Уг нь төрийн далбаа ямагт өндөрт, тэргүүн дээр, Төрийн ордны орой дээр намирдагсан. Наадмаар машин тэрэгтэй улсууд нь жижиг, том хэмжээтэй далбаа хийсгэн монголоороо омогшдог. Сүүлийн жилүүдэд наадам дөхөхөөр далбааны наймаа худалдаа эрс идэвхиждэг болсон. Замын хоёр талаар зогссон наймаачид далбаагаа бөөн бөөнөөр нь зарна. Гүйлгээ ихтэй үе нь одоо болохоор аргагүй л дээ. Гэвч алив зүйлд хэм хэмжээ гэх зүйл бий. Далбаа ямар ундаа юм уу, эсвэл бохь юм уу. Энэ бол төрийн бэлгэдэл агуулсан эрхэм зүйл. Эрхэм зүйлийг эрхэмлэх л ёстой. Гэтэл далбааны бизнес эрхлэгчид төрийн далбаагаа гудамжны шороотой хутгаад, газарт зоочихсон зарж байна.
Эсвэл төрийн далбаа тэнгэрт биш газарт “манддаг” болсон цаг уу. Үүнд холбогдох яам тамгын газар, мэргэжлийн байгууллагууд нь хяналт тавьж, энэ төрлийн бизнес эрхлэгчид нь далбаатайгаа хүндэтгэлтэйгээр хандахгүй бол алтан соёмбот далбаа маань хог шиг л хотын гудмаар хөглөрөх нь байна шүү.
Д.САРУУЛ