Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлийн бизнесээ “толгойлдог” Ц.Баатарбилэгийнд өнжлөө

“Танайд өнжье” булан­гийн­хаа энэ удаагийн дугаа­раар “НВЦ” компанийн ерөн­хий захирал Ц.Баатар­билэгийнд өнжлөө.

Тус компани нь өнгөрөгч долоо хоногт болж өнгөр­сөн Улаанбаатар хот бай­гуулагдсаны 375 жилийн ойгоор нийслэлийн шилдэг бүтээн байгуулалт хийсэн компанийн нэг нь болсон, нөгөө талаас тэрээр Мон­голын бизнесийн салбарт амжилттай яваа шинэ залуу бизнесмэн учир өнгөрөгч баасан гаригт ийнхүү тэдний­хийг зорьсон юм.

Ажлын өдөр байсан учир Ц.Баатарбилэгтэй ком­панийнх нь байранд уулзахаар боллоо. Хан-Уул дүүрэгт байрлах тус компанийн байр хэдэн давхар өндөр, шил толь болсон сүрлэг том биш юм. Нэг давхар ч хуучны барилгыг орчин үеийн засалтаар засч, тохижуулжээ. Ком­панийн үүдээр ормогц шилэн хоргонд шилэн, болор, шавар, сүрэл гэх мэт бүхий л материалаар хийсэн тахиа, өндөгний сувинерүүдийг байрлуулсан нь содон харагдаж байв.

Ц.Баатарбилэг захир­лын өрөө ч бас нэг их том­гүй, буйдан гэх мэт элдэв тавил­гагүй юм. Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр байсан болоод ч тэр үү, салбар компаниудынхаа долоо хоногийн ажлын тайланг сонсоод зав муутайхан сууж байна. Эдгээр уулзалтаа дуусахад гадны зочинтой уулзах ажил мөн үлджээ. Гэхдээ товлосон цаг нь хараахан болоогүй байсан тул бид хэсэгхэн хугацаанд яриа өрнүүлээд авлаа. Тус компани нь 1998 онд байгуулагдсан бөгөөд өдгөө “Монэгг”, “НВЦ трейдинг”, “Эггмарт” сүлжээ дэлгүүр гэсэн охин компаниудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Өнөө жилээс эхлэн газар тариалангийн салбар буюу тэжээлийн тариа­лангийн чиглэлээр хүч үзэхээр шийдэж, эхний тариалалт, туршилтуудаа хийж үзжээ.

“НВЦ”-гийн шилдэг бүтээн байгуулагч компаниар шалгарсан гол хүчин зүйл бол өнгө­рөгч есдүгээр сард нэг сая өндөглөгч тахиатай “Баян шувуу” аж ахуйг нээсэн явдал билээ. Герман улсын дэв­шилтэт техник, технологиор тоноглогдсон уг үйлдвэр нь Төв аймгийн Баянчандмань суманд байрладаг юм.

Тэрээр ийн компанийнхаа тухай товч танилцуулаад “Биз­­нест амжилттай хөл тавьж буй маань JCI Монгол байгууллагатай салшгүй холбоотой юм” гэлээ. Учир нь Ц.Баатарбилэг 2003 онд олон найзтай болох, танил талын хүрээгээ өргөтгөх зорилгоор тус байгууллагын гишүүнээр элсч байжээ. Ингэхдээ жирийн гишүүнээс авахуулаад салбарын хорооны дарга, салбарын ерөнхийлөгчийн албыг хашиж, хамгийн сүүлд 2013 онд тухайн жилийнхээ дээд албан тушаал буюу Үндэсний ерөнхийлөгчөөр ажил­ласан байна. Энэ хуга­цаанд мэдээж түүний олон найзтай болох зорилго нь зөв­хөн монгол залуус төдийгүй дэлхийн олон орны найзуудтай болж биелсэн ажээ.

JCI олон улсын залуучуу­дын байгууллага нь дэл­хийн 120 гаруй оронд 5000 гаруй салбартай, манлай­лагч залуучуудыг төрүүлэн гаргадаг, залуусын нөхөр­лөлийн байгууллага бөгөөд Монгол Улс дахь салбар 1992 онд байгуулагдсан, өдгөө 600 гаруй гишүүнтэй, бизнес, улс төр, нийгэмд амжилттай яваа 40 хүр­тэлх насны залуучууд тус бай­гууллагын гишүүн гэнэ.

Ц.Баатарбилэгийн ажлын өрөөний хананд нэлээд том хэмжээтэй алтан шаргал өнгийн хүзүүний зүүлт шиг тэмдэг өлгөөтэй байна. Үндэс­ний олимпийн хорооны алтан од хэмээх шагнал байдаг даа, яг түүн шиг сүртэй том тэмдэг юм. Учрыг лавлабал, өнгөрсөн жил зүүсэн JCI Монгол бай­гуул­лагын Үндэсний ерөнхий­лөгчийн зүүсгэл гэнэ. Их чамин, сүртэй эд ажээ.

Нэг их удсангүй Ц.Баатар­билэг захирлын ажил дууслаа. Ер нь түүний ажил шөнө дунд дуусдаг гэнэ. Гэхдээ энэ удаа хүндэтгэх шалтгаантай тул нэлээд эрт гэртээ харьж байгаа нь энэ хэмээн тэрээр инээмсэглэн өгүүлэв.

ЯНЗ БҮРИЙН ГОЁЛ ЧИМЭГЛЭЛГҮЙ Ц.БААТАРБИЛЭГИЙНХ

“Japan town”-д байх тэдний гэрт орвол нүдээрээ инээмсэглэсэн бүсгүй хаалга тайлж өглөө. Мэнд мэдэлцэн, хоол унд, цай цүй болцгоов.

Эднийх тус байранд амьд­раад хоёр жил шахам болж байгаа гэнэ. Уг нь энэ байрыг анх ашиглалтад ороход нь Ц.Баатарбилэгийн аавынх авч байсан юм байна. Тэгээд гурван жил шахам амьдарч байгаад хүүдээ өгөөд, аав, ээж хоёр нь Зайсанд өөр байр худалдаж авч нүүжээ.

Ц.Баатарбилэг хараахан албан ёсоор хуримаа хийж, эхнэрээ аваагүй байгаа. Гэхдээ бидэнд хаалга тайлж өгсөн М.Пүрэвсүрэн хэмээх бүсгүйтэй үерхээд нэлээд хэдэн жил болж байгаа гэнэ. “Бид хоёрт ч төлөвлөсөн олон “ажил” байна даа” хэмээн инээцгээнэ.

Өнгөрсөн хугацаанд Ц.Баатарбилэг аав, ээжийн эрх хүү байжээ. Үүнийгээ тэрээр “Би чинь 30 хүртлээ аав, ээжтэйгээ амьдарсан. Ээжээрээ хувцсаа угаалгаад л, орой ирэхэд халуун хоол, цайтай угтдаг байлаа. Хүний эцэг, эх л болсон хойно шөнө дундалж орж ирэх үед “Дэмий сэлгүүцэж гадуур яваад байна уу даа” гэх үгсийг ч сонсож байлаа” хэмээн ярьж байсан юм.

Эднийх дөрвөн өрөө юм. Гэхдээ хэн ч орж ирсэн нүүж ирээд удаагүй юм болов уу гэсэн бодол төрүүлэхээр. Энэ талаар түүнээс лавлахад “Бид чинь гэртээ байхаасаа байхгүй нь их. Өглөө эрт гараад л шөнө дунд орж ирдэг юм. Нөгөө талаас гэхэд бид энгийн байх дуртай. Тийм болохоор өрөөний энд тэндээ зураг өлгөх ч юм уу, аль эсвэл янз бүрийн чимэглэл хийхийг тийм ч таатай зүйл биш гэж боддог” гэлээ.

Үнэхээр ч түүний хэлснээр найз бүсгүйтэйгээ явж байхдаа авсан улбар шар, цагаан цэцэг бүхий зурагнаас өөр энэ гэрийн хананд хадсан зүйл ховор аж. Зочны өрөө нь л гэхэд дугуй хэлбэртэй буйдан, телевизор гээд, бусад өрөө­нүүд ч гэсэн элдвийн тавилга бага, энгийн тохижилттой юм.

Харин телевизорын хажууд байх хоёр гитар нүднээ тусч байлаа. Ц.Баатарбилэг багадаа орцонд “дуулдаг” байснаас гадна “хойно” сур­гуульд сурч байхдаа гитар тоглох дуртай байсан гэнэ. Хоёр гитарын нэгийг өөрөө худалдаж авсан бол нөгөөхийг найзууд нь бэлэглэж байжээ.

НИСЭХИЙН ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТЭЙ Ч БИЗНЕСМЭН БОЛОВ

Ц.Баатарбилэгийг дээд сургуульд сурч байхад нь “Шувууны хүүхэд” гэж шоолдог байжээ. Учир нь эднийх Шувуун фабрикийн айл. Түүний аавыг Б.Цэрэндаваа гэдэг бөгөөд Завхан аймгийн уугуул. Тэрээр Хөдөө аж ахуйн их сургуулийн зоотехникчийн ангийг төгссөнөөсөө хойш Шувуун фабрикт ажиллаж, суурьшжээ. Түүнээс хойш 20 гаруй жил ажиллаж, орлогч захирлын албыг хүртэл хашиж байсан бөгөөд хожим хувьчлагдахад нь хувийн ажил эрхлэхээр албаа өгчээ.

Харин түүний ээж В.Пүрэв­жаргалыг Шувуунфабрикийн 26 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн төгсөгчид андахгүй мэдэх ажээ. Тэрээр улсад 40 гаруй жил ажиллахдаа 20 жилд нь дээрх хоёр сургуулийн захирлын албан тушаалыг хашсан хүн гэнэ. Боловсролын байгууллагад насаараа ажилласан В.Пүрэвжаргал гуайг энэ жил төрөөс Монгол Улсын гавьяат багш хэмээх цолоор шагнажээ.

Төрж, өссөн гэр бүлийнх нь түүх ийм учир Ц.Баатарбилэг багаасаа л шувууны аж ахуйтай холбогдсон гэхэд болно. Тэрээр Шувуун фабрикт өссөн хүүхэд насаа хэзээ ч мартагдахгүй сайхан үе хэмээв. 2000 гаруйхан хүнтэй энэ жижиг сууринд сургуулийнхаа бүхий л дугуйлан, дамжаанд явахаас гадна, зунжин усанд сэлж, загасчилж, Туулын голыг өөд уруугүй тэшүүрээр гулгаж өссөн багын найзуудтайгаа одоо хүртэл дотно нөхөрлөж явдгаа дурссан юм.

Бага ангид байхаасаа л эхлэн Шувуун фабрик хэмээх үйлдвэрийн бараг шат дамжлага бүрээр орж гарч өнгөрүүлсэн гэдэг. 1990-ээд оны юм ховорхон байсан үедбуюу долоо, наймдугаар ангид байхдаа байрныхаа найзуудын хамт ааваасаа авсан хэдэн төгрөгөөрөөөндөг авч, хот руу оруулж ирэн зардаг байсан гэнэ. Хоёр, гурван сетка өндөг аваад автобусанд суугаад хот руу явна даа. Хэдхэн төгрөгөөр авсан өндгөө шар дэлгүүр, хорооллын зах гэх мэт тоотой хэдэн газарт хоёр нугалаад зарчихаад буцаад явна. Амжвал тэр өдөртөө дахиад нэг орж ирнэ. Ингэж наймаа хийх тусам сүүлдээ туршлагажиж, найзынхаа танилын байрны нэг өрөөг түрээсэлж, халаалтыг нь салгаж байгаад агуулах маягийн өрөө ч хийжээ. Дүү Ц.Мөнхбаатарын хамт шинэ жилийн өмнө тэр жижиг агуулахдаа өндөг худалдан авч цуглуулаад гүйлгээтэй үед нь зарж байсан тохиолдол ч бий. Тиймээс Ц.Баатарбилэг арван жилийн хүүхэд гэхэд хэрдээ баян хүү байсан гэдэг. “Бизнес” хийсэн тэр мөнгөөрөө өрөөнийхөө ханыг дүүртэл загасны аквариум, гутал хувцас худалдан авдаг байв. Бүр ээж нь нэг өдөр “Миний хүү чинь ээжийнхээ сарын цалингаас л их мөнгөөр гутал аваад өмчихсөн байна шүү дээ” гээд бөөн инээд болж байсан удаа бий.

