Categories
гадаад мэдээ

Газпром болон “CNPC” 10 тэрбум шоо метр хий нийлүүлэх гэрээ байгуулав

Энэ арын 4-ний өдөр Газпром болон БНХАУ-ын төрийн өмчит нефтийн компаниуд 10 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх урт хугацааны гэрээг байгуулсан тухай мэдээлсэн. Тэгвэл уг гэрээний дэлгэрэнгүйг Тасс агентлаг онцолжээ.

ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх “хоёр дахь” гэрээг үзэглэсэн нь хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд чухал алхам боллоо гэж талууд мэдэгджээ. Талууд энэ жил нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ 48 тэрбум шоо метрт хүргэх нь Сибирийн хүч 1-ээр урсах байгалийн хийтэй “нийлүүлэн тооцоолсон” үзүүлэлт юм.

ОХУ-ын хий дамжуулах хоолойн хий нь тус улсын зүүн хэсгийн, хамгийн том хийн тээврийн систем болох “Сибирийн хүч-1”-ээр дамжин Хятадад хүрдэг. “Сибирийн хүч-1” хий дамжуулах хоолойн экспортын хүчин чадал нь жилд 38 тэрбум шоо метр юм. “Газпром” болон Хятадын төрийн өмчит нефтийн компаниуд 2014 онд 30 жилийн гэрээг үзэглэж, 2019 оны арванхоёрдугаар сард Оросын байгалийн хий “Сибирийн хүч-1” хоолойгоор дамжин Хятадад хүрч эхэлсэн юм.

Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр Газпром компани “Союз Восток” хийн хоолойн төслийн, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан тухай мэдэгдсэн юм. Уг хоолой нь манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болж, БНХАУ-д жилд 50 тэрбум шоо метр хийн нийлүүлэх юм. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хийн хоолойн нийт урт 962.9 км болно. Төслийн барилгын ажил 2024 онд эхэлж, 2027-2028 онд ашиглалтад орох төлөвтэй байна гэж Тасс агентлаг онцолжээ.

Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчлах үеэрээ Казахстанаар дамжуулан 10 жилийн хугацаанд 100 сая тонн газрын тос нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Түүхий эдийг Хятадын баруун хойд хэсгийн үйлдвэрүүдэд боловсруулж, тус улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээг хангах болно гэж Роснефть онцлон тэмдэглэлээ. 2005 оноос хойш Роснефть БНХАУ-д 445 сая тонн газрын тос нийлүүлсэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *