“Дархан газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн захирал, академич
Т.Намжимтай ярилцлаа.
-Н.Алтанхуяг,
Ш.Абэ хоёрын гарын үсэгтэй баримт бичигт Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд хамтарна гэсэн утгатай өгүүлбэр дурайж
байгаа. Гэтэл манай засаг газрын тосны үйлдвэр барина гэсэн санаанаасаа буцлаа гэсэн
яриа сонсогдох юм. Энэ үнэн үү?
-Энэ төслийн хэрэгжилтийн хувьд дотоодод саармагжих нөхцөл байдал
үүсээд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ засаг
ч биш л дээ. ҮАБЗ-өөс зөвлөмж гарсан байна лээ.
-ҮАБЗ-өөс
ямар зөвлөмж гаргасан юм бол?
-“Газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын тосыг ашиглах аргаар
бодож байгуулах хэрэгтэй” гэсэн ганцхан заалттай
зөвлөмж байна лээ. Дарханы үйлдвэрийн хувьд
дотоодын олборлосон тосны хэмжээ хүрэлцээтэй болж, зам тээврийн нөхцөл нь
бүрдвэл мэдээж дотоодын тосоо боловсруулж
таарна. Дотоодын тосны нийт нөөцийн 90 хувь нь Тамсагт бий. Олборлолтыг нь Хятадын
компани хийж байгаа. 24-25 хувь нь Монголд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ногдож
үлдсэнийг нь Хятадын компани авч байна. Түүхий
тосыг хаанаас ч авсан дэлхийн зах зээлийн үнэ үйлчлэх учраас эндээсээ худалдаж авахад
асуудалгүй. Ганцхан зам тээврийн нөхцөл гэсэн том асуудал бий.
-Зөвлөмж
бол шийдвэр биш. Засагт өөрт нь сонирхол байхгүй юм биш үү?
-Засгийн газрын хувьд газрын
тосны үйлдвэр байгуулах ийм том төсөлд сонирхолгүй байж болмооргүй л дээ.
-Гэхдээ
л шийдвэрийг Засгийн газар гаргана?
-Засаг үйлдвэр байгуулна гэсэн шийдвэрээ гаргачихсан байгаа шүү дээ.
-Н.Алтанхуяг
сайдыг “Нефтийн үйлдвэр барих төслийг хувийн хэвшлийн шугамаар хэрэгжүүлнэ биз дээ.
Дарханы үйлдвэр барих асуудал юу болж байгааг мэдэхгүй” гэж ярихыг телевизээр сонссон.
ҮАБЗ-ийн зөвлөмж, Дарханы үйлдвэрийг төрийн эзэмшилтэй барина гэсэн тохироог бодохоор
засагт өөрт нь учир бий гэсэн хар төрөөд байна л даа?
-Шууд тэгж хэлэх нь ч юу юм. Н.Алтанхуяг сайдыг телевизээр тэгж хэлэхийг
би ч гэсэн сонссон. Аймгуудын теле хурал дээр Дарханы Засаг дарга “Дарханд байгуулах
төсөл юу болж байгаа бол” гэж асуусан юм.
Төр хувь эзэмшихгүй гэвэл асуудалгүй. Хувийн хэвшил хэрэгжүүлээд явах бололцоотой.
Энэ төсөл анхнаасаа ийм зарчмаар явж байсан. Өмнөх Засгийн газрын үед төрийн оролцоог
40 хувь болгуулсан. Харин өнөөгийн Засгийн газар батлан даалт гаргана гээд төрийн
эзэмшлийг 51хувь болгосон юм.
-Дарханд
газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар өмнө нь гарсан шийдвэрүүдээр ярилцлагаа
үргэлжлүүлье. Засгийн газраас ямар ямар шийдвэр
гарлаа?
