Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс АТГ-н дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулсан хэмээн хэвлэлийн хурал зохион байгууллаа.
АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Бид авлигыг таслан зогсоох зарчим баримтлан ажиллаж байгаа. Олон нийтийн зөвлөл өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа хуралдаж, хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа. УИХ, Ерөнхийлөгчид авлигын эсрэг зөвлөмж хүргүүлсэн.
Мөн 102 иргэн ОНЗ-ийн төлөөлөлтэй биечлэн уулзсан. Бид 2018 оныг гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан. Олон нийтийн зөвлөлд ирүүлсэн иргэдийн саналаас АТГ-т дөчин гурван гомдол оруулж, үүнээс гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гурван хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. УБТЗ-ын гурван ажилтныг ажлаас нь халсан зэрэг хэрэг юм. Одоогоор бүрэн шийдэгдээгүй 15 хэрэг байгаа. Өмнө нь АТГ-т асуудлаа тавиад хариу авчихсан байсан таван гомдол байсан. Азийн сангийн 2016 оны судалгаагаар нэр хаяггүй АТГ-т гомдол хүсэлт гаргах хүсэлтэй гэдэг асуултад иргэдийг далан хувь нь тийм гэсэн хариулт өгсөн байна. Тэгэхээр иргэдийн дийлэнх нь авлигын эсрэг гомдол гаргахдаа нэр хаягаа тавихыг хүсэхгүй байгаа юм. Төмөр замтай холбоотой асуудлыг чимээгүй орхи гэж хүртэл надад хэлсэн. ШУТИС-ийн оюутнуудын төлбөрөөс 3-4 тэрбум төгрөг завшсан гээд өөр бусад 23 баримт бидэнд байгаа ч АТГ-т хүргүүлээгүй л байна. Х.Энхжаргал гэдэг хүнийг солиогүй цагт АТГ-т юу ч хүргүүлээд нэмэргүй. Х.Энхжаргал 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын дотнын найз. Тиймээс Х.Энхжаргалыг огцруулах саналыг бид өнөөдрийн хурлаар дэвшүүлж байна. Авлигын эсрэг хууль, эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ёстой” гэв