Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гарсан хүн амины хэргийн сэжигтэнг эрэн сурвалжилж байна. Энэ сарын 3-ны шөнө 01:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн “Орчлон” хорооллын урд 36 настай эрэгтэй хутгалуулж, нас барсан байсныг тус хорооллын оршин суугч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу шуурхай албаны бүрэлдэхүүн хэргийн газарт очин үзлэг шалгалт явуулж, цогцсыг шүүх эмнэлэгт шилжүүлжээ. Харин уг хэргийг үйлдсэн этгээд хэргийн газраас оргон зайлсан бөгөөд одоогоор сэжигтэн этгээд тодорхойгүй байгаа тул цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.