-Таны ярианыхаа эхэнд онцолсон баримт бичиг байна. Ноднин есдүгээр
сард Ерөнхий сайдыг Японд айлчлахад Н.Алтанхуяг, Ш.Абэ нар Стратегийн түншлэлийн
дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Энэ хөтөлбөрт “Хоёр орны Засгийн
газар Японы олон улсын хамтын ажиллагааны банк болон хувийн хэвшлийн хамтарсан зээлийн
хөрөнгөөр Монголын Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад үргэлжлүүлэн
хамтарч ажиллана” гэсэн заалт бий. Дараахан нь Ерөнхийлөгч Нью-Иоркоос Токиогоор
дайрч ирэхдээ Ш.Абэ Ерөнхий сайдын өргөөнд
зочилсон юм. Ш.Абэ анх удаа гадаадын төрийн тэргүүнийг өргөөндөө хүлээж авсан
нь тэр. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Манай хоёр орны Ерөнхий сайд нарын гарын
үсэг зурж байгуулсан стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх
талаар эрчтэй хамтран ажиллая” гэж мэдэгдэж байсан. Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн онд энэ төслийг хэрэгжүүлэх
талаар хэд хэдэн тогтоол гаргасан. 2013 оны нэгдүгээр сарын 22-нд есдүгээр тогтоол
гэж баталсан юм. Үйлдвэр барьж байгуулах үндсэн үүргийг УУЯ, ЭЗХЯ-нд, Японы олон
улсын хамтын ажиллагааны банктай зээлийн хэлэлцээр хийх үүргийг ЭЗХЯ-нд, зээлийн
баталгаа гаргах арга хэлбэрийг судалж, танилцуулах үүргийг Сангийн яаманд өгсөн
юм. Түүхий тосоор хангах үүрэг нь Уул уурхайн
яаманд оногдсон. Үйлдвэрийн хувьд ТЭЗҮ, зураг
төсөл нь бэлэн болчихсон. Манайд зээл олгох Японы олон улсын хамтын ажиллагааны
банк гэрээний төслөө өгсөн байгаа. ЭЗХЯ гэрээ
байгуулахад болж байна гэсэн хариу өгсөн. Ажил энэ мэтээр эрчтэй өрнөж байсан.
-Япон
Улстай засгийн түвшинд ярилцсан зүйлээсээ ийм амархан буцаж болдог юм байх даа?
-Хамтын түншлэлийн ийм том хөтөлбөр байгуулчихаад ухарвал олон улсын
ёс жудаг талаасаа мэдээж эвгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь хэдхэн сарын өмнө
хэлсэн үгнээсээ буцвал таатай харагдахгүй л дээ. Гадаад яаманд урьд жилүүдэд ажиллаж
байсан улс ч гайхаж байна лээ. Япон Улс өнгөрсөн хориод жилд манай улсад хоёр тэрбум
илүү ам.долларын буцалтгүй тусламж болон Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээл олгосон.
Сүүлийн хориод жил олон улсын санхүүгийн байгууллагаас олгосон зээл тусламжийн хэмжээтэй
харьцуулахад Японых дангаараа хамаагүй давж байгаа. Хоёр Ерөнхий сайдын гарын үсэг
зурж баталгаажуулсан хөтөлбөрт хоёр тоймтой юм орсны нэг нь Дарханы үйлдвэр. Нөгөөх
нь Хөшигтийн хөндийн онгоцны буудал. Метро ч яригдаж байгаа. Жишээ нь Япон л биднийг
метротой болгож чадна.
-Дарханы
шатахууны үйлдвэрийн төслийн явц ямархуу байгаа вэ?
-Тоёо инженеринг корпораци Техникийн зураг төсөл боловсруулах ажлыг
өнгөрсөн гуравдугаар сард дуусгасан. Одоо бариулах компанийг нь сонгох асуудал
яригдаж байна. “Тоёо инженеринг” компани
ТЭЗҮ, зураг төслийг нь боловсруулсан ч яг
барихыг нь өөр компани хийх төлөвтэй болоод байгаа. “Марубени” корпораци энэ сарын сүүлээр үйлдвэр
барих компанийнхантайгаа ирэх байх.
-ТЭЗҮ-д
Японы талаас багагүй мөнгө зарцуулсан байх аа?
-ТЭЗҮ-ийг Японы олон улсын хамтын ажиллагааны банкны зардлаар Японы
мэргэжлийн корпорациар хийлгэсэн. Сая ам.долларын буцалтгүй зардлаар хийсэн юм.
Учир нь Японы Засгийн газрын банк өөрсдийнхөө боловсруулсан ТЭЗҮ-ийг санхүүжүүлдэг
юм. Экспортын харьцангуй урт хугацаатай хямд хүүтэй зээл олгож дэмждэг.
-Ордтой
нь ойролцоо шатахууны үйлдвэр барина гэж ярьж байна. Дорнод, Чойр гэсэн хувилбар
байх шиг. Ингэхэд ордын хажууд газрын тос боловсруулах үйлдвэр барих нь эдийн засаг
талаасаа хэр ашигтай вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг хэрэглээний гол бүсэд нь байгуулдаг.
Олборлож байгаа газрынх нь дэргэд байгуулсан жишиг дэлхийн хаана ч байхгүй. Манай
улсын шатахууны нийт хэрэглээний 90 хувь нь төвийн бүсэд байдаг. Баруун, зүүн бүсэд
тав, таван хувь нь ногдож байгаа. Бидний ярьж байгаа боловсруулах үйлдвэрээс зургаа,
долоон төрлийн бүтээгдэхүүн гарна. Хэдэн төрлийн бензин, дизель, онгоцны түлш гээд
бүтээгдэхүүн бүрийг тусад нь тээвэрлэх учиртай.
Харин түүхий тос бол өөр. Тамсагаас вагонд ачаад үйлдвэрт хүргэчихнэ. Тээвэрлэлтийн
зардал талыг нь харвал газрын тосны үйлдвэр хэрэглээндээ ойр байсан нь илүү дээр.
Мөн боловсруулах үйлдвэрийг дэд бүтцийн нөхцөл
бүрдсэн газар байгуулах ёстой. Тээвэрлэх төмөр замаас гадна асар их цахилгаан, усны
хэрэглээ шаардана. Дарханд барих хоёр сая тонн түүхий тос боловсруулах үйлдвэрт
45 МВт-ын цахилгаан хэрэгтэй. Ийм хэмжээний цахилгааны хэрэгцээг хангах боломжтой
газар бол Дархан. Дорнод, Чойрт тийм хүчин чадал байхгүй. Энэ үйлдвэр хоногт 6800 тонн ус хэрэглэнэ. Энэ
хэмжээний усаар хангах усны байгууламжтай газар Дарханаас өөр байхгүй. Усны нөөцийн
хувьд Дархан усныхаа бүх байгууламжийг ЖАЙКА-гийн
шугамаар шинэчилсэн. Дархан ус суваг хоногт 70 мянган тонн ус нийлүүлэх хүчин чадалтай.
Дархан хотын одоогийн хэрэглээ нь 12 мянга гаруй тонн. Үйлдвэр ашиглалтад ороход
6000 гаруй тонн болно. Цаана нь тавиад мянган тоннын хүчин чадал үлдэж байгаа.
-Манай
газрын тосны одоогийн нөөц Дарханы үйлдвэрийн хэчнээн жилийн хэрэглээг хангах бол?
-Дорнодын хэмжээнд олборлох нийт нөөцийн хэмжээ 40 гаруй сая тонн.
Жилд хоёр сая тонныг боловсруулна гэхээр
хориод жилийн нөөц гэсэн үг.
-Оросын
талаас түүхий тосоо нийлүүлэхээ больчих вий
гэсэн болгоомжлол ҮАБЗ-д байсан юм болов
уу?
-Дотоодын нефтийн хэмжээ бага, үйлдвэр ашиглалтад орох хугацаанд
төмөр зам тавигдаж амжихгүй бол Эрхүүгийн нефтийн үйлдвэрээс түүхий тос авах тохироог 2010 онд хийсэн. Эрхүүгийн
нефтийн компани, “Монгол секью” компани,
“Марубени” корпорацийн төлөөлөл гэрээ байгуулсан юм. “Марубени” корпораци урьд нь
Эрхүүгийн нефтийн компанитай нефть, газын
салбарт хамтран ажиллах харилцан тохиролцооны меморандум байгуулсан байсан. Эрхүүгийн
нефтийн компани энэ хүрээндээ Японд болоод Зүүн хойд Азийн орнуудад түүхий тос болон
газын конденсац экспортлоход хамтрах тохироо хийсэн юм билээ. Бидний байгуулсан
гэрээ үйлдвэр ашиглалтад орж түүхий тос импортлох хүртэл хүчинтэй. Ийм тусгай заалт
оруулсан юм. Үүнийгээ баталгаажуулах үүднээс УУЯ, Дархан газрын тос боловсруулах
үйлдвэр компани, Японы Марубени корпорациуд
үндсэн гэрээ гэж байгуулсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр
байгуулсан энэ гэрээнд Эрхүүгийн нефтийн компаниас Дарханы үйлдвэрт түүхий тос нийлүүлэх
гэрээ байгуулахад Марубени оролцоно, Оросын
талаас түүхий тос нийлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсвэл “Марубени” ОХУ-аас Японд
импортолж авах түүхий тосноосоо Дарханы газрын тосны үйлдвэрт нийлүүлнэ гэсэн заалт
багтсан.
