Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт айлын хашаанд олон хүн нас барсан байна гэх дуудлага өнгөрсөн долоо хоногийн бямба гаригийн шөнө дунд тус дүүргийн цагдаагийн газарт иржээ. Уг дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газар ирэхэд 10 иргэн амиа алдсан байжээ. Улмаар цагдаагийн байгууллага уг хэргийн дагуу шалгалт явуулахад урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан байсан аж. Гол шалтгаан нь яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдгийг ЦЕГ-аас мэдээлсэн. Энэхүү харамсалтай хэргийн талаар Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны Засаг дарга С.Очиртой холбогдож тодруулахад “Харамсалтай хэрэг болсон нь үнэн. Талийгаачийн хувьд манай хороонд ганцаараа амьдардаг байсан юм билээ. Сүүлийн үед хэдэн хүмүүстэй нийлж, архи уугаад салахгүй байна гэх мэдээллийг бидэнд хөршүүдээс нь ирүүлж байсан. Харамсалтай нь өнгөрсөн бямба гаригийн шөнө хамт архидаж байсан хүмүүстэйгээ угаартаж, амиа алдчихлаа. Одоогийн байдлаар хэргийн газар холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж байгаа. Тэр шөнө цогцсуудыг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн авч явсан. Бидний хувьд тун харамсалтай байна. Амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье” хэмээв.
Энэхүү хэргийн талаар тус хорооны иргэн Б-ээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр “Талийгаач манай хорооны иргэн. Уулзаж ярьж байгаагүй. Тэдний хашаагаар согтуу хүмүүс байнга л орж гарч харагддаг байсан. Зарим үед хэрүүл шуугиантай. Заримдаа цагдаа ирчихсэн архи уучихсан хүмүүсийг нь авч явдаг байсан. Хашаандаа жижиг байшин, ганц гэртэй. Миний бодлоор тэр хавийн хүмүүстэй нийлж архидсан байх. Уг нь оройдоо дулаахан хонож байгаа. Айлууд өдөрт нэг л удаа галлагаа хийж байгаа байх. Хүмүүсийн ярьж байгаагаар энэ сайжруулсан түлшийг гадаа дулаахан байх үед түлэхэд угаартах эрсдэл нь илүү өндөр байдаг гэлцдэг. Тэр орой их дулаахан, бас салхигүй байсан. Өдөржингөө гал түлээгүй айлд шөнө гэнэт гал түлэхээр утаа, угаар гарах нь тодорхой байх. Манай зуух ч гадаа дулаахан, салхигүй байхад утаа их гардаг. Учир нь ханан пийшингээ буруу өрсөн гэдэг. Тэднийх ч гэсэн ийм зуухтай байсан байх. Ер нь гадаа дулаарчихсан үед шөнө орой гал түлэхгүй байх хэрэгтэй болов уу. Тэрнээс гадна түлшний хор их байна. Нүүрс, модноос угаартдаг. Гэхдээ сайжруулсан түлшний угаарын хорт чанар нүүрс, модноос илүү хөнөөлтэй байдаг гэх юм билээ. Энэ үнэн байх аа” гэв.
Ямартаа ч энэхүү хэргийн учир шалтгаан одоогоор тогтоогдоогүй, холбогдох албаныхан шалгалт явуулж байгаа гэх мэдээллийг өглөө.