-Өнгөрсөн онд Баянзүрх дүүрэгт хамгийн их гэмт хэрэг гарчээ-
Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр 2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Тухайлбал улсын хэмжээнд хоногт 74 гэмт хэрэг, цагт гурван гэмт хэрэг, нийслэлд 49 гэмт хэрэг, цагт 2 гэмт хэрэг бүртгэгдэж байдаг байна. Мөн гэмт хэргийн улмаас өдөрт хоёр хүн нас барж, 30 хүн гэмтдэг аж. Мөн 30 гэмт хэрэг болгоноос 1 хүн нас бардаг бол жилд 112 хүүхдийн амь нас эрсэддэг гэсэн дүн гарчээ. Гэмт хэрэг үйлдэж байгаа 4 хүн тутмын нэг нь согтуугаар үйлдсэн байдаг бол 2 хүний нэг нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд үйлдсэн байдаг байна.
Гэмт хэргийг дүүргүүдээр авч үзвэл Баянзүрх дүүрэгт 4218, Баянгол дүүрэгт 3137, Сүхбаатар дүүрэгт 2962, Сонгинохайрхан 2811, Чингэлтэй дүүрэгт 2437, Хан-Уул дүүрэгт 1639, Налайх дүүрэгт 489, Багануур дүүрэгт 293, Багахангай дүүрэгт 23 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.
Үйлдэгдсэн газраар нь авч үзвэл гэр хороололд 33.9 хувь, гудамж талбайд 5479 буюу 20.2 хувь, олон нийтийн газарт 4837 буюу 14.1 хувь гээд төрийн байгууллагад 417 буюу 1.5 хувь, төрийн бус байгууллагад 253 буюу 0.9 хувь, аж ахуй нэгжид 2445 буюу 9 хувь, авто зам дээр 1682 буюу 6 хувь, бусад газарт 13.2 хувьтай үйлдэгдсэн байна.
Гэмт хэргийн ангиллаар нь авч үзвэл 2016 онд хөнгөн гэмт хэрэг 13487 буюу 46.6 хувь эзэлж байна. Хүндэвтэр гэмт хэрэг 12327 буюу 43.7 хувь, хүнд гэмт хэрэг 1628 буюу 5.9 хувь, онц хүнд гэмт хэрэг 515 буюу 1.9 хувь тус тус эзэлж байна.
Гэмт хэргийг илрүүлэлтээр нь авч үзвэл хөнгөн гэмт хэргийн 68.9 хувийг, хүндэвтэр гэмт хэргийн 58.8 хувийг илрүүлсэн байна. Харин хүнд гэмт хэрэг 74.9 хувь, онц хүнд гэмт хэрэг 91.9 хувийн илрүүлэлттэйгээр урд жилээс өссөн дүнтэй гарсан гэж мэдээллээ.
Дэлгэрэнгүйг дараахь бичлэгээс үзнэ үү.
О.ӨНӨР