-Эрхүүгийн
нефтийн компани Японд түүхий тос нийлүүлж байгаа юу?
-Нефть, газын ордтой энэ компани Японд алс Дорнодын хоолойгоор түүхий
тос нийлүүлж байгаа. Өнгөрсөн онд гэхэд гурван сая тонн түүхий тос нийлүүлсэн. Түүхий
тосны хоолой явсаар Япон тэнгисийн эрэгт хүрч байгаа. Япон улс тэр хоолойгоор 40 сая тонн түүхий тос авч байна. Хэрвээ Оросын
талаас манайд нийлүүлэх боломжгүй гэвэл “Марубени” Япон руу импортолж байгаа тосноос нь Дарханы үйлдвэрт нийлүүлэх
үүрэг хүлээж байгаа юм. Үндсэн гэрээнд УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Марубени
корпорацийн нефтийн импортын асуудал хариуцсан газрын дарга бид гурав гарын үсэг
зурсан. Ердөө хэдхэн сарын өмнө байгуулсан гэрээ. Дахин хэлэхэд бидний үндсэн зорилго
бол мэдээж дотоодоосоо түүхий тос авах.
-Эрхүүгийн
компаниас нефть авах, Дорнодоос төмөр замаар нефть тээвэрлэх хоёрын зардлын зөрүүг
сонирхмоор байна?
-Эрхүүгийн нефтийн компаниас нүүрс авбал Наушкаар тооцоо хийгдэнэ.
Наушкаас Дархан хүрэхэд 121 км. Нэг тонн түүхий тосны зардал гурван ам.доллар байх
юм. Дорнодоос төмөр замаар түүхий тос татахад 30 орчим ам.долларын зардал гарна.
-Үйлдвэр
ашиглалтад орвол дотоодын зах зээлийн хичнээн хувийг хангах бол?
-Ойрын ирээдүйн хэрэглээг 100 хувь хангана.Өнөөдөр монголчууд жилдээ
сая 200 мянган тонн бензин, дизелийн түлш хэрэглэж байна. Дарханы үйлдвэр сая 600 мянган тонн бензин дизелийн түлш
үйлдвэрлэнэ. Нисэх онгоцны түлш, мазотын
хэрэглээг мөн бүрэн хангана. Хамгийн олзуурхмаар нь евро-5-аас дээш үзүүлэлтийн
шатахуун үйлдвэрлэнэ. Японы стандарт нь тийм л дээ. Дизелийн түлш, 95, 98 үйлдвэрлэнэ. Хойд хөршөөс
авч байгаа дизель түлш хүхрийн агуулга, хар тугалга ихтэй. Энэ үйлдвэрээс
гарах түлш хар тугалганы агуулгагүй байна. Хүхэргүйгжүүлэх байгууламжтай байх юм.
Үйлдвэрт байх 16 техникийн байгууламжийн нэг нь л дээ. Ес нь Японы патенттай тоног
төхөөрөмж, долоо нь Францын “Аксенс” компанийн патенттай. “Аксенс”-ийн дэд ерөнхийлөгчтэй лицензийн нууцлалын гэрээ байгуулсан байгаа. Европын
орнууд Оросоос авсан дизелийн түлшээ дахин боловсруулж хэрэглээнд гаргадаг. Манайд
ажиллаж байгаа гадаадын уул уурхайн том компаниуд “машин техник стандартын бус шатахуунаас
болж эвдрээд байна, стандартын түлшээр хангаач” гэсэн шаардлага тавьдаг нь ийм учиртай.