Categories
мэдээ нийгэм

Генералуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Анх 1944 оноос Монгол Улсад цэргийн дээд цол хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал гэсэн цолыг олгож эхэлжээ. Харин 2006 онд хуулинд өөрчлөлт оруулснаар НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолыг олгож байна.

Цэргийн дээд цолыг олгож эхэлсэн энэ ойн өдөр генерал цолтнууд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, тэдэнд зориулсан хүндэтгэлийн жагсаал төв талбайд боллоо. Ийнхүү 12 дахь жилдээ генералуудад хүндэтгэл үзүүлж, Чингисийн талбайд цэцэг өргөлөө. Мөн генерал цолтнуудын хүндэтгэлийн уулзалт Төрийн ордонд болж, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт тэдэнд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Генералууд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, “Монгол генерал” төгөлийг байгуулна.

Монгол Улс өнөөдрийн байдлаар 170 генералтай. Тэдний хамгийн залуу нь 47 настай юм.

Манай улс Армийн генерал цолыг 1970 онд олгож эхэлсэн бөгөөд анхны мөрдэс Ю.Цэдэнбал, Б.Дорж нарт олгогджээ. Харин хурандаа генерал цолыг 1960-аад оноос олгож эхэлсэн Б.Цог, Ж.Лхагвасүрэн, С.Батаа, Ж.Авхиа, Б.Дорж, С.Равдан, Ж.Ёндон, С.Лувсангомбо, Б.Дэжид нар хүртсэн байна.

Дэслэгч генерал цолыг 1944 оноос олгож эхэлсэн ба анх Бүх цэргийн жанжны 1 дүгээр орлогч Ж.Лхагвасүрэн, МАА-ийн Улс төрийн газрын дарга Ю.Цэдэнбал нарын нийт 18 хүнийг шагнасан байна. Хошууч генерал цолыг 1944 оноос эхлэн нийт 113 хүнд олгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *