байх ёстой. Энэ бохирдлуудаас өвчин үүсгэгч бактерууд гарч агаарт байгаа өвчин үүсгэгч бактертай нэгдэн хүүхэд, настайчууд буюу дархлалын систем нь сул байгаа хүмүүст нөлөөлж, элдэв өвчлөл тасрахгүй байна. Хэдэн жилийн өмнө бид халаасан хоол идэж болдог байсан. Харин өнөөдөр агаарын бохирдлоос болоод хоёр цагаас илүү хугацаа өнгөрсөн л бол ямар ч хоолыг идэж болохгүй болсон” гэж байлаа. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөв хооллолтыг эрхэмлэхийг зөвлөж байгаа. Идэж байгаа хоолоо нэг таваг гэж үзвэл тэн хагас нь ногоо, жимс үлдсэн нь мах, үр тариа, цагаан идээ байх ёстой. Манайд үр тариа, ногоо жимснийх нь байр солигдчихсон. Үүнээс үүдэн эсийн түвшин дэх дархлалын системдээ алдаа заах гээд байдаг. Мөн чихэр ихээр хэрэглэдэг болсон. Чихэрлэг зүйлс нь өвчин үүсгэх бактеруудыг дэмжээд байдаг юм. Тиймдээ ч харшил, хавдар ихсээд байна. Унтаж байх үед хүний биед эрүүлжих процесс явагдаж байдаг. 22:00 цагт унтах нь маш чухал. Гэтэл залуучууд яг тэр цаг үед баар, цэнгээний газар сууцгааж байна. Эцэг, эхчүүд өсөлтийн даавар ялгардаг үе болох 22:0003:00 цагт хүүхдээ бага балчираас нь унтуулж хэвшүүлмээр байна. Нойрны дэглэмийг чанд сахих нь маш чухал. Мөн хүн болгон идэвхтэй хөдөлгөөн хийж байгаасай. Хүүхэд байхаасаа л өглөөний дасгал хийж, өдөртөө тогтмол алхдаг баймаар байна” гэлээ. Хүүхдэд хийх шаардлагатай вакцинуудыг цаг тухайд нь хийлгээгүйн улмаас улаанбурхан зэрэг өвчин дахин гарах болсныг ч тэрээр онцолж байсан юм. Бид ярилцан суусаар цаг ч харвасан сум шиг одсоныг үл анзаарчээ. Гавьяатуудын эгэл хэрнээ аз жаргал бялхсан ахуйд ийнхүү саатлаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *