Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өнөөдөр 08.30 цагаас ГЕГ-ын байцаагч С.Норжинсүрэнгийн хүү Б.Бадралд холбогдох хэргийг хэлэлцэж эхэллээ. Түүнийг 2013 оны аравдугаар сарын 30-нд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “Ice” буюу мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг хилээр оруулахыг завдсан хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 188.2-т зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.