Ц.Баатарбилэг Латвийн нийслэл Ригад Нисэхийн сургуулийг 1998 онд төгсчээ. Тухайн үеийн Зөвлөлтөд нисэхийн инженер бэлтгэдэг хоёр том сургуулийн нэг нь энэ сургууль байсан аж. Ээжийнхээ зөвлөснөөр тус сургуульд бүртгүүлэхээр очиход ердөө 12 хуваарь дээр 100 гаруй хүүхэд өрсөлдөж байв. “Яаж ийм олон хүүхдээс би орж чадахав дээ. Сурлагаараа орчихдог юм аа гэхэд хэн нэгэн танил талынх нь хүүхэд өмнүүр орчих биз дээ” гэж бодсоор эрүүл мэндийн шалгалтад нь орсон гэж байгаа. Нисэхийн сургууль учир эрүүл мэндийн шалгалт хамгийн чухал байлаа. Өөрөөр хэлбэл, нүд, сонсгол, дотор эрхтэн гэх мэт цоо эрүүл хүүхдийг л авах учиртай. Энэ шалгалтын дараа 30 гаруйхан хүүхэд шалгалт өгөхөөр тэнцжээ. Ц.Баатарбилэг ч “Одоо бол харин хичээнэ шүү” гэж өөртөө хэлсэн гэдэг. Тиймээс ч эрүүл мэнд болон сурлагаараа тэнцэж, Нисэхийн их сургуулийн инженерийн ангид орж, авионика мэргэжлээр улсын зардлаар суралцан төгсчээ.

Одоогийн бизнес хийж буйгаа тэрээр “Инженерийн сэтгэхүйгээр л бизнесээ хийж, үйлдвэрээ барьж байна даа” гэх. Өдгөө түүний нисэхийн инженер найзууд нь ч эрхэлж буй бизнест нь санаа оноогоо хэлдэг гэсэн. Түүнтэй хамт сурч байсан нөхдүүд нь өдгөө ИНЕГ-ын даргаас авхуулаад салбарынхаа удирдах албуудыг манлайлан авч явж байгаад баяртай явдгаа ярьж суусан юм.

Тэрээр багаасаа л өндөг зарж, наймаа хийж сурсан тул Орост сурч байхдаа ч машин зөөж, өөрийн хэрэгцээний мөнгөө олчихдог байжээ. Тэрээр суралцах дөрвөн жилийн хугацаандаа 21 ширхэг “Волга 24″маркийн авто машин Монголд оруулж ирсэн гэсэн.

Тэрээр 1998 онд төгсөж ирээд мэргэжлээрээ ажиллахаар МИАТ компанид хандсан боловч орон тоо байхгүй байсан учир ажилгүй хоцорчээ. Энэ үед аавынх нь ажиллаж байсан үйлдвэр ч хувьчлагдан, орос найз нар нь хувийн бизнес эрхлэхийг санал болгосон үе байв. Тиймээс аав, хүү хоёр хамтран сарын 30 хувийн хүүтэй мөнгө зээлж, “НВЦ” компаниа байгуулжээ. Ингэж аавынхаа орос танилуудыг “ашиглан” Оросын Белореченское компаниас өндөг оруулж ирдэг болов. Тэр үед дотоодын шувууны аж ахуй нэгжүүд уналтад орчихсон, монгол өндөг бараг байгаагүй бөгөөд Оросоос импортоор оруулж ирвэл харьцангуй ашигтай гэдгийг аав, хүү хоёр олж харсан нь тэр байжээ. Ингээд аавынхаа Оросоос авчирсан өндгийг ачиж аваад дэлгүүрүүдээр явна. Аажимдаа дэлгүүрүүдээс захиалга өгч, шууд хүргэлт хийдэг болжээ. Ингэхийн хэрээр туслах хүмүүс хэрэгтэй болж эхэлсэн тул нэг жолооч, туслах ажилчин авч байсан гэдэг.

Яваандаа зөвхөн импортлогч компани бус томоохон аж ахуй байгуулъя гэсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд 2003 онд аж ахуй байгуулах ажилдаа оржээ. 20 мянган шувуутай аж ахуйгаа анх байгуулж, аажимдаа 60,80 мянган шувуутай болж ахин дэвшсээр байсан гэнэ. Улмаар 2006 оноос эхлэн АНУ-ын Пилгрим Прайд компаниас тахианы мах импортолдог болжээ. Ингэсээр 2011 он гэхэд сайн багтай болчихсон, аж ахуй эрхлэх ч туршлагатай, борлуулалтын сүлжээ нь ч бүрдсэн учир сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулъя хэмээн 55 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Баян шувуу” аж ахуйгаа байгуулж эхэлжээ. Дэлхийд бол 500 мянган тахиатайгаас дээш аж ахуй нь томд тооцогддог байна. Нэг үгээр хэлбэл, том улсын жижиг хотуудад бол ийм хэмжээний үйлдвэр байхгүй гэхэд болох аж.

Ийнхүү өөрөө өндгөө ачаад эхэлж байсан бизнес нь өдгөө 300 гаруй ажилтантай Монголын шувууны аж ахуйн салбарын тэргүүлэгч үйлдвэр болтлоо өсөн дэвжжээ. Түүний ийн амжилттай яваа нь компанийн хамт олны хүчин зүтгэл хэмээн тэрээр хэлж байв.

Байгуулагдсан цаг үе буюу 1998, 1999 онд жилдээ тус компани нэг сая шахам өндөг борлуулдаг байсан бол өдгөө жилдээ 100 гаруй сая ширхэг өндөг худалдаж байгаа ажээ.

АЙЛЫН ТОМ ХҮҮД ХАРИУЦЛАГА ИХ

Ц.Баатарбилэг таван хүүхэдтэй айлын том нь учир багагүй хариуцлага үүрдэг ажээ. Тэрээр компаниа ерөнхийд нь удирддаг бол аав нь ТУЗ-ийн даргаар ажиллаж, орос өндөгний борлуулалтаа хариуцдаг байна. Харин дүү Ц.Мөнхбаатар нь “Монэгг” компанийг удирдаж байгаа бол нөгөө дүү Ц.Мөнхцэцэг нь удахгүй зах зээлд нэвтрүүлэх шингэн өндөгний үйлдвэрийг хариуцан ажиллаж байгаа юм байна. Бусад дүү нар нь мөн л компанидаа хариуцлагатай албыг авч явдаг гэв. Өөрөөр хэлбэл, “НВЦ” нь гэр бүлийн бизнес юм байна. “НВЦ” нэрийн тухайд анх байгуулахыг зөвлөж байсан Орос найз болоод аав Цэрэндаваагийн нэр, овгийнэхний үсгийн нийлбэр гэнэ лээ.

Шингэн өндөгний үйлд­вэрийн тухайд Италийн тех­ник технологийг ашигланулсын стандартын савла­гаатай, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд зориулан шингэн байдлаар худалдаанд гарга­хаар төлөвлөөд байгаа аж. Ингэх­­дээ өндөгний шар, цагааныг тус тусад нь ялгаж, өндөр градуст ариутгасан 10, 20 кг-ын тусгай савлагаатайгаар худалдах юм байна. Түүнчлэн өндөгний хальс кальци ихтэй байдаг учир нунтаглаж, үйрүүлсэн байдлаар ч худалдахаар төлөвлөж буй. Уг үйлдвэрийг цагаан сараас өмнө ашиглалтад оруулах гэнэ.

Эдгээрээс гадна тэжээлийн үйлд­вэр байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь газар тариалан эрхэлдэг бусад аж ахуй нэгжээ дэмжих сайн талтай аж. Өөрөөр хэлбэл, гурилд тэнцэхгүй буудайг тэжээл болгож ашиглах юм. Ирэх жилд л гэхэд тус компани 7-8 тэрбум төгрөгөөр будаа худалдан авах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс энэ мөнгө нь дотоодын үйлдвэрүүдээ давхар дэмжих өртөг болж байгаа ажээ.

Ц.Баатарбилэгийн гэр бүлийнхний төлөвлөж буйгаар 2015 онд мөн тахианы мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ярилцаж, бэлтгэлээ хангаж байгаа гэсэн. Тодруулбал, ирэх оны намар гэхэд тахиа төхөө­рөх хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдийг оруулж ирэ­хээр гэрээ хэлцлээ аль хэдийнэ хийчихсэн гэсэн.

Энэ мэтчилэнгээр зургаан жил дараалан зургаан төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж цаашдаа ч бизнесээ өргө­жүү­лэх, экспортын бүтээг­дэхүүн­тэй болох гээд олон төлөв­лөгөө, зорилт бий гэнэ лээ. Ингэхийн тулд өмнөх эхлүүлсэн төслүүдээ амжилттай хийж байж дараагийн үйлдвэрээ нээхийн төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчилж байгаа тухайгаа Ц.Баатарбилэг ярив. Тэр багадаа өндөг худал­даж байхдаа дүү Ц.Мөнхбаатартайгаа нийлж суугаад “Шувуун фабрик” шиг үйлд­вэртэй болчихволүүнээс илүү олон өндөгтөй болно доо” гэж ярилцдаг байсан гэдэг. Түүний хүсэл эхнээсээ биелж байгаа нь энэ биз ээ.

ӨНДГИЙГ ЗӨВХӨН АШИГ ОЛОХ ГЭЖ БУС ХҮМҮҮСТ ХЭРЭГТЭЙ УЧИР ХУДАЛДДАГ

Ц.Баатарбилэг зөвхөн ашиг олохыг урьтал болгохоос илүүтэйгээр өндөг гэгч зүйл нь хүний биед ямар хэрэгтэй талаар судалгаа, шинжилгээ хийдэг нэгэн аж. Энэ ч утгаараа 2008 онд “Өдөр бүр өндөг хэрэглэе 1” номоо гаргаж байсан бол хоёр дахийг нь 2012 онд гаргаж байсан тухайгаа тэрээр мөн хуучилсан юм.

Өөрийн бүтээсэн номоо танилцуулангаа хэд хэдэн сонирхолтой тоон баримтыг дурдав. Манай улс дэлхийн бусад орныг бодвол өндөгний хэрэглээгээрээ хамгийн бага гэсэн жагсаалтад багтдаг. 70, 80-аад оны үе буюу Шувуун фабрик улсын үйлдвэр байх үед нэг хүнд жилдээ найман ширхэг өндөг ногддог байсан бол өдгөө 70 ширхэг ногдож байгаа ч энэ нь чамлахаар үзүүлэлт гэнэ.

2013 онд манай хүн ам жилдээ 200 сая өндөг хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. Үүний тал хувийг импортоор, талыг нь дотооддоо үйлдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 200 саяын тал хувийг “НВЦ” үйлдвэрлэсэн болж таарч байна. Үүн дотроо 70 хувийг нь импортын өндөг борлуулсан бол үлдсэн 30 хувийг дотоодын үйлдвэрээсээ хангажээ. Тиймээс ирэх жилд энэ байдлыг эсрэгээр нь болгож 80-иад саяыг дотооддоо үйлдвэрлэж, 20 гаруй саяыг нь импортоор оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэсэн.

Монголд жилдээ 350 сая ширхэг өндөг зарагдах боломжтой гэсэн судалгаа байдаг. Энэ бол эрүүл мэндийн талаас нь гаргасан судалгаа. Үүнийг хүн амдаа харьцуулаад үзвэл нэг хүн жилдээ 120 өндөг хэрэглэнэ. Хэрэв ийм хэмжээний өндөг үнэхээр хэрэглэж чадах юм бол уургийн хангамж талаасаа үлэмж ач холбогдолтой. Гэхдээ энэ бол дээр хэлсэнчлэн бага үзүүлэлт. Учир нь Японд нэг хүн жилдээ 400 өндөг хэрэглэдэг бол Орост 250, Европын орнуудад сард нэг хүнд 43 ногддог гэх мэт нэлээд өндөр тоон үзүүлэлттэй.

“НВЦ” компани Дэлхийн өндөгний холбооны гишүүн юм байна. Тиймээс ч жилдээ хоёр удаа тус холбооны шугамаар Ерөнхий захирлуудын хуралд суудаг. Тус хуралд 70 гаруй орны өндөгний аж ахуй эрхлэгчид хуран цугладаг бөгөөд өндөгний хэрэглээний талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллээ солилцдог аж. Энэ шугамаар дээрх тоон үзүүлэлт бүхий мэдээллүүдийг авсан тухайгаа Ц.Баатарбилэг ярьж байлаа.

Түүний хэлснээр Канад, Австрали, АНУ, Европын холбооны зарим улсуудад Засгийн газрын дэргэд нь Өндөг судлалын агентлаг хүртэл байдаг гэнэ. Тэд эхийн сүүний дараа орох уураг, амин дэм бүхий өндөгний судлагдаагүй үлдсэн амин дэмийг судлахаас гадна хүнсний бус зориулалтаар хэрхэн ашиглаж болохыг ч нарийвчлан судалдаг байна. Түүгээр ч зогсохгүй ямар үйл ажиллагаа явуулбал хүн ам өндгийг илүү ихээр хэрэглэх талаар Засгийн газартаа зөвлөмж өгдөг байгууллага хүртэл бий гэнэ лээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 2050 онд гэхэд дэлхийн хүн амын хамгийн их хэрэглэх хүнсний жагсаалтын нэгдүгээрт сүү, сүүн бүтээгдэ­хүүн, хоёрдугаарт өндөг орсон байдаг аж.

Тус компанийн хувьд 2012 онд Дэлхийн өндөгний холбооны “Golden egg” шаг­на­лыг хүртэж байсан. “Эх орны­хоо нэрийг гаргаж, шаг­нал авах мөч үнэхээр супер байсан” хэмээн тэрээр бахар­хангуй өгүүлж байсан юм.

Хэдийгээр “Баян шувуу” хэмээх дотоодын өндөгний үйлдвэр ашиглалтад орсон ч орос өндөг хэрэглэдэг хүмүүсийн тоо буураагүй. Тиймээс тус компани өндөр өртөг зардалтай ч импортоор өндөг оруулж ирэх ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм билээ. Үүнийг тэрээр “Хэрэг­лэгч юу хүсч байна. Түүнийг л хий” гэсэн зарчмын дагуу хийдэг гэдгээ хэлж байв.

“НВЦ” улсын төсөвт ч багагүй хувь нэмэр оруулж байгаа. Учир нь өндөг, тахиан махыг импортоор оруулж ирснээр гааль, татварт жилдээ 5-6 тэрбум төгрөг өгдөг гэсэн.

Манай Засгийн газ­рын зүгээс жижиг дунд үйлдвэ­рүүдийг тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд нь гаалийн татвараас чөлөөлж байгаа нь бодитой дэмжлэг бол­дог гэдгийг тэрээр мөн хэлж байв. Учир нь “Баян шувуу” үйлдвэрийн тоног төхөө­рөмжийг ямар ч татваргүйгээр оруулж ирсэн ажээ.

Түүний гаргасан “Өдөр бүр өндөг хэрэглэе” хэмээх номуудын тухайд өндөгний бизнес эрхэлж эхэлсэн 20 жилийн өмнөөс эхлэн цуглуулсан материалуудаа нэгтгэжээ. Ингэхдээ өндөгний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаар болон шувууны аж ахуйн хөгжил, хэрхэн шувууны аж ахуй байгуулах, шувууг гэрийн нөхцөлд ашиг­лах тухай, түүгээр ч зогсохгүй тахиа, өндгөөр хоол хийх жор гэх мэт тодорхой бүлэг сэдвүүдийг хамарсан ажээ.

Тиймээс Ц.Баатар­билэг “Бид өнөө­дөр ашиг олох гэхээсээ илүү­тэй­гээр хүний биед үлэмж ашигтай хамгийн бага өртгөөр хамгийн их уургийг биедээ авч болох энэхүү бүтээг­дэхүүнийг монгол хүн өдөр бүр хэрэглээсэй гэж л хүсэх, зорих болсон” хэмээж байлаа.

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *