Categories
мэдээ нийгэм

Гэндэн, Сүхбаатарын гудамжийн замуудыг хэсэгчлэн хаана

Энэ сарын 3-6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болох гэж буйтай холбоотойгоор үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас төв зам дагуу хэсэгчлэн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах аж. Тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 3,000 гаруй төлөөлөгч оролцох юм. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газраас хамтран мэдээлэл хийж байна.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр“Маргаашнаас эхлэн энэ сарын 6-ныг хүртэл НҮБ-ын мандаттай Азийн сайд нарын бага хурал Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Энэхүү бага хуралд 50 гаруй орны 3,000 гаруй төлөөлөгч оролцохоор ирсээр байна. Өчигдрөөс эхлэн албан ёсны Засгийн газрын төлөөлөгч сайд нар Монгол Улсад хүрэлцэн ирж байна. Маргааш 16:00 цагт Төрийн ордонд албан ёсны нээлт болно.

Үүнээс цааш хоёр өдрийн туршид олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Техникийн, сэдэвчилсэн хуралдаанууд байна. Энэхүү хуралдаанаар орон нутгийн, олон улсын гамшгаас хамгаалах сайн үр дүнгүүдийн талаар ярилцана, туршлага судална. Шинэ техник, технологи, инноваци, дэд бүтэц, жендэр гээд маш олон хүрээтэй асуудлуудын талаар ярина.

Азийн сайд нарын бага хурал нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох бэхжүүлэх зорилготой бүс нутгийн зөвлөлийн платформ гэдгээрээ онцлогтой. Маш том хэмжээний ийм уулзалтыг бид Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна” гэв.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Энэхүү өндөр дээд хэмжээний уулзалтаас шалтгаалж АСЕМ-тай дүйцэхүйц замын хөдөлгөөний зохицуулалт хийхээр болсон. Энэ өдрүүдэд Буянт-Ухаа, Шангрилла, АСЕМ вилла, Төрийн ордны баруун, зүүн талууд маш их ачаалалтай байна. Одоогоор 40 гаруй орны зочид, төлөөлөгчид ирсэн байгаа.
Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнийг аль болох удаан хугацаагаар зогсоохгүй байх арга хэмжээ авна. Хэдийгээр арга хэмжээ авахаар төлөвлөж буй ч, шинээр ямар ч нөхцөл байдал үүсэж болзошгүй. Тиймээс замууд маш их ачаалалтай, тогтмол тодорхой хэмжээний хэсэгчилсэн хаалттай байна. Иргэд бидэнтэй хамтарч ажиллаж, энэхүү зохицуулалтыг ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

Мөн энэ 3-4 хоногийн хугацаанд иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзахыг зөвлөж байна. Учир нь энэ өдрүүдэд замын хөдөлгөөн маш ачаалалтай байх нь тодорхой байна.

Хурлын үеэр үүсэх замын ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албатай зөвшилцсөний дагуу Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын гудамжийн замуудыг хэсэгчлэн хаана.

Мөн замын хөдөлгөөнд оролцож буй иргэд ФМ 96.3, 88.8, 100.5, 100.1-г сайн сонсож байх хэрэгтэй. Эдгээр радио фм-үүдтэй бид хамтарч ажиллаж байгаа. Замын цагдаагийн албаны явуулын станц тогтмол мэдээлэл өгч байх юм” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *