Ховд аймагт сүүлийн гурван жилийн хугацаанд гарсан гэмт хэрэг, зөрчлийн 90 хувь нь архинаас үүдэлтэй байгааг судалгаагаар тогтоожээ.
Иймээс аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2022 оныг “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх жил” болгон зарласан.
Энэ хүрээнд архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Үггүй үйлдэл” нөлөөллийн аяныг цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
“Архигүй бол зөрчилгүй” уриан дор хэрэгжүүлж буй уг аяны хүрээнд өнөөдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” хийлээ.
Энэ үеэр “Үггүй үйлдэл” архигүй бол зөрчилгүй нөлөөллийн аяны хүрээнд Ховд аймгийн гэрэл зураг сонирхогч, иргэдийн дунд зохион байгуулсан “Гэрэл зургийн уралдаан”-ы шилдгүүдийг шагнаж урамшуулсан бөгөөд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, архины зохисгүй хэрэглээ, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн уриалга дэвшүүлснээрээ онцлогтой.
Түүнчлэн төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болох прокурор, онцгой байдлын газар, шүүхийн шинжилгээний алба зэрэг байгууллага өөрсдийн хариуцсан үүрэг чиглэлийнхээ дагуу зохион байгуулж буй ажил, үйл ажиллагааны онцлогийг нээлттэй танилцуулж, иргэдэд шаардлагатай хууль зүйн зөвлөгөө өгөх, гомдол мэдээлэл хүлээн авах зэргээр зарим үйлчилгээг газар дээр үзүүллээ.