Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гемодиалезийн тусламж үйлчилгээ хүлээгдэлгүй боллоо

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хооронд “Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан гемодиализ эмчилгээг санхүүжүүлэх гэрээ”, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага хоорондын гемодиализ эмчилгээ худалдан авах гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ боллоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д. Очирбат “Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох гемодиализ эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд учирч байгаа санхүүгийн хүндрэлийг арилгах зорилгоор үе шаттай хийгдэж байгаа ажлуудын нэг бол Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн тусламж, үйлчилгээг гүйцэтгүүлж, эмчилгээний чанар, үр дүнд хяналт тавьж, худалдан авах чиглэлээр хамтран ажиллахаар энэхүү гэрээг байгуулж байна” гэж онцоллоо.

Хүн амын нягтрал ихтэй Улаанбаатар хотод гемодиализ эмчилгээний хүлээгдэл ихтэйгээс шалтгаалан иргэд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад өндөр төлбөр төлж, эмчилгээнд хамрагдан санхүүгийн хүндрэлд орж байсныг арилгах зорилгоор Засгийн газраас 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар тус эмчилгээг гүйцэтгүүлэхийг дэмжсэн шийдвэр гарсанаар гемодиализ эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх чадавхи бүхий шаардлага хангасан хувийн хэвшлийн долоон эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулж, 140 гаруй үйлчлүүлэгч үнэ төлбөргүй эмчилгээнд хамрагдан, нийслэлийн хэмжээнд хүлээгдэлгүй боллоо.

2016, 2017 онд 16 аймаг, Нийслэлийн 6 дүүрэгт гемодиализийн 46 аппарат шинээр суурилуулж, хүний нөөц санхүүжилтийг шийдвэрлэн иргэд оршин суугаа нутагтаа тус эмчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй авах боломжийг бүрдүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд АйВиКо компани, орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн газрын санаачлага үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдах нь зүйтэй юм.

Одоогоор 16 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд 35 эрүүл мэндийн байгууллагын 161 аппаратаар нийт 571 иргэнд гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Цаашид эрүүл мэндийн яамнаас бөөрний эмгэгийг эрт илрүүлж, оношлох, эмчилгээнд эрт хамруулах, хянах үйл ажиллагааны эрх зүйн баримтыг шинэчлэн боловсруулж, эмч мэргэжилтнүүдийг сургахад анхааран ажиллах болно.

Ингэснээр бөөрний дутагдалд хүрэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, ард иргэдийн мэдлэг зан үйлийг сайжруулж, оношилгоо, эмчилгээ, хяналтыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү үйл ажиллагаанд боловсрол, эрүүл мэндийн бүх түвшний, төр хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо чухал